



















Францад 1984 оноос хойш хоригдож байсан Ливаны зүүн жигүүрийн үзэлтэй, палестинчүүдийг дэмжигч, тэмцэгч Жорж Ибрахим Абдаллаг өнгөрсөн Баасан гарагт суллагдаж, Бейрут хотод газардав. Түүний суллагдахыг долдугаар сарын 17-нд Парисын давж заалдах шүүх баталсан бөгөөд Францаас нэн даруй гаргах болзолтойгоор шийдвэрлэсэн. Ингэснээр Европын орчин үеийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд хоригдсон улс төрийн хоригдлуудын нэгний хэрэг хаагдаж байна.

Баасан гарагт Жорж Абдаллаг Бейрут хотын Рафик Харири олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, улмаар Ливаны талд шилжүүлэгдсэн байна. Дэмжигчдийнх нь хувьд энэ бол удаан хүлээлгэсэн шударга ёсны ялалт бол заримд нь тэрээр зүгээр л түүхийн бүдэг бадаг дурсамж юм. Гэсэн ч түүний эх орондор ирснийг Ливанд билэг тэмдэгтэй үйл явдал гэж үзэж байна.
Түүний ах Роберт Абдалла:
“Энэ мөч сэтгэл хөдлөлөөс илүүтэйгээр 40 жилийн тэвчээр, эсэргүүцэл, ялгаварлал, шүүхийн маргааны үр дүн юм. Энэ бол ностальги (хуучны дурсамж) биш, цаг хугацаа, шударга ёсны оргил үе” гэжээ.
Жорж Абдаллаг 1987 онд АНУ-ын цэргийн атташе Чарльз Роберт Рэй болон Израилийн дипломат Yаков Барсимантоф нарыг хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял авчээ. Тэрээр шууд оролцсоноо үргэлж үгүйсэж ирсэн ч Палестиныг дэмжигч, пан-арабист чиг баримжаатай, гадаадын (ялангуяа Израилийн) цэргийн хүчийг Ливанаас хөөн зайлуулах зорилготой Ливаны "Зэвсэгт Хувьсгалт Бүлэг" нэртэй марксист бүлгийг хамтран үүсгэн байгуулалцсан гэдгээ хэзээ ч үгүйсгээгүй.

Хэдийгээр 1999 онд ял оноосон хугацааны доод хэмжээгээ гүйцээсэн ч, АНУ, Израилийн улс төрийн дарамтаас үүдэн шүүхийн суллах шийдвэрүүд нь удаа дараа хүчингүйд тооцогдон, Францын Ланнмезан шоронд 40 жил хоригдсон юм. Тэрээр уучлал хүсэхээс тууштай татгалзсаар иржээ.
Түүнийг угтан авах бэлтгэл олон жилийн өмнөөс явагдаж байсныг сэтгүүлч, идэвхтэн Кэтрин Дахер хэлсэн байна.
“1999 онд ял нь дууссан тэр цагаас хойш бид түүнд зориулсан хүлээн авалтыг бэлдэж ирсэн. 2003, 2013, 2024 онуудад түүнийг суллах шүүхийн шийдвэрүүд гарсан ч улс төрийн шалтгаанаар хэрэгжээгүй. Тэр бол Европын хамгийн удаан хоригдсон улс төрийн хоригдол байлаа.”
Одоо 74 настай тэрээр Ливаны хойд хэсгийн Qoubaiyat тосгонд ирж байгаа нь зүгээр нэг энгийн иргэнээс илүүтэй улс төр, түүх, үзэл санааны бэлгэдэл болж байна.
Түүнийг хүлээн авах ажиллагаанд төрийн албан тушаалтнууд, улс төрчид, гэр бүл, түүнийг дэмжсэн үндэсний кампанит хөдөлгөөн, оюутны бүлгүүд, хэвлэл мэдээлэл, хүний эрхийн байгууллагууд, синдикатууд, соёл урлагийн төлөөллүүд, Франц зэрэг орнуудаас дэмжлэг үзүүлсэн гадаадын зочид оролцжээ.

Ливаны Коммунист Нам түүнийг "Эсэргүүцлийн тод тэмцэгч" хэмээн нэрлэж, тавтай морил гэсэн бол Хезболла түүнийг "Эсэргүүцлийн хөдөлгөөний баатар", "Дарлагчдын эсрэг нэр төрийн тугийг өргөсөн хүн" гэж магтжээ.
Харин Ливаны Христийн намууд болох Ливаны Хүчнүүд ба Катаеб зэрэг намууд ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Улс төр, нийгмийн сэтгэл судлаач Рамзи Абу Исмаилын тайлбарласнаар:
“Тэр бол Христийн шашинтан хүн боловч, иргэний дайны үеийн Палестины зэвсэгт бүлэглэлүүдтэй нэгдэж, шашны бүлэглэл хоорондын улс төрийг няцааж байсан нь христийн намуудын "христийн нийгмийг хамгаалах" хандлагад нийцэхгүй байсан.”
Ливаны Хүчнүүд намын хэвлэлийн төлөөлөгч Шарбел Жаббур:
“Иргэний дайны үе дууссан. Абдаллаг ялаа эдэлсэн. Одоо энэ хуудсыг бүрэн хаах ёстой. Өөр тайлбар байж болохгүй” гэж FRANCE 24-д ярьжээ.
Өнөө үеийн залуусын дунд түүний нэр бараг танигдаагүй, улс төрийн сонирхлоос хөндий, эдийн засгийн хямрал, улс төрийн гацаа, гадаад руу дүрвэх хандлага зэрэг өнөөгийн асуудлууд илүү чухал сэдэв болсныг судлаачид онцолж байна.
Гэвч түүний хөрөг зураг дахин олон нийтийн сүлжээгээр тарж, заримд нь түүнийг зэвсэгт тэмцэгч бус, үзэл бодлынхоо төлөө тууштай зогссон хүн гэж харагдаж байна.
Нэгэн түүхч ингэж хэлжээ:
“Тэр заримд нь баатар, заримд нь үгүй. Харин олонх залуусын хувьд бол түүхийн бүдэг үеийн л хүн юм.”











