



















Товч агуулга
-Бүх улсын бүрэн эрхт байдал хамгаалагдах ёстой гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгдэв.
-Венесуэлийн Ерөнхийлөгч Мадуро Даваа гарагт буюу өнөөдөр АНУ-ын шүүхээр орно.
-Мадурог баривчилсан нь “Хятадад том цохилт болсон” гэж БНХАУ-ын албаны хүн хэлэв.
-БНХАУ дипломат нөлөөтэй томоохон улс болох амбицтай.
АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Ямар ч улс өөрийгөө дэлхийн шүүгч мэт аашлах”-ыг Бээжин хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ.

“Бид хэзээ ч нэг улс өөрийгөө дэлхийн цагдаа байж чадна гэж итгэж байгаагүй, мөн аль ч улс дэлхийн шүүгч байж болохыг хүлээн зөвшөөрөхгүй,” хэмээн Ван И ням гарагт Бээжинд Пакистаны Гадаад хэргийн сайд Ишак Дартай уулзах үеэрээ мэдэгдсэн. Тэрээр АНУ-ыг шууд нэрлэлгүйгээр Венесуэльд болсон “Гэнэтийн үйл явдлууд”-ыг дурдсан байна.
“Олон улсын хуулийн хүрээнд бүх улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал бүрэн хамгаалагдах ёстой,” хэмээн Хятадын тэргүүн дипломат нэмж хэлсэн нь, бямба гарагт 63 настай Мадуро нүд нь боолттой, гавлагдсан байдалтай дүрс бичлэгүүд цацагдан Венесуэлийн иргэдийг цочирдуулснаас хойших анхны байр суурь нь байв.
Мадуро одоогоор Нью-Йорк хотын саатуулах төвд хоригдож байгаа бөгөөд Даваа гарагт хар тамхины хэрэгтэй холбоотойгоор шүүхэд очихоор хүлээгдэж байна.
Хятад улс дипломат бодлогын жинтэй тоглогч, нөлөө бүхий гүрэн болох амбицтай бөгөөд энэ зорилгоо 2023 онд Саудын Араб, Ираны хоорондын гэнэтийн эвлэрлийг зуучилснаараа хамгийн тодорхой илэрхийлж, “Дэлхийн халуун цэгүүдэд бүтээлч үүрэг гүйцэтгэнэ” гэж амласан юм. Шинжээчид БНХАУ АНУ-тай худалдааны хэлэлцээнд шууд тулж, амжилттай өрсөлдөж чадсан нь Бээжингийн өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлсэн гэж үздэг.
Гэвч Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Венесуэлийн засгийн газрыг түр хугацаанд удирдана гэж мэдэгдсэн нь 2023 онд байгуулсан Бээжин–Каракасын “Бүх цаг үеийн иж бүрэн стратегийн түншлэл”-д ноцтой сорилт болж байна. Энэхүү түншлэл нь хоёр орны дипломат харилцааны бараг 50 жилийн түүхийг баталгаажуулсан алхам байв.
“Энэ бол Хятадын хувьд том цохилт болсон. Бид Венесуэлд найдвартай түнш байхыг хүсэж байсан,” хэмээн Мадурог баривчлагдахаас хэдхэн цагийн өмнө Хятадын Латин Америк, Карибын тэнгисийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Цю Шяочитай уулзсан уулзалтын талаар мэдээлэл авсан Хятадын засгийн газрын нэгэн албан тушаалтан хэлжээ.
Тэдний хэлснээр, Мадурогийн хүү 2024 онд Хятадын хамгийн өндөр зэрэглэлийн сургууль болох Бээжингийн их сургуульд сурахаар ирсэн бөгөөд тэрээр уг сургуульд 2016 онд элсэн орсон юм.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс 2017 онд АНУ болон түүний холбоотнууд Венесуэлд тавьсан хориг арга хэмжээг чангатгаснаас хойш тус улсад эдийн засгийн “амьсгалын аппарат” болж ирсэн. 2024 онд Хятад Венесуэлээс ойролцоогоор 1.6 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсан нь хамгийн сүүлийн бүтэн жилийн статистикаар батлагддаг юм.
Гаалийн мэдээллээс харахад, Хятадын худалдан авалтын бараг тал хувь нь түүхий нефть байсан бөгөөд Америкийн Enterprise Institute судалгааны төвийн (Хятадын гадаад дахь компанийн хөрөнгө оруулалтыг хянадаг) мэдээлснээр, Хятадын төрийн өмчит нефтийн томоохон компаниуд 2018 он гэхэд Венесуэлд ойролцоогоор 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.





