




















Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуулиар намууд есдүгээр сарын 2-ны өдөр орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчдийнхээ нэрсийн жагсаалтаа гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байх ёстой. Нийслэлийн Монгол Ардын Намын хороо өчигдөр /2024.09.02/ хуралдаж, 2024 оны орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгуульд тухайн намаас нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэн баталлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүрэг /СХД/-т нэр дэвшихээр боллоо. Харин НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг Хан-Уул дүүрэг /ХУД/-т нэр дэвшүүлэхээр болжээ.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахын тулд өнгөрсөн наймдугаар сард хэд хэдэн нийгмийн судалгаа явуулсан.
Нийслэлчүүд ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт хийх цаг хугацаа учраас инженер, эдийн засагч, хуульчид илүүтэй түлхүү төлөөлбөл зүйтэй юм гэдэг хариулт өгсөн судалгааны дүн гарчээ.
Ингээд энэ судалгааны дүнг үндэслэж нийслэлийн МАН-аас нэр дэвшигчдээ тодруулжээ. "Манай нэр дэвшигчид дотор Монгол Улсад хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн менежментийн багийг ахалж ажилласан зөвлөх инженерүүд, Монгол Улсын барилгын залуу зөвлөх инженерүүд бий. Мөн хот төлөвлөгч, олон улсын банк санхүүгийн зах зээл дээр ажиллаж байсан санхүүчид, эдийн засагчид, Монголын хуулийн салбарын шилдэг төлөөллүүд багтсан. Түүнчлэн өмнө нь нийслэл, дүүргийн ИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулж байсан нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөллүүд бас бүрдсэн. Энд нэг зүйлийг дурдахад, бид өнгөрсөн зун болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй хүмүүсийг дэвшүүлэхгүй гэдэг зарчим барьсан" гэж хотын дарга Х.Нямбаатар тайлбарлажээ. Мөн нийслэлийн МАН-ын хороо “Хотын сэргэлт”, “20 минутын хот” хөтөлбөрөө Үндэсний аудитын газраар хянуулж, нийслэлийн Сонгуулийн хороонд өргөн бариад байна.
ХУД-т МАН-аас НИТХ-д нэр дэвшигч Л.Хосбаяр нь инженер, Нягтлан бодох бүртгэл, Эрх зүйч мэргэжилтэй, удирдлагын ухааны магистр зэрэгтэй. Түүний ажлын туршлагын тухайд,
2006-2009 онд Монголын хоршоологчдын холбооны нягтлан бодогч,
2009-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Нягтлан бодогч, Референт, Ахлах референт, Дотоод аудитор, Захиргаа, санхүүгийн удирдлагын хэлтсийн дарга,
2020-2023 онд ХЗДХЯ-нд Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга,
2023 оны 10 дугаар сараас НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан юм.











