



















Мягмар гарагт Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон "БНХАУ-ын дарамтад Тайван өртөх ёсгүй бөгөөд Бээжингийн энэхүү кампанит ажлын эсрэг барууны орнууд Тайбэйтэй эдийн засаг, улс төрийн харилцаагаа идэвхжүүлэхийг уриалав"
Борис Жонсон нь Тайваныг зорьсон гуравдахь Их Британийн Ерөнхий сайд асан бөгөөд түүнээс өмнө Лиз Трасс 2023 онд, Маргарет Тэтчер 1990-ээд онд тус арлыг зорьж байсан ажээ. Түүний Тайванд хийсэн айлчлал нь Их Британи, БНХАУ хоёрын харилцааг тогтворжуулахыг эрмэлзэж буй цаг үед буюу одоогийн Ерөнхий сайд Кеир Стармер энэ онд Бээжинд айлчлахаар төлөвлөж буй үетэй давхцсан байна.

Их Британи бусад олон улсын нэгэн адил Тайвантай албан ёсны дипломат харилцаагүй боловч эдийн засаг, соёлын салбарт нягт хамтын ажиллагаатай юм.
Сүүлийн жилүүдэд Бээжин Тайванын эсрэг цэргийн болон дипломат дарамт өрнүүлэх кампанит ажлыг эрчимжүүлсэн бөгөөд өдөр тутмын цэргийн үйл ажиллагаа явуулж, тус арлыг БНХАУ-ын нутаг дэвсгэр хэмээн зарлаж буй нь Тайбэйгийн засгийн газрын эрс эсэргүүцэлтэй тулгарч байна.
Жонсон Тайбэй хотноо Ерөнхийлөгч Лай Чин Тэтэй уулзахдаа хэлэхдээ:
"Нэн хүнд, хурцадмал энэ үед Барууны бүх орнууд Тайвантай эдийн засаг, улс төрийн харилцаагаа хөгжүүлэх ёстой. Бусад улсын шахалтаас айж, Тайван руу хийж байсан алхмуудаасаа ухрах цаг огт биш" гэж тэр мэдэгдсэн байна.
Жонсон мөн Лай Чин Тэгийн албанаас нийтэлсэн видео бичлэгт:
"Тайванийг БНХАУ дээрэлхэх ёсгүй. Энэ бол эрх чөлөөтэй, энхтайванч нийгэм. Ийм маягаар сүрдүүлэгдэх ямар ч үндэслэл байхгүй. Үүнд ямар ч ашиг байхгүй, тэр сүрдүүлэг аль болох хурдан зогсоосой гэж найдаж байна" гэж хэлжээ.
БНХАУ-ын Тайваний асуудал хариуцсан алба Ройтерсын тайлбар хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна. Өмнө нь Бээжин Их Британийн хууль тогтоогчдын Тайванд хийсэн айлчлалуудыг “БНХАУ-ын дотоод хэрэгт оролцож байна” хэмээн буруушааж байв.
Борис Жонсон Тайбэйд төвтэй “Prospect Foundation” нэртэй бодлогын судалгааны байгууллагаас зохион байгуулсан аюулгүй байдлын форумд илтгэл тавихаар уригдсан ба уг форумд Тайванийн Ерөнхийлөгч Лай мөн оролцжээ.
Форумын үеэр Лай Чин Тэ мэдэгдэхдээ:
"Манай холбоотнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, 'ардчилсан хангамжийн сүлжээ' байгуулна" гэжээ. Мөн тэрээр 2026 онд батлан хамгаалах зардлаа ДНБ-ийхээ 3%-аас дээш болгож нэмэгдүүлэхээ амласан байна.
“Хэрэв ардчилсан орнууд нэгдэж, бат бөх дэлхийн ардчилсан сүлжээг байгуулж чадвал бид эдийн засгийн илүү их хөгжил цэцэглэлтийг бий болгож, ардчиллаа улам бататгаж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж Лай нэмж хэлжээ.











