



















"Монголын ард түмнээ мөнхөрсөн "Анхны долоо" гэх тодотгол 1921 онд Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайхран зүтгэсэн эх орончдын эв нэгдэл, итгэл үнэмшил, эх оронч үзлийн тодотгол. Мөн өнөөгийн Монгол Ардын Намын түүх, улс төрийн соёл, үлгэр дуурайлал байсаар ирсэн юм. Тэгвэл түүхэн долоогийнхоо нэрээр нэрлэгдсэн “Анхны долоо” сан байгуулжээ. Энэ сан нь цаашид нийгэм, улс төр, бодлогын судалгааны хүрээнд намын гишүүд, дэмжигчид, ард иргэд, залууст чиглэсэн сургалт судалгаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэний нийгмийг бэхжүүлж, тусгаар тогтносон Монгол Улсын боловсролтой, ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой" хэмээн өөрийн мэдээллийн хэрэгслүүд дээр МАН-ын нийтэлжээ.
Жирийн иргэн сонсоход ихээхэн гэгээлэг зорилготойгоор Монгол Ардын Намын одоогийн удирдлагуудУлстөрийн намын тухай хуулийн 19.2-ийг үндэслэн “Анхны Долоо” сангаа байгуулж байна.
Улс төрийн намын тухай хуулийн 19.2-т “Намын бодлогын судалгааны байгууллага сангийн хэлбэртэй байж болох бөгөөд үйл ажиллагаа, санхүүгийн тайланг энэ хуульд заасан журмын дагуу тайлагнах үүрэгтэй” гэж заасан байдаг.
2023 оны долдугаар сарын 07-ны өдөр шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуульд (2020-оос 2024 онд МАН нь УИХ-д үнэмлэхүй олонхи байсан) 19.2 гэсэн заалтыг тус намын УИХ-ын гишүүд бодлоготойгоор шигтгэсэн байхыг үгүйсгэхгүй. Удахгүй энэ заалтыг ашиглаад АН, ХҮН гээд намууд ар араасаа алдартай аавын хүү, ээжийн охины нэртэй нэрэмжит сангуудыг байгуулах биз. “Санхүүжилт” гэдэг үгний үндэс нь “Сан” юм.
Монгол Ардын Намын удирдлагууд 2023 онд сонгогчдын боловсрол үнэхээр “ТЭГ” заасан болохоор “Анхны Долоо” санг байгуулаагүй нь тодорхой. Тэдний нүдэнд ирээдүйн олон олон сонгуулийн “Санхүүжилт”-ийг яаж босгох вэ гэдэг асуулт буй. Үүнийхээ хариулт болгож энэ санг байгуулж байна уу даа гэсэн хардах эрх ард бидэнд бий.
Монгол Ардын Намынхан “Анхны Долоо”-ын нэрийг ашиглаад анх удаа ч сан байгуулаад мөнгө олох гэсэн юм биш. Долоон тийшээ харсан “Анхны Долоо”-г ашиглахдаа МАН-ынхан гаргуун. Тээр жил Ж.Мөнхбат зохиолыг нь бичиж “Анхны Долоо”-ийн тухай “Долоон Бурхан Харвадаггүй” хэмээх кино хийж байсныг та үзсэн байлгүй дээ. Эндээс л “Анхны Долоо”-ын нэрийг ашиглаж ард түмнээсээ оноо авах МАН-ын санаа цухалзаж эхэлсэн. Харин жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдөр тэднээр нэрлэсэн “Сан” байгуулж санаа нь ажил хэрэг боллоо.
“Анхны Долоо”-ийн тухай хэзээ ч баймгүй зураглалтай кино нь нэг тэрбумын ашиг олоод баярласандаа 400 саяын цаг зүүж, үнэтэй орон сууц авсан гэсэн боловч жирийн иргэд битгий хэл намынх нь журмын нөхөд Ж.Мөнхбатад итгээгүй тул тэрээр гомдоод МАН засаглах үед гадаад улс руу “Харван одсон” байдаг.
МАН-ынхан мэдээж мөнгөтэй ямар мөнгөгүйдээ “Анхны Долоо”-гоор сүүдэр ший хийж цулайтал баяжсан Ж.Мөнхбат Ардчилсан намын Ч.Сайханбилэгийн араас гадаадад (БНСУ байгаа сураг гардаг) очиж хэвтээд хоёр жилийн нүүр үзэхэв дээ. Ж.Мөнхбатын хувьд “ШҮҮР” ажиллагаа ажилладаггүй.
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойн өдөр нээсэн “Анхны Долоо” сангийн нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нараас авхуулаад сайд, УИХ-ын гишүүд бултаараа оролцсон нь бичлэгт мөнхөрлөө. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар санг нээж хэлсэн үгэндээ “2025 оны нэгдүгээр сараас улс төрийн намуудын тухай хууль хэрэгжиж эхэлснээр улстөрийн намууд бодлогын нам болон төлөвших чиглэлээр эрх зүйн орчин бүрдсэн. Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эдгээр хүмүүсийнхээ үйл ажиллагааг сурталчилан таниулах, иргэдийнхээ улс төрийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх залуучуудыг боловсролтой болгох чиглэлээр сургалт, хөтөлбөрийг зарлах зорилготойгоор “Анхны Долоо” санг байгуулсанаа дахин тодотгон хэлж байна” гэсэн юм. “Анхны Долоо” сангийн нээлт ийнхүү сүртэй боллоо. Сүртэй нээсэн сангийн үйл ажиллагаа цаашид яаж явах бол гэдэг нь үнэхээр айдас төрүүлэм буйг нуух юун.
Намын хажууд хүрээлэн, сан байдаг уу гэвэл байдаг ажээ. Тухайлбал АНУ-ын Бүгд найрамдах намын хажууд “Бүгд найрамдахчуудын олон Улсын Хүрээлэн” гэж байдаг. 1983 онд байгуулсан энэхүү хүрээлэн нь Бүгд Найрамдах Намын гишүүдээс бүрдсэн дэлхий даяар ардчиллыг хөгжүүлэх зорилготой ашгийн бус байгууллага. Тус хүрээлэнгийн үйл ажиллагааны санхүүжилтийг АНУ-ын Засгийн Газар, АНУ-ын Конгрессаас авдаг бөгөөд хувийн корпорациуд, сангийн хандиваас бүрддэг байна. Америк бол санхүүгийн хяналт шалгалт өндөртэй дэлхийд тэргүүлдэг орон. Тиймдээ ч хувь хувьсгалын тэр дундаа намын дэргэдэх, хүрээлэн сангуудыг АНУ-ын хууль хяналтынхан нь хянаж чаддаг. Харин манайх шиг авилгад идэгдсэн бүүр нам доторх фракц, бүлэглэл нь хамжаад улсын хөрөнгийг тоночихдог, улстөрчид нь увайгүй, улсын хажууд УИХ-д олонхи, мөн Засгийн эрх барилцаж буй Монгол Улсын хамгийн том нам ийнхүү “Анхны Долоо” сан байгуулсан нь цаашид мөнгө угаадаг томоохон байгууллага болох уу гэдэг асуултад одоогоор хэн ч хариулж чадахгүй нь тодорхой. Магадлалтай гэдгийг бол намын ахмад кадрууд нь ч хүлээн зөвшөөрөх биз.
Төрийн мөнгө хэдэн тэрбумаар “Анхны Долоо” сан руу урсахгүй гэсэн баталгаа байхгүй. Түүнд дээр томоохон компаниудын ашиг хандив нэрийн доор их хэмжээгээрээ урсана. “Анхны Долоо” сан нь “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийн хүрээнд байгуулсан “Баялгийн Сан”-гаас илүү баян болчихгүй гэх газар үгүй. Тус сан руу зүглэх нүүрсний мөнгө балрахгүй байх гэж хардмаар. Монгол Ардын Нам анх удаа сан байгуулсан ч юм биш. Байгуулсан сангийнх нь “БУЛАЙ” түүх балраагүй л байна.
Тухайн үедээ хотын дарга асан М.Энхболд, түүний менежер байсан М.Бадамжунай нар “Улаанбаатар сан”-г утгаар нь ашигласан гэгддэг. Угтаа бол нийслэл хотыг хөгжүүлэх, хот тохижилтыг сайжруулах хотын төсвийн чадамжийг нэмэгдүүлэх гэсэн гоё нэртэйгээр Ерөнхий сайд, Улаанбаатар хотын дарга асан Ардчилсан намын Ж.Наранцацралт байгуулсан боловч 1999-2006 он хүртэл хотын дарга хийж байсан Монгол Ардын Намын гишүүн М.Энхболдын (Дараа нь Ерөнхий сайд болсон..) үед сангаар ихээхэн хэмжээний мөнгийг угааж, луйвардах эхлэлийг тавьсан байдаг. Харин 2015 онд одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус санг татан буулгасан түүхтэй.
Түүх гэдэг хоржоонтой шүү. Ардчилсан намын гишүүн байгуулж, ардын намынхан цусалж, араас нь намынх нь залуу гишүүн татан буулгасан байдаг. Саяхан хүртэл гадаадаас ирэх мөнгөгүй болчихоод сандарч явахад нь улс зардлыг нь дааж эх оронд нь олон жилийн дараа авч ирсэн М.Бадамжунай гэх хүний нэр хотын менежер байхаас нь эхлүүлэн “Улаанбаатар сан”-тай зүйл бүрээр холбогдоно. Цаашлаад Улаанбаатар банк гээд яривал энэ сангийн мөнгө угаалт бол яндаж боломгүй далай. Тэгэхээр сангаар дамжуулж МАН-ыг яаж санхүүжүүлж, дундаас нь өөрсдөө яаж цувчуулдаг, тонож дээрэмддэг талаар бол МАН-ынханд хэдэн боть болох гарын авлага бий.
Монголын Ардын Намд М.Энхболд, М.Бадамжунай, Н.Энхбаяр, Л.Энэбиш гээд авилгатай нэр холбогдоод байдаг сайн ах нар олон. Бүгдэээрээ одоо амьд сэрүүн болоогүй эрх мэдлээ тавиагүй байгаа. Тэдний тоосонд нь биш мөр зэрэгцэж явсан нөхөд одоогийн Монгол Ардын Намын удирдах түвшинд бас л олон, түүний нэг нь Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар тэрээр ах нараасаа их ч юм сурсан нь тодорхой.
Тиймдээ ч өнөөдөр МАН-ын удирдлагууд “Анхны Долоо” санг байгууллаа гэж хардах үндэстэй. Одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ч өөрөө нээх баасгүй бурхан ч биш. Түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-гаас зээл авсан нь илэрч нөхөр нэг хэсэг улс төрд чимээгүй болсон. “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-ын хэрэг намжингуут Я.Содбаатар төрөлх намдаа эргэн ирж Ерөнхий нарийн бичгийн дарга болсон.
Болсноор барахгүй бүүр “Анхны Долоо” нэртэй сан байгууллаа. Я.Содбаатар санд татагдаад байна уу эсвэл сан Я.Содбаатарыг татаад байна уу? гэлтэй энэ хоёр арга билэг мэт таараад байна.
Өнөөдөр Я.Содбаатар “ТОМ” ах нь болчихсон дүү нартаа зааж зааварлахаар “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга” гэсэн гоё албан тушаалыг орхиод Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичиг болон тогоондоо эргэн ирээд удаагүй ердөө жил ч хүрээгүй. УИХ-ын дарга асан Ш.Занданшатар хийх ажилгүй болоод, ажилд авч оронд нь Я.Содбаатарыг МАН-ын тогоо руу шидээгүй нь мэдээж. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “баяртай” гээд зүгээр ч явуулаагүй.
Одоо чинь хамгийн ойр ямар сонгууль 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль хүлээж байна?
Ингэхэд Монгол Ардын Нам “Анхны Долоо” нэртэй сан байгуулж яг яах гэж буй юм бол? гэсэн асуулт руугаа эргэе. Ер нь бол долоо гэдэг тоо Монголчуудад хэзээнээс ээлгүй. Бүүр дордохын долоо ч гэж ярьдаг. 1921 оны хувьсгалыг хийсэн “Анхны Долоо” адаг сүүлдээ бие биенээ алаад дууссан гэдгийг түүхэнд цагаан дээр хараар биччихсэн. Түүх уншдаггүй бол Ж.Мөнхбатын зохиолыг нь бичсэн “Долоон бурхан харвадаггүй” киног үзнэ биз. Тухайн үеийн ЗХУ-ын чекистүүдийг л анхны долоог алсан гэж гүтгээд байдаг болохоос эрх мэдлийн төлөө гадныхантай хуйвалдан бие биенээ алж оросуудын зууш болсон нь бодит үнэн шүү дээ.
Монгол Ардын Нам “Анхны Долоо” сан байгуулж яг яах гээд байна? гэсэн асуултыг та бас МАН-ын удирдлагуудаас асуугаад үзээрэй. Гучин жил бидний улстөрийн боловсролд анхаараагүй сонгуульд ялсан нам гэнэт таны миний боловсролд анхаарах гээд Улс төрийн намын 19.2 ашиглаад “Сан” байгуулж байна гэхээр итгэдэг бол сайхан онигоо байгаа биз?
МАН-ынхан Улс төрийн намын тухай хуулийн 19.2 ийг ашиглаад “Анхны Долоо” сангаа байгуулсан, одоо тэдэнд уг хуулийн 33 дугаар зүйлийг ашиглаж хуулийн дагуу санхүүжилтээ татах үлдлээ. Бусад намаасаа тэргүүнд сэтгэдэг МАН-ынхан супер шүү дээ.











