




















Товч агуулга
-Мьянмарт улсын сонгуулийг НҮБ, хүний эрхийн байгууллагууд болон зарим улс орнууд шударга бус хэмээн шүүмжилж байна
-Эхний шатны санал хураалтын ирц 2020 оныхоос хавьгүй бага байгааг иргэд хэллээ.
-Сонгуулийг гурван үе шаттайгаар явуулж байгаа бөгөөд эхний шат Ням гарагт эхэллээ.
-Цэргийнхэн 2021 онд төрийн эрхийг булаан авснаас хойш дөрвөн жилийн дараа энэхүү сонгууль болж байна.
-Мьянмарт иргэний дайн үргэлжилж, тогтворгүй байдал улам гүнзгийрч байна.
Иргэний дайны буулган дор шударга, үнэн зөв болно гэдэгт ноцтой эргэлзээ дагуулсан Мьянмарын бүх нийтийн сонгуулийн эхний шат Ням гарагт өндөрлөлөө. Энэ нь 2021 оны цэргийн эргэлтээс хойшхи анхны сонгууль бөгөөд эхний шатны санал хураалтад оролцогч сонгогчдын ирц маш сул байгаа шинж тэмдэг ажиглагдсан байна.

Цэргийн эргэлтийн дараа арми ардчиллын төлөөх эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр нухчин дарж, улмаар улс даяар зэвсэгт бослого дэгдээд байгаа ч цэргийн дэглэм уг сонгууль нь өдрөөс өдөрт ядууран доройтож буй Зүүн өмнөд Азийн энэ улсад улс төрийн тогтвортой байдал авчирна хэмээн мэдэгдэж байгаа аж.
Гэвч уг сонгууль нь олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа юм.
НҮБ болон барууны зарим орнууд, хүний эрхийн байгууллагуудын зүгээс, цэргийн засаглалыг эсэргүүцэгч намууд сонгуульд оролцох боломжгүй, мөн сонгуулийг шүүмжлэх нь хууль бус нөхцөлд энэхүү санал хураалт нь шударга, итгэл даахуйц, чөлөөт бус болж байгааг онцолж байна.
2020 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Ардчиллын төлөөх үндэсний лиг (NLD)-ийг удирдаж байсан, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи-г цэргийнхэн төрийн эргэлтийн дараахан баривчилсан бөгөөд тэрбээр одоо ч хоригдсоор байгаа юм. Түүний удирдаж байсан намыг татан буулгасан.

Сонгууль дараах шаттай болно.
Шар өнгө – 1-р үе шат (2025.12.28)
Ногоон-цэнхэр – 2-р үе шат (2026.01.11)
Цэнхэр – 3-р үе шат (2026.01.25)
Саарал – сонгууль явуулахгүй бүс нутгууд. Босогчдын мэдэлд байгаа газар нутаг юм.
ЦЭРГИЙНХНИЙ ДЭМЖЛЭГТЭЙ НАМ ЯЛАЛТАД ОЙРХОН БАЙНА
Тэтгэвэрт гарсан генералуудаар удирдуулж, нийт нэр дэвшигчдийн тавны нэгийг дэвшүүлсэн цэргийн талынхны Холбооны эв санааны нэгдэл, хөгжлийн нам (USDP) сонгуульд ялах магадлал хамгийн өндөр магадлалтай байгаа гэж Тайландын Касетсарт их сургуулийн багш, Мьянмар судлаач Лалита Ханвонг хэлжээ.
“Цэргийн дэглэмийнхний зохион байгуулж буй энэ сонгууль нь ард түмнийг дарлах цэргийн засаглалыг удаан хугацаанд хадгалж үлдэх зорилготой,” хэмээн тэр онцолсон.
“USDP болон армитай холбоотой бусад намууд нэгдэн дараагийн засгийн газрыг бүрдүүлнэ.”
Сонгуулийн өмнөх сул дорой сурталчилгааны явцад хамгийн идэвхтэй, харагдаж байсан нам нь USDP байлаа. 2010 онд байгуулагдсан тус нам нь сөрөг хүчнийг бойкотлосон сонгуульд ялж, 2015 он хүртэл цэргийн дэмжлэгтэйгээр улс орныг удирдаж байсан хэдий ч дараа нь Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөөх Үндэсний Лиг намд (NLD) үнэмлэхүй ялагдал хүлээсэн юм.
СОНГОГЧДЫН ИРЦ ИЛТ БАГА БАЙГАА НЬ АЖИГЛАГДАВ
Ням гарагт болсон санал хураалтад оролцсон иргэдийн ирц 2020 оны сонгуультай харьцуулахад мэдэгдэхүйц бага байсан гэж Мьянмарын янз бүрийн хотуудад амьдарч буй 10 оршин суугч Reuters агентлагт мэдээлжээ.
Дараагийн санал хураалтын шатууд 2026 оны 1 дүгээр сарын 11 болон 1 дүгээр сарын 25-нд болох бөгөөд Мьянмарын нийт 330 сумаас 265 нь хамрагдана. Гэвч цэргийн засаглал улсынхаа бүх нутаг дэвсгэрт бүрэн хяналт тогтоож чадаагүй тул зарим нэг сумдуудад сонгууль болохгүй юм.










