



















Өнөөдөр Улаанбаатарын цагаар үдийн 15:00 цагт Монгол Ардын Намын VI бага хурал хуралдаж Ардчилсан Нам, Хөдөлмөрийн Үндэсний Намын зарим нэг гишүүдийн амьжиргааг дэнсэлнэ. “Амьжиргаа” гэдэг нь хүний өдөр тутмын хэрэгцээг хангахад шаардлагатай хоол хүнс, орон байрандаа зарцуулах орлого, эд хөрөнгө, амьдрах нөхцөлийн цогц ойлголт юм.

Хэрвээ МАН-ын VI бага хурлаас цаашид АН, ХҮН намынхантай Засгийн Газарт хамтрахгүй гэсэн шийдвэр гарвал
Ардчилсан Намд хувиарлагдсан
-Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
-Эдийн засаг, хөгжлийн яам
-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
-Хууль зүй, дотоод хэргийн яам
-Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд
Хөдөлмөрийн Үндэсний Намд хувиарлагдсан
-Монгол Улсын Шадар сайд
-Боловсролын яаманд
ажилд орсон сайдын зөвлөхөөс эхлүүлээд мэргэжилтэн хүртэл тухайн намын гишүүд ажилгүйчүүдийн эгнээ рүү наадмаас өмнө шилжинэ. МАН засгаа бүтэн авбал 2025 оны долоодугаар сарын 11-нд болох наадам, найртай сайхан болох юм.
Улстөр гэдэг өөрөө ийм хоржоонтой. АН, ХҮН-ээс төрийн өндөр албан тушаалд тавигдаж хөөрч тэмдэглэж байсан ч жил хүрэхгүй хугацаанд төрийн албаа алдахад хүрээд байна.
Хэрвээ МАН-ын гомдогсдын бүлэг “амбиц”-аа дараад улс орныхоо ирээдүйг харж шийдвэр гаргаж засагт АН, ХҮН -ийг үлдээж болно. Үүнийг бол МАН-ынхан элбэг чадна. Харамсалтай нь ингэж үлдээлээ гээд аль 90-ээд оноос Ардчилсан Намд хараагдсан мэт болчихсон дотоодын тэмцлийг нь яаж ч чадахгүй.
МАН-ын оролцооны ч хэрэггүй засгаа өөрсдөө самарчих хэмжээний нөхөд Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, С.Цэнгүүнээр тогтохгүй ар араасаа дугаарлаад зогсож байгаа, ахмадуудаас Дашдондогийн Ганбат, Одонгийн Цогтгэрэл, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин гээд хөдлөөд эхэлсэн. АН-ынханд энэ зан үйл бүүр уламжлал болж тогтоод үе залгамжилж байгаа. Үе залгамжлах ч гэж дээ намын бүтцээ ойлгоогүй албан тушаал, амбицаа дарж чаддаггүй хүмүүсээр намаа бүрдүүлдэг, намын залгамж халаагаа бэлдэж чаддаггүйтэй нь холбоотой. Өдий болтол дээрээ ч доороо ч төлөвшиж чадаагүй. АН-ын удирдлагууд нь засагт хамтарчхаад байхад гадаа ахмадууд нь засаг огцруулах гарын үсэг цуглуулаад намынхаа даргыг элдэв өнгөөр хэлж, гурил цацалцаж суугаа.
Гэтэл МАН-ын ахмадууд хаана байна? Төрийн ордонд тоотой л харагдаж байгаа. Б.Даш-Ёндонгоос Н.Энхбаярт, Н.Энхбаяраас- М.Энхболдод, М.Энхболдоос С.Баярт, С.Баяраас- Сү.Батболдод, Сү.Батболдоос-У.Хүрэлсүх, У.Хүрэлсүхээс Л.Оюун-Эрдэнэд гээд үе уламжлагдаад тамгаа шилжүүлсэн удирдлага нь улстөрийн үйл явцыг хөшигний араас хардаг уламжлалтай. Мэдээж тэд зааж сургаж байгаа, үгийг нь ч залуу гишүүд нь дагаж байгаа.
Харамсалтай нь өнгөрсөн зууны 90-ээд онд л Ардчилсан Хувьсгалын үед байсан Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Х.Баттулга (дундуур нь орж ирсэн ч АН-ын буяныг эдлэхээрээ нэг болсон. Даанч бөөс мэт салдаггүй) Д.Сосорбарам нар одоо ч сүнс сүүдэр шиг АН-аас салж өгөхгүй оршсоор л байна. Магадгүй АН-аас эдгээр эрхмүүдийг “үхэл” цаг хугацааны шүүлтүүрээр салгах бололтой.
АН-ын гишүүдийг харахаар заримдаа ер бусын хүмүүсийн нэгдэл гэлтэй Үүнийгээ АН-ынхан “Дотоод ардчилал” гэж тайлбарладаг. Үгүй энэ бол Ардчилал биш анархизм. Тэдгээр хүмүүст “Ардчилал”-ын тухай ямар ч ойлголт байхгүй. Бүүр намын сахилга бат, эв нэгдэл, удирдах удирдуулах ёсны тухай яриад ч хэрэггүй. АН-ынхны хувьд хувь хүний эго буюу араншингаас л шалтгаалж хэрүүл тэмцэл хийдэг үү! Аядуу зөөлөн байдаг уу! гэдэг нь харагдана. Ах захаа хүндлэх, үгийг нь сонсох соёл энэ намд хумсны толион чинээ л байгаа. Мэдээж хэсэг бүлэг хүн үзэл санаагаараа эвлэлдэн нэгдээд төрийн эрх авахын төлөө зүтгэж байгаа болохоор муунуудаасаа сайн нь илүү байж өдий хүртэл Монголын улстөрд хоёрдох хүчнийхээ байр суурийг алдаагүй явсаар ирсэн. Гэхдээ дэндүү удаан төлөвшил нь энэ намыг засаг бариулахгүй нь бололтой.
Лувсаннямын Гантөмөр 2023 онд намын дарга болсноор энэ намд тоонын үзүүрээр нар цухуйж эхэлсэн. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-тай хэлэлцээрт орж намдаа 6-н яамыг авч чадсан. Зандаахүүгийн Энхболд 2016 оны сонгуульд намаа удирдаж, 2020 оны сонгуульд Содномзундуйн Эрдэнэ намаа удирдаж ороод ялагдсаны дараа засагт хамтарсан явдал. Гэтэл түүний хоёр жил хүрэхгүй хугацаанд зүтгэж ирсэн зүтгэлийг өнөөдөр 15:00 цагт МАН-ынхан шийдэх болчихлоо. МАН-ынхан АН, ХҮН-тэй цаашаа хамтрахгүй гэж шийдвэл Лу.Гантөмөрийн хичээл зүтгэл талаар болно.
МАН-ынхан АН, ХҮН-ийнхэнтэй цаашид засагт хамтрахгүй л болов уу. Хамтрахыг 2024 онд шинээр гишүүн болсон гишүүд дэмжиж байгаа болохоос хамгийн багадаа хоёр удаа гишүүн болж үзээд улстөрд хат сууж байгаа гишүүд нь бол эсэргүүцэж байгаа. 100 жилийн түүхтэй энэ намд 2024 онд хоосон хоцорсон гомдогсдын бүлэг байгаа гэдгийг мартаж болохгүй. АН, ХҮН-тэй хамтарснаар яамдынхаа тоог нэмж чадсан МАН гомдогсдын бүлэгтээ 8 сайд, яам, агентлагийн дарга нарынхаа суудлыг хуваарилахад тус намд бүх зүйл байр байрандаа багтчихна.
Хамтарсан засгийн төлөвлөсөн 14 мега төслийн хамгийн хүнд сорилттой тулгарах улстөрийн хувьд уначих магадлалтай байсан хоёр гол төсөл болох “Монгол Францын Хамтарсан Ураны Төсөл”, “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын төсөл”-ийг явуулж чадсанаас гадна ОХУ-тай асуудал үүсгэдэг “Эгийн гол усан цахилгаан станцын төсөл” оросуудтай хэл амаа ололцоод явах магадлалтай болсон. Үүнийх нь төлөө ХҮН-ийн дарга Т.Доржханд, АН-ын дарга Лу.Гантөмөр нарт талархах ёстой. Монгол Улсын хувьд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Бусад 11 төсөл нь хөрөнгө нь байвал АН, ХҮН-тэй хамтарсан хамтраагүй шийдэгдэх асуудал. Ирэх 2027, 2028 оны сонгуульд МАН эдгээр том төслүүдийг хөдөлгөсөн баатрын дүрээр гарч ирнэ гэж тооцвол АН, ХҮН-ийг засагт үлдээх нь МАН-д үнэхээр ашиггүй.
Тиймээс л АН, ХҮН-ийнхэн засгаас гарч гишүүд нь амьжиргаагүй үлдэх гээд байгаа юм шүү дээ.
МАН-ын VI бага хурлаас гарах шийдвэрийг чих тавин хүлээх л үлдлээ.











