



















Хүүхдийг хөрөнгө мөнгөнөөсөө дор үзсэн эдгээр нөхдийг дэлхий даяар шуугин, олон хүнийг цочирдуулсаар байгаа БНСУ-ын алдарт "Squid Game" цувралын дүрүүдтэй харьцуулж үзье . Санхүүгийн хямралд орсон хүмүүс амьд гарахын тулд үхлийн аюултай тоглоомд оролцож, хэдхэн хүн баяжихын төлөө бусдын амийг эрсдэлд оруулдаг тогтолцоог энэ кино шүүмжилдэг. Гэтэл Монголд үүнтэй төстэй бодит нөхцөл байдал оршин тогтнож буйг бид тэр бүр анзаардаггүй. Энэ бол хүүхдийн өвөл, хаврын морин уралдаан юм.
Зун намрын дэлгэр сайхан цагаараа уралддаг морины уралдааныг эсэргүүцэх нэг ч Монгол хүн үгүй гэдэгт итгэлтэй байна.
Монголд өвөл, хаврын хахирган цагаар хүүхдийг морь унуулж уралдуулж, бооцоо тавьж, уяач, зохион байгуулагч нар нь ашиг олдог тогтолцоо "Squid Game"-тэй олон талаараа төстэй.
"Монголын Морин Спорт Уяачдын Холбоо"-ноос зохион байгуулсан морьтой эрчүүдийн жагсаал нь өвөл, хавар хурдан морины уралдааныг зохион байгуулахыг шаардсан зүй бус шаардлага байсан юм. Харамсалтай нь уг шаардлагыг удахгүй "Нүд аних" дээрээ тулчихаад байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар хүлээн авч зөвшөөрснийг түүний тэнхимийн гишүүн хоёр сайд болох Л.Энх-Амгалан, С.Амарсайхан нар гарч ирэн бахдалтайгаар хийсэн мэдэгдэлд цухалзсан. Шүүхийн шийдвэрийг үл тоосон Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газрын гишүүд өвөл, хавар морь уралдуулах шийдвэрийг тухайн аймаг орон нутагт өгсөн нь шууд утгаараа зөвшөөрсөн явдал боллоо. Бид холбооны улс биш учраас аймаг, сум өөрийн эрх мэдлээрээ шийдвэр гаргаж чадахгүй. Нутагтаа засаг даргаасаа илүү нөлөөтэй, хөрөнгөтэй уяачдын Засгийн Газарт хүргэж чадсан "лоббиг" нэг Засаг дарга эсэргүүцээд хаа холдох билээ.
1. Уралдааны зохион байгуулагчид – "Front Man"
"Squid Game"-ийн бүх тоглолтыг удирдаж, тоглогчдыг хянадаг Front Man нь хүүхдийн морин уралдааны томоохон уяач, зохион байгуулагчдыг санагдуулна. Тэд морь уралдуулж, бооцоо тавиулж, шагнал олгож, бүх үйл явцыг гардан хянадаг. Хүүхдийн аюулгүй байдлыг тэд анхаардаг уу? Эсвэл зүгээр л системийг ажиллуулахыг хүсдэг үү? Тэд системийг ажиллуулахыг хүсэхээс хүүхдийн аюулгүй байдалд анхаарсан гэдэг ч ачир дээрээ өчүүхэн ч анхаардаггүй. Хурдтай хүчтэй "Эрлийз" морин дээр морьдсон хүүхдүүд хөлдүү газар дээр унах, мориндоо чирүүлэхэд тэд ямар байдлаар аюулгүй байдлыг нь хангах нь үнэхээр тодорхойгүй юм.
2. Бооцоо тавигчид – "VIP"-ууд
"Squid Game"-д хар масктай VIP-ууд тоглолтыг сонирхон үзэж, хэн үхэж, хэн амьд үлдэхийг харж, бооцоо тавьдаг. Монголын өвөл, хаврын морин уралдааныг үзэж, бооцоо тавьдаг баячууд, эрх мэдэлтэй хүмүүс яг ийм үүрэг гүйцэтгэдэг. Тэдэнд хүүхдийн аюулгүй байдал биш, хэн түрүүлэх, хэн хожих нь л сонирхолтой.
3. Морь унаач хүүхдүүд – "Тоглогчид"
"Squid Game"-ийн тоглогчид ядуу, өртэй, амьд гарахын тулд аргагүй эрхэнд тоглоомд оролцдог. Морь унаач хүүхдүүд ч мөн адил. Тэд сонголттой юу? Үгүй. Ихэнх нь хөдөөний ядуувтар айлын хүүхдүүд. Гэр бүл нь мөнгө олохын тулд, зарим нь уламжлалаа дагахын тулд морь унуулдаг. Гэтэл энэ нь эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулж байгааг хэн тоож харж байна вэ? Ээж аав нь ч гэсэн морь унаж уралдахгүй байгаа ч тоглогчид юм. Тэд хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндээр хохирч үлддэг.
4. Хянагчид – "Soldiers"
"Squid Game"-ийн хар хувцастай хянагчид тоглогчдыг шахаж, дүрмийн дагуу тоглуулах үүрэгтэй. Морин уралдааны талбарт энэ үүргийг уяач нар, уралдааны зохион байгуулагчид гүйцэтгэнэ. Тэд хүүхдүүдийг хурдан давхиулахыг шаардаж, морийг ташуурд гэж зааж, утсан холбоогоор зандчиж, айлгаж, дарамталж осолдсон хүүхдийг анхаарахгүй өнгөрөх нь ч бий. Бүүр мориныхоо мөнгийг гаргуулах гэж шүүхддэг гэхээр тэд бол хүрэл зүрхтэнгүүд юм.
5. Гэмгүй хохирогчид – "Али"
"Squid Game"-ийн Али бол гэнэн, шударга, ядуу залуу. Тэр амьдрахын тулд тоглоомд оролцдог ч систем түүнийг ашиглаж, эцэст нь золигт гаргадаг. Монголын өвөл хаврын морин уралдааны хүүхдүүд ч яг ийм. Хүүхэд бүхэн түрүүлэхгүй. Уралдаан болгоноор хүүхэд унаж бэртэнэ, гэмтэнэ, бүр амь насаа алдана. Гэтэл тэдэнд өөр сонголт байна уу? Тэднээс саналыг нь асуудаг уу? Тэд айж байна, морь унахгүй гэж хэлэх эрхгүй.
6. Системийг эргэцүүлэн бодогч – "Сон Ги Хүн"
"Squid Game"-ийн гол дүр Сон Ги Хүн тоглоомын дараа энэ бүхнийг буруушааж, системийн шударга бусыг ухаардаг. Морин уралдаанд оролцож байсан зарим уяачид, уралдаанч хүүхдүүд том болоод энэ бүхнийг эргэцүүлэн бодож, эсэргүүцэх нь бий. Тэдний зарим нь энэ системийг өөрчлөхийг хүсдэг ч, хүчтэй тогтолцооны өмнө юу ч хийж чадалгүй үлддэг. Үүний тод жишээ нь улсын начин, өв соёлоо хадгалагч тод манлай уяач Ц.Дуламсүрэн гуайтай ижил юм.
Эцэст нь... Хэн хожиж, хэн хохирч байна вэ?
"Squid Game"-ийн төгсгөлд хэдхэн хүн баяжиж, бусад нь сүйрдэг. Хүүхдийн морин уралдаан ч ялгаагүй. Уяач нар, бооцоо тавигчид, зохион байгуулагчид хождог бол хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч, зарим нь амь насаа алддаг.
Бид уламжлал гэх нэрийдлээр хүүхдийн эрхийг зөрчиж буй энэ тогтолцоог хэзээ өөрчлөх вэ? "Squid Game"-ийн тоглогчид шиг биш, өөр сонголттой нийгмийг хэзээ бүтээх вэ? Тийм нийгмийг ард иргэд үү? эсвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Амарсайхан уу гэдэг асуулт бидэнд нээлттэй үлдэж байна.
Харин тэд хэнтэй төстэй вэ?
Сайд С.Энх-Амгалан – Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд байсан хүн. Харин шинэ Засгийн Газар бүрэлдсэнээр одоо тэр Гэр Бүл Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд хийж байна. Squid Game-ийн тоглоомын зохион байгуулагч, дүрмийг баримтлагч Front Man-тай төстэй байж магадгүй. Front Man тоглоомын журам сахиулдаг шиг, сайд өвөл хаврын морин уралдааныг зөвшөөрч, зохион байгуулахтай холбоотой шийдвэр гаргаж байна.
Шадар сайд С.Амарсайхан – Тэр Засгийн газарт томоохон албан тушаал хашиж, өргөн хүрээний шийдвэрүүд гаргасаар ирсэн. Тиймээс Squid Game-ийн VIP-үүдтэй төстэй байж болох юм. VIP-үүд тоглоомыг гаднаас нь ажиглаж, хувь тавиланг нь шийдэж байдаг шиг, тэр ч бас уралдааныг хянаж, томоохон шийдвэр гаргаж хавар, өвлийн морин уралдааныг зохион байгуулахад гар бие оролцож байгаа хүн.











