Улсын төсвийг өргөн барьж, хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн төсвийн орлого, зарлага хэт тэлж байгаад эмзэглэх эдийн засагчдын тоо нэмэгдэж байна. Учир нь ирэх оны төсөв өмнөх оноосоо даруй 10 их наяд төгрөгөөр тэлж орж ирж байгаа нь инфляцыг дахин хөөргөх эрсдэлийг нэмэгдүүлж буй.

Ирэх онд манай улс 41.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 43.6 их наяд төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна. Өөрөөр хэлбэл орлогоосоо давсан зарлагатай төсөв хэлэлцүүлдэг жам энэ удаад ч мөн тасрахгүй нь. Энэ хэмжээний мөнгө эдийн засагт орж ирэхэд зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, улмаар үнийн өсөлтийн дарамт үүсэх нь ойлгомжтой.
Хэдийгээо Төвбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлж, зах зээл дээрх мөнгөний урсгалыг хумих замаар инфляцыг тогтоон барихыг хичээх ч төр өөрөө төсвийн зардлаар эдийн засагт асар их мөнгө нийлүүлж байгаа нөхцөлд мөнгөний бодлого дангаараа үр дүн гаргахад амаргүй. Энгийнээр хэлбэл, арван цоргоор мөнгө урсаж байхад ганц цоргыг хаагаад урсгалыг зогсоох нь бэрх.
Тиймээс энэ удаагийн төсвийн хамгийн том эрсдэл нь зөвхөн алдагдалдаа биш, эдийн засгийн хэт халалтад оршиж байж мэднэ.
Нэмээд хоёр жил дараалан сонгуультай. Сонгуулийн циклд орж байгаа нь төсвийн дарамтыг улам гааруулна. Сонгуулийн өмнөх жилүүдэд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, иргэдэд чиглэсэн халамж, тойргийн хөрөнгө оруулалт зэрэг зардал өсөх хандлага уламжлал болсон.
Энэ нь төсвийн мөнгө сонгуулийн амлалт, цалин, тэтгэвэр, тэтгэмж болон төрөл бүрийн хөрөнгө оруулалтын хэлбэрээр эдийн засагт тархах боловч үйлдвэрлэл, бүтээмжийг дагаж өсгөхгүй бол эцэст нь иргэдийн гар дээр үлдэх бодит орлого нэмэгдэхээсээ илүү үнийн өсөлтийн шок болж эдийн засаг сэхээнд орох хэмжээний дарамтад улсаараа гулсана.
Өөрөөр хэлбэл, төр иргэдэд мөнгө өгч байгаа мэт боловч инфляц өсөхөд тэр мөнгөний худалдан авах чадвар багасна гэсэн үг. Тиймээс төсөв тэлэх бүрд “иргэдэд хэдийг өгч байна вэ” гэдгээс илүү “энэ мөнгө эдийн засагт ямар өгөөж бий болгох вэ” гэдэг асуултыг асууж байх нь чухал.
Төсвийн бас нэг зориулалт бол Засгийн газрын тогтвортой байдлын баталгаа. Хэт тэлсэн төсөв зөвхөн эдийн засгийн агуулга төдий биш. Улс төрийн тогтвортой байдлын хэрэгсэл.
Тойргийн болон жагсаалтын гишүүдэд төсвөөс хэр ихийг өгнө тэр хэрээр Засгийн газрын нас тодорхойлогддог нь жам.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Өнөөдөр эрх баригч нам доторх байр суурийн зөрчил, жигүүрлэлт, Засгийн газрыг дэмжих эсэх асуудал нь төсвийн хэлэлцүүлэгтэй энэ утгаараа шууд огтлолцоно.
Ардчилсан нам ч Засгийн газрыг огцруулах байр суурь илэрхийлж байгаа нь мөн л төсөв горьдсон “шантааж” шахуу. МАН дотор хоёр хуваагдсан 28-ын талынхан Засгийн газрыг унагаах бус тогтвортой, хэмнэлттэй ажиллахыг шаардаж буй гэх мэдээлэл бий. Энэ нь намын эв нэгдлийг хадгална. Гэхдээ хямгатай бай гэх анхааруулга бас сануулга. Мөн улстөрийн дотоод тохироо.
Мөн Н.Номтойбаяр сайдаар ахлуулсан Үндэсний эвсэл Засгийн газрыг хамгаалах байр суурьтай байгаа нь ч төсвийн оролцоо, эрх баригчдын хамгаалалтын урвал.
Энэ бүхнийг нийлүүлээд харахаар Н.Учралын Засгийн газар ойрын хугацаанд унана гэдэг улс төрийн хувьд худлаа гэх дүгнэлтэд хүрч болно.
Гэхдээ Засгийн газар тогтвортой байна гэдэг нь төсвийн бодлого зөв байна гэсэн үг биш. Харин ч улс төрийн тогтвортой байдлыг хангахын тулд төсвийг хэт тэлэх аваас эдийн засгийн тогтворгүй байдлын үүдийг нээж иргэдийг гудманд жагсааж мэднэ.
Уг нь Н.Учралын Засгийн газрын хамгийн том давуу тал нь эдийн засгийг тэлэх боломжтой томоохон төслүүдийг хөдөлгөх хүлээлт юм. Эхнийх нь энэ сард Монголд айлчлах БНХАУ-ын дарга Ши Жиньпиний оролцоотойгоор эхлүүлэхээр төлөвлөж буй Хөнгөн цагааны төсөл . Энэхүү төсөл зүүн аймгуудын эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлж, улмаар улсын эдийн засгийн өсөлтөд тодорхой түлхэц өгнө гэсэн хүлээлт арвин. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түшиглэн баруун аймгуудад дата төвүүд байгуулах, нийт 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах томоохон төсөл COP17 дээр яригдаж талууд эхний гарын үсгээ зурцгаасан. Ирэх оны гуравдугаар сараас эхлэхээр төлөвлөж буй энэ төсөл л гэхэд 50 мянган ажлын байр бий болгоно гэж амлаж байгаа.
Хэрэв энэ мэт том төслүүд бодитоор хэрэгжиж, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал урсаж эхэлбэл, шинэ үйлдвэрлэл, ажлын байр бий болгож чадвал Монгол Улс “мөнгөгүй” бус, харин “мөнгө ихдэх” гэсэн өөр асуудалтай нүүр тулж мэднэ.
Тиймээс МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралд урагшлуулах томоохон төслүүд байна. Харин эдгээр төслийг хэр хурдан, хэр үр ашигтай хөдөлгөж чадахаас Засгийн газрын эдийн засгийн үр дүн хамаарна. Улстөрийн замналынх нь ч зураг илүү тодорно.
Гол нь том төслүүдээ бодитоор хөдөлгөж, төсвийн зардлыг бүтээмж бүхий хөрөнгө оруулалттай уялдуулж чадвал өнөөдрийн “халуун” төсөв маргаашийн өсөлтийн эхлэл байж мэдэх юм.









