



















Ирэх долоо хоногт БНХАУ-д болох "Ялалтын баяр"-т БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хамт оролцоно гэж Хятадын албаны эх сурвалж мэдэгдлээ. Энэ нь түүхэн ач холбогдолтой айлчлал болохоор байна.
Уг үйл явдал АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Кимтэй уулзах хүсэлтэйгээ илэрхийлснээс хэдхэн хоногийн дараа тохиож байгаа юм. АНУ-ын Цагаан ордон Украйны дайныг зогсоох хэлэлцээрт зуучлах оролдлого хийж буй энэ үед Кимийн гадаад айлчлал онцгой ач холбогдолтой болох нь тодорхой.

БНХАУ Японы милитаристуудыг буулгаж авсан "Ялалтын баяр"-ын парад есдүгээр сарын 3-нд болно. Энэ өдөр Япон улс албан ёсоор бууж өгч, Дэлхийн II дайн төгссөний 80 жилийн ой тохиох юм.
Энэхүү арга хэмжээ нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинд томоохон дипломат ялалт болж байна. Тэрээр Бээжин төвтэй дэлхийн шинэ дэг журмыг байгуулахыг эрмэлзэж буйгаа удаа дараа илэрхийлсэн.
Путин, Ким нарын хамтаар нийт 26 орны төрийн тэргүүн (Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч багтах нь тодорхой) баярт оролцох төлөвтэй байна. Энэ нь 1959 оноос хойш Хойд Солонгосын удирдагч БНХАУ-ын "Ялалтын баяр"-ын арга хэмжээнд анх удаа оролцож буй тохиолдол юм.
Ялалтйн баярын үеэр БНХАУ хамгийн сүүлийн үеийн зэвсэглэлээ, тэр дундаа хэдэн зуун онгоц, танк, дроны эсрэг системүүдээ харуулах төлөвтэй байна. Энэ нь Хятадын АРДЫН ЧӨЛӨӨЛӨХ армийн шинэ бүтэц, хүчин чадлыг бүрэн хэмжээгээр дэлгэн үзүүлэх анхны парад болох аж.

Өндөр зохион байгуулалттай уг парадад хэдэн арван мянган цэргүүд Тяньаньмэний талбайгаар жагсаж, Хятадын ардын чөлөөлөх армийн 45 анги, нэгжийн бүрэлдэхүүн оролцоно. Мөн ахмад дайчид оролцох аж.
70 минут үргэлжлэх парадыг Ши Жиньпин биечлэн удирдан хянана. Барууны шинжээчид болон ажиглагчид анхааралтай ажиглах нь тодорхой.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Пхеньянтай олон арван жил "уламжлалт найрамдалтай" байснаа магтаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын тулд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.
2015 оны "Ялалтын баяр"-ийн парадад БНАСАУ Кимийн оронд ахлах албан тушаалтан Чой Рён Хэ-г илгээж байсан бол энэ удаа Ким өөрөө оролцож буй нь түвшингийн хувьд ахиц юм.
Энэ жилийн арга хэмжээ нь Ким Путин, Ши хоёрын дэргэд зогсох учраас зөвхөн зураг авахуулахын цаадах илүү гүн утга агуулгатай.
Гэнэтийн энэхүү уулзалт Доналд Трамп ОХУ-тай хэлэлцээр хийж, Украйны дайныг зогсоохыг оролдож буйтай давхцаж байна. Энэ нь Шид Путин, Ким нар дээр тодорхой хэмжээгээр нөлөөлж чаддагаа харуулах боломж олгож байгаа хэрэг.
Энэ нь мөн Трамп Азид айлчлал хийхээс хэдхэн долоо хоногийн өмнө тохиож байгаа юм. Цагаан ордон албан ёсоор зарлаагүй ч боломжит айлчлалын талаар санал өгсөн. АНУ-ын Ерөнхийлөгч мөн Шитэй уулзаж, татварын гэрээг эцэслэн тохирох зэрэг асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэж мэдэгдээд байгаа.
Путин, Ким нартай уулзсаныхаа дараа Ши Трамптай хийх аливаа дээд хэмжээний уулзалтад илүү итгэлтэйгээр оролцох боломжтой болно.
Ким Жон Ун Бээжинд хамгийн сүүлд 2019 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд оролцохоор ирж байжээ. Түүнээс өмнө 2018 онд тэр гурван удаа Бээжинд айлчилсан бөгөөд гадаад айлчлалаас зайлсхийдэг Кимийн хувьд энэ нь тун завгүй жил байсан гэдэг.
"Ялалтын баяр"-т ихэнх Барууны удирдагчид оролцохгүй гэж үзэж байна. Учир нь тэд ОХУ-ын Украйн дахь дайныг эсэргүүцдэг бөгөөд Путинд хориг тавьсан хэвээр байна. Харин Хятад улс Путинд шүүмжлэлгүй хандсаар байгаа бөгөөд АНУ болон түүний холбоотнууд Хятадыг Оросыг дэмжиж байна гэж буруутгадаг ч Бээжин үүнийг няцаасаар ирсэн. Харин Ким Оросын түрэмгийлэлд зэвсэг, цэрэг нийлүүлж байгаа.
Одоо БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Ли Жэ Мён "Ялалтын баяр"-т оролцох эсэх асуулт нээлттэй байна. Хэрэв тэр оролцвол 2019 оноос хойш анх удаа Өмнөд ба Хойд Солонгосын удирдагчид биечлэн уулзах боломж бүрдэх юм.

Ли-г анх урьсан ч тэр татгалзаж, оронд нь Өмнөд Солонгосын парламентын даргыг илгээхээр болсон. Тус улс Ерөнхийлөгч оролцох эсэх талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Ли энэ оны зургаадугаар сард сонгогдсоноос хойш Кимтэй уулзаж, энхтайван харилцаа тогтоох хүсэлтэйгээ олон удаа илэрхийлсэн. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Вашингтонд Ерөнхийлөгч Трамптай уулзахдаа АНУ-г Солонгосын хойгт зуучлагч болохыг хүсчээ. Мөн Бээжингийн чиглэлд харилцаагаа бэхжүүлэх зорилго тавьснаа мэдэгдсэн.
Гэсэн хэдий ч Хойд Солонгос Лигийн оролдлогуудыг удаа дараа няцааж ирсэн. Өчигдөр гэхэд KCNA агентлаг Лиг "Зөрчилдөөн хайсан солиот" хэмээн нэрлэсэн байна.
Ли баярт оролцвол Кимтэй ойртох боломжтой боловч Ким түүнийг олон нийтийн өмнө үл тоомсорлож, няцаавал томоохон ичгүүртэй явдал болно. Мөн Ли Путин, Беларус, Ираны удирдагчдын хажууд харагдах нь Өмнөд Солонгосын хувьд улс төрийн эрсдэл дагуулах нь тодорхой.
Парадад оролцох удирдагчдын жагсаалт Хятадын өсөлт, дэлхийтэй харилцах харилцааны өөрчлөлтийг илэрхийлж байна.
Индонезийн Ерөнхийлөгч, Малайзын Ерөнхий сайд нар ирэх бөгөөд энэ нь БНХАУ Зүүн Өмнөд Азийн хөрш орнуудтай харилцаагаа идэвхтэй өргөжүүлж байгаагийн баталгаа юм. Харин Сингапур доод түвшний төлөөлөгч илгээхээр болжээ.
Мьянмарын цэргийн захирагч Мин Аун Хлайн ч ирэх бөгөөд тэрээр олон улсын тавцанд тусгаарлагдсан ч Хятадын худалдаа, тусламжид ихээхэн найддаг.
Европын холбооны зүгээс ердөө нэг удирдагч – Словакын Ерөнхий сайд Роберт Фицо – ирэх бол Болгар, Унгар төлөөлөгчөө илгээнэ.
2015 оны парадад Чехийн Ерөнхийлөгч Милош Земан оролцож байсан бол Польш, Франц, Унгар, Итали, Нидерланд, Их Британи парламентын дарга эсвэл төрийн төлөөлөгчөө илгээж байв.











