Өнөөдөр Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн ирээдүйн талаар хэлэлцдэг маш чухал индэр болох "Шангри-Лагийн Яриа Хэлэлцээ" форумд оролцон та бүхний өмнө үг хэлэх боломж олдсоныг ихээхэн нэр төрийн хэрэг гэж үзэж байна.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн (IISS)-д болон биднийг найрсгаар хүлээн авч буй Сингапур улсад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн Малайзын Батлан хамгаалахын сайд Халед болон Нидерландын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд хатагтай Дилан нартай нэг тайзан дээр зогсож байгаадаа баяртай байна.

Энэтхэг-Номхон далайн бүс бол дэлхийн өсөлт хөгжлийн төв юм.
Бидэнд залуу үеийн эрч хүч байна.
Бидэнд технологи байна.
Бидэнд амьдралын эрч хүч байна.
Хамгийн чухал нь бид эрх чөлөөтэй, нээлттэй далай тэнгисээр холбогдсон байдаг. Энэ бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал нь зөвхөн манай бүс нутгийн асуудал биш юм. Энэ нь дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлттэй шууд холбоотой. Өнөөдөр Номхон далай, Энэтхэгийн далай болон Атлантын далайг холбож буй олон улсын Батлан хамгаалахын сайд нар энд цугларсан.
Энэ нь эдгээр гурван далайн хоорондын харилцан холбоо, хамаарлыг тодорхой харуулж байна. Нидерланд улс энэ бүс нутагт идэвхтэй оролцож эхэлж байгаад бид халуун дотноор талархаж байгааг хүлээн авна уу.
Гэвч нөгөө талаар Энэтхэг-Номхон далайн бүс маш хүнд сорилтуудтай тулгарч байна. Хүч хэрэглэх буюу албадлагаар өнөөгийн нөхцөл байдлыг нэг талын байдлаар өөрчлөх оролдлогууд гарч байгаа.
Эдийн засгийн дарамт шахалт нэмэгдэж, олон улсын тогтсон дүрэм журам сорилттой тулгарлаа. Кибер орон зай, сансар, мэдээллийн салбар дахь өрсөлдөөн улам нарийн төвөгтэй болж байна.
Бараг бүх зүйл зэвсэг мэт ашиглагдах болсон. Энгийн цаг үе болон хямралын үеийн зааг ялгаа улам бүдгэрч байна.
Өнөөдөр бид нийгмийн сүлжээ болон хиймэл оюун ухааныг буруугаар ашиглаж, худал мэдээлэл, мэдээллийн манипуляциар хүмүүсийн шийдвэрийг ганхуулж болох эрин үед амьдарч байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр яг юу хамгаалагдах ёстой вэ?
Тэр бол улс үндэстэн бүр өөрийн хувь заяагаа өөрийн хүсэл зоригийн дагуу шийдэх эрх чөлөө юм. Өнөөдөр бид Хормузын хоолой чөлөөтэй биш болсон нөхцөл байдлыг харж байна. Өөрөөр хэлбэл нээлттэй биш, чөлөөтэй биш хоолой юм.
Чөлөөтэй биш далайн тээврийн зам.
Нээлттэй биш олон улсын дэг журам.
Ийм нөхцөл байдлаас хэн ашиг хүртэх вэ? Чөлөөт бөгөөд нээлттэй дэг журмын ач холбогдлыг хэтрүүлэн үнэлэх боломжгүй юм.
Улс орон бүр өөрийн замаа өөрөө сонгох эрхтэй. Тэр үндсэн дээр бид чөлөөт, нээлттэй бүс нутгийг байгуулж, хамгаалж, улам бэхжүүлдэг. Япон улс энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд та бүхэнтэй хамтран ажиллана.
Энэ шийдвэр эрмэлзэл нь Ерөнхий сайд Санаэ Такачигийн Засгийн газрын шинэчилсэн “Чөлөөт ба нээлттэй Энэтхэг-Номхон далай” бодлогод тусгагдсан.
Ямар ч улс орон тодорхой замаа сонгохыг хэн нэгнээр хүчээр тулгуулж болохгүй.
Ямар ч улс орон ирээдүйгээ өөрийн хүсэл зоригийн дагуу сонгох боломжтой байх ёстой.
Мөн бидний нийтлэг дүрэм журам, зарчмуудыг хүндэтгэдэг бүх улсад энэ бүс нутаг нээлттэй байх ёстой.
Энэ бол Японы төсөөлж буй Энэтхэг-Номхон далайн бүс юм. Гэхдээ мөрөөдөөд энэ зорилго биелэхгүй.
Үүний төлөө ажиллах хэрэгтэй.
Тасралтгүй ажиллах хэрэгтэй.
Ялангуяа батлан хамгаалах байгууллагууд энэ зорилгыг хэрэгжүүлэхэд маш чухал үүрэгтэй юм.
Улс орнуудын хүчин чармайлт тус тусдаа салангид үлдэх ёсгүй.
Хамтын ажиллагаа.
Хамтын сургалт.
Мэдээлэл солилцоо.
Батлан хамгаалах технологийн хамтын ажиллагаа.
Батлан хамгаалах үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа.
Бүтцийн хамтын ажиллагааны тогтолцоо.
Эдгээрийг нэгтгэж байж бодит тогтоон барих чадвар буюу хариу арга хэмжээ авах чадавх бий болох ёстой юм.
Үүний тулд бидэнд гурван зүйл хэрэгтэй.
Итгэлцэл.
Ил тод байдал.
Яриа хэлэлцээ.
Итгэлцэл гэдэг нь олон улс хууль журмаа дээдэлдэг байхыг хэлнэ. Улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг байхыг хэлнэ.
Хүч хэрэглэх буюу албадлагаар өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөхийг зөвшөөрч хэрхэвч болохгүй.
Хэрэв бид энэ итгэл үнэмшлийг хуваалцахгүй бол бүс нутгийн дэг журам утга учиргүй болно.
Ил тод байдал ч мөн адил чухал.
Зорилго нь тодорхой бус цэргийн хүчээ өргөтгөх болон тодорхой бус үйл ажиллагаа нь үл итгэлцэл, буруу тооцооллын шалтгаан болдог. Ил тод байдал бол хурцадмал байдлыг бууруулах, хямралаас урьдчилан сэргийлэх үндсэн нөхцөл юм.
Мөн яриа хэлэлцээ хэрэгтэй. Бүх улс орны байр суурь өөр. Үзэл бодол өөр. Ийм учраас бид ярилцах шаардлагатай. Ялгаа байгаа учраас ярилцдаг. Хурцадмал байдал байгаа учраас ярилцсаар байх ёстой. Япон улс ямар ч улстай яриа хэлэлцээ хийхэд үргэлж нээлттэй байдаг.
Өнгөрсөн жил Куала Лумпурт болсон ADMM-Plus уулзалтын үеэр би Хятадын Батлан хамгаалахын сайдтай илэн далангүй, үр дүнтэй яриа өрнүүлсэн. Энэ удаа түүнтэй уулзах боломж гараагүйд харамсаж байна.
Гэсэн ч бид яриа хэлэлцээний хаалгаа нээлттэй хэвээр үлдээнэ. Бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө Хятад зэрэг холбогдох орнуудтай харилцаагаа үргэлжлүүлэхийн төлөө би тууштай ажиллана.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.
Япон улс одоо бодит алхмууд хийнэ.
Нэгдүгээрт,
Япон батлан хамгаалах чадавхаа тогтвортой бэхжүүлж, өндөр түвшний ил тод байдлыг хадгалан шинэчилнэ.
Хиймэл оюун ухаан.
Жолоочгүй системүүд.
Кибер технологи.
Сансрын технологи.
Эдгээр технологид тулгуурласан дайны шинэ хэлбэрүүд дэлхий даяар тархаж байна. Ийм нөхцөлд улс орон бүр өөрийгөө хамгаалах чадавхаа шинэчлэх нь зүйн хэрэг юм. Япон ч мөн адил хариу арга хэмжээ авна.
Гэхдээ бид үүнийг өөрсдийгөө хамгаалах болон чөлөөт, нээлттэй бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд хувь нэмэр оруулахын тулд хийх юм. Мөн бид энэ бүхнийг өндөр түвшний ил тод байдалтайгаар хэрэгжүүлнэ.
Бид ямар зорилгоор эдгээр чадварыг хөгжүүлж байна вэ?
Ямар үзэл баримтлал дээр тулгуурлаж байна вэ?
Үүнийг олон улсын хамтын нийгэмлэгт тодорхой тайлбарлах юм.
Манай батлан хамгаалах хүчийг үндсээр нь бэхжүүлэх бодлого, үйлдвэрлэл технологийн сууриа өргөжүүлэх бодлого, энэ оны сүүлээр шинэчлэхээр төлөвлөж буй стратегийн гурван баримт бичиг бүгд энэ хүрээнд хэрэгжиж байна.
Япон бодит байдлаас нүүр буруулахгүй. Бид шаардлагатай бэлтгэлийг хариуцлагатайгаар хийнэ.
Та бүхэн “шинэ милитаризм” гэсэн нэр томьёог сонссон байж магадгүй. Гэвч үнэн бодит байдал үүнээс хол зүйл үгүй.
Бодоод үз дээ.
Асар их цөмийн зэвсгийн нөөцтэй, стратегийн бөмбөгдөгч онгоцтой улс бий. Япон тийм зэвсэггүй. Тийм бөмбөгдөгч онгоцгүй. Гэтэл Японыг “шинэ милитаризм” гэж нэрлэж байна.
Энэ хачирхалтай биш гэж үү?
Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш Япон улс НҮБ-ын дүрэм зэрэг олон улсын хуулийг тууштай хүндэтгэж ирсэн. Мөн чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалах, бэхжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж ирсэн.
Японы замнал энх тайвныг эрхэмлэгч улс гэсэн бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн үнэлгээг хүртсэн.
Энэ үнэнийг худал мэдэгдлүүд ганхуулж чадахгүй. Учир нь энэ бол бодит үнэн юм. Мөн нэг зүйлийг онцлон хэлье. Улс орнуудын хооронд үзэл бодлын зөрүү, үл ойлголцол гардаг. Гэвч ийм үед хэрэгтэй зүйл нь нөгөө талд байхгүй үед үндэслэлгүй буруутгал давтах зүйл биш.
Шаардлагатай зүйл нь шууд бөгөөд илэн далангүй яриа хэлэлцээ юм.
Япон улсын яриа хэлэлцээний хаалга үргэлж нээлттэй байдаг.
Хоёрдугаарт,
Япон улс та бүхэнтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ. Япон-АНУ-ын холбоотны тогтоон барих болон хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлнэ.
Австрали, Филиппин, Их Британитай байгуулсан харилцан нэвтрэх гэрээг ашиглан хамтарсан сургалтыг өргөжүүлэх юм.
Quad хүрээнд далайн нөхцөл байдлын хяналт болон дэвшилтэт технологийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
АСЕАН-ы орнуудтай батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм. Үйлдвэрлэлийн баазын тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ. Эдгээр бүх хүчин чармайлтыг нэгтгэн цэгүүдийг шугам болгон, шугамуудыг сүлжээ болгон холбох болно.
Гуравдугаарт,
Япон улс бүс нутгийн батлан хамгаалах тоног төхөөрөмжийн хамтын ажиллагаанд шинэ үүрэг гүйцэтгэхээр шийдсэн. Энэ оны дөрөвдүгээр сард бид батлан хамгаалахын тоног төхөөрөмж, технологио шилжүүлэхтэй холбоотой журмаа үндсээр нь шинэчиллээ.
2023 онд эхлүүлсэн OSA хөтөлбөр ч үр дүнгээ өгч байна. Эдгээр санаачилгын зорилго нь бүс нутгийн тогтоон барих болон хамгаалах чадварыг бодитоор нэмэгдүүлэх явдал юм. Олон улс эдгээр алхмыг өндрөөр үнэлж байна.
Хямралын үед шаардлагатай техник хэрэгсэл дутагдвал яах вэ?
Логистикийн шугам тасарвал яах вэ?
Бүс нутаг бүхэлдээ ийм нөхцөл байдалд орж болохгүй.
Иймээс Япон улс батлан хамгаалах тоног төхөөрөмж, үйлдвэрлэл, засвар үйлчилгээний хамтын ажиллагаанд илүү идэвхтэй оролцоно. Улс орон бүрт хэрэгтэй чадваруудыг бий болгож, шаардлагатай үед ашиглах боломжтой байлгах нь бидний зорилго юм.
Австрали улстай хамтран фрегат хөлөг хөгжүүлж байна.
Филиппинд радарын систем болон эргүүлийн хөлөг нийлүүлж байна.
Шинэ Зеланд улс Японы тэнгисийн цэргийн хөлгүүдийг сонирхож байна.
Индонезтой шинэ хамтын ажиллагааны тогтолцоо байгуулж байна.
Эдгээр нь ямар нэг улсыг онилсон бодлого биш.
Харин улс орон бүр өөрийгөө хамгаалах, өөрийн замаа сонгох боломжийг дэмжих зорилготой юм. Япон энэ зорилгын төлөө найдвартай түнш байхыг хүсэж байна. Мөн бүс нутгийн хүчин чармайлтыг холбодог зангилаа цэг болохыг хүсэж байна.
Хуваагдал тогтоон барих чадварыг сулруулдаг. Эв нэгдэл тогтоон барих чадварыг бэхжүүлдэг.
Хэрэв АНУ, Европ болон холбоотнуудын хооронд ан цав гарвал түүнийг ашиглахыг хүсэх хүчнүүд гарч ирнэ.
Бид ийм нөхцөл байдал үүсгэж болохгүй.
Хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой.
Одоо бол хамтын ажиллагаагаа улам хүчирхэгжүүлэх цаг үе юм.
Бидний зорилго зөвхөн хямралыг тэсвэрлэдэг бүс нутаг биш.
Бид дарамтын өмнө бууж өгдөггүй бүс нутаг хүсэж байна.
Худал мэдээлэлд хууртдаггүй бүс нутаг хүсэж байна.
Шахалт нөлөөнд автдаггүй бүс нутаг хүсэж байна.
Чөлөөт бөгөөд нээлттэй Энэтхэг-Номхон далай гэдэг бол хэн нэгний бидэнд бэлэглэх зүйл биш. Бид өөрсдөө байгуулж, өөрсдөө хамгаалж, дараагийн үедээ өвлүүлэн үлдээх ёстой зүйл юм.
Япон улс энэ дээрх зорилгын төлөө та бүхэнтэй хамт алхана. Япон улс та бүхэнтэй хамтран ажиллах болно.
Анхаарал тавьсанд баярлалаа.








