



















ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальнийгийн эхнэр Юлия Навальная " Нөхрийнх нь биеэс авсан биологийн дээжийг гадаадын хоёр лаборатори шинжилж үзээд хордуулсан болохыг тогтоосон" гэж мэдэгдлээ.

Навальный 2024 оны 2-р сарын 16-нд Арктикийн бүсэд орших ОХУ-ын шоронд 47 насандаа гэнэт нас барсан нь тус улсын сөрөг хүчин хамгийн нэр хүндтэй удирдагчаа алдахад хүргэсэн юм.

Навальная өмнө нь нөхрийгөө ОХУ-ын төр хөнөөсөн гэж олонтаа мэдэгдэж ирсэн ч Кремль үүнийг “балайрал” хэмээн үгүйсгэдэг. Ерөнхийлөгч Владимир Путин Навальный нас барахаас өмнө түүнийг барууны орнуудтай хоригдол солилцохоор ярилцаж байсан гэж мэдэгдэж байсан юм.
Навальная өөрийн нийгмийни “X” сүлжээнд байрлуулсан бичлэгтээ 2024 онд нөхрийнх нь биологийн материалыг нууцаар гадагш гаргаж, хоёр орны лаборатори шинжилсэн тухай дурджээ.
“Эдгээр хоёр өөр улсын лаборатори нэг л дүгнэлтэд хүрсэн нь: Алексейг хөнөөсөн. Тодруулбал түүнийг хордуулсан,” хэмээн тэр мэдэгдсэн байна.
Тэрээр лабораториудаас “тэвчихийн аргагүй үнэн”-ийг ил болгож, дүгнэлтээ нийтэд ил тод болгохыг шаардаж, ямар хорыг илрүүлсэн болохоо мэдэгдэхийг уриалсан.
“Эдгээр үр дүн нийтэд чухал ач холбогдолтой. Бид бүгд үнэнийг мэдэх эрхтэй,” гэж Навальная мэдэгдсэн.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос энэ талаар асуухад “Би түүний мэдэгдлийн талаар юу ч мэдэхгүй, хэлэх зүйл алга” гэжээ.
Кремль Навальныйгийн хамсаатнуудыг барууныхны даалгавараар ОХУ-ыг тогтворгүй болгохыг санаархагч “аюултай экстремистүүд” хэмээн үздэг. Кремлийн тайлбарласнаар Ерөнхийлөгч Владимир Путин энгийн оросуудын дунд асар өндөр дэмжлэгтэй гэнэ.
Навальный 2021 онд Сибирьт мэдрэлийн хоронд хордсоны дараа Германд эмчлүүлж байсан ч сайн дураараа ОХУ-руу буцаж очсоныхоо дараа шууд баривчлагдсан. Тэрбээр залилан, экстремизм болон бусад хэрэгт яллагдан хоригдож байсан бөгөөд өөрийг нь чимээгүй болгох зорилготой зохиомол хэрэг үүрүүлсэн гэж мэдэгддэг байсан.
Өнгөрсөн жил Навальная ОХУ-ын мөрдөн байцаагчдын “янз бүрийн өвчний нийлбэрээр нас барсан” гэх тайлбарыг няцаасан. АНУ-ын тагнуулын байгууллагуудын үзэж буйгаар Путин өөрөө Навальныйг алах тушаал өгөөгүй гэж Associated Press, Wall Street Journal мэдээлжээ.
Өөрийн бичлэгт Навальная нөхрийнхөө сүүлчийн мөчүүдийг дүрсэлжээ. Түүний хэлснээр Навальный жижиг дасгалын өрөөнд бие нь муудаж, газар сөхөрч хэвтээд хүчтэй өвдөлт мэдэрч байсан ч түүнийг шийтгэлийн камерт хорьсон байна.
“Алексей шалан дээр хэвтэж, өвдгөө гэдэс рүүгээ тэврэн, өвдсөндөө ёолсон. Тэрээр цээж, гэдэс нь шатаж байгаа мэт байгааг хэлсэн. Дараа нь бөөлжиж эхэлсэн,” гэж Навальная өгүүлжээ.
Тэрээр тухайн өрөөний зургийг харуулж, газар дээр бөөлжисний толбо байгааг үзүүлсэн байна.
Навальная нөхрийнх нь үхлийн тухай үнэн баримт Барууны тодорхойгүй улс төрчдөд ч бас “таагүй” байгааг онцолсон ч тодорхой нэр дурдаагүй байна.











