



















Их Британийн Ерөнхий сайд асан Блэйр, JPMorgan Chase-банкны тэргүүн Жэйми Даймон нар тайланг ахалсан.
Дэлхий урьд өмнө байгаагүй шинэ эринд орж байна.
ЕХ өөрийгөө хамгаалж чаддаг, АНУ ба Хятадтай өрсөлдөхүйц байх шаардлагатай
“Дундаж хүчнүүд”-ийн ( Их 7-д багтдаггүй орнууд) олон тулгуурт (multi-alignment) бодлого ил болж байна
БНХАУ, АНУ-ын өрсөлдөөн урьд өмнө байгаагүй шинэ эрин үеийг өдөөж, аюулгүй байдал, эрчим хүч, технологи, худалдаанд сорилт учруулж буй энэ үед Европын Холбоо (ЕХ) шинэчлэл хийхгүй бол байр сууриа алдах эрсдэлтэй гэж Тони Блэйр, Жэйми Даймон нарын ахалсан тайланд дурджээ.

Засгийн газар, бизнес, иргэний нийгмийн удирдагчидтай хийсэн яриа, хэлэлцүүлэгт тулгуурласан уг тайланд бүтцийн өөрчлөлтүүдийн давхцал улс орнууд, зах зээл, институциудыг дахин хэлбэржүүлж, өмнө нь аюулгүй байдлаа АНУ-д даатгаж, харин худалдааны харилцаагаа Хятадтай тэлж ирсэн орон болон бүлэглэлүүдэд бодит эрсдэл үүсэж байгааг онцолжээ.
1997–2007 онд Их Британийн Ерөнхий сайдаар ажилласан Тони Блэйр болон JPMorgan Chase банкны гүйцэтгэх захирал Жэйми Даймон нарын хэлж буйгаар, Европ батлан хамгаалах чадавх болон эдийн засгийн өсөлтийг нэн тэргүүнд тавихын тулд илүү гүнзгий интеграцчлах шаардлагатай.
“Хэрэв Оросын эсрэг бие даан зогсож чадахгүй бол АНУ эсвэл Хятадтай хийх системийн өрсөлдөөнийг удирдах чадвар бүр ч сул байх болно,” хэмээн тайланд дурдсан байна.
“Шинэчлэл бол сонголт биш, харин байр сууриа хадгалахын тулд зайлшгүй хийх ёстой алхам.”
Энэхүү хатуу дүгнэлт нь ЕХ Украинд үзүүлэх санхүүжилт, мөн “Дүрэмд суурилсан эдийн засгийн харилцааны орчин өөрчлөгдсөн” нөхцөлд хэрхэн хариу өгөхөө хэлэлцэх дээд хэмжээний уулзалт зохион байгуулж буй цаг үетэй давхцаж байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ Үндэсний аюулгүй байдлын стратеги-аараа дамжуулан ЕХ-д дарамт шахалт үзүүлж буй.
Евро Комиссын дарга Урсула фон дер Ляйен Европ тив шинэчлэл хийж, өөрийн аюулгүй байдалд өөрөө хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн. Холбоог дэмжигчид Европын Холбооны дэлхийн ДНБ-д эзлэх хувь буурч байгаа ч АНУ мөн адил буурах чиг хандлагатай байгааг онцолжээ.
Тайланд мөн геополитик, хиймэл оюун ухаан, улс төрийн популизм дэлхийн дэг журмыг хэрхэн донсолгож буйг өргөн хүрээнд тоймлон, Энэтхэг, Персийн булангийн орнууд зэрэг “дундаж хүчнүүд”-нүүдэд тулгарч буй сорилтуудыг тодорхойлжээ.
“World Rewired: Navigating a Multi-Speed, Multipolar Order” тайлангийн зохиогч Александр Жоржийн хэлснээр, хүмүүс өмнө нь түүхийн тодорхой мөчүүдээс сургамж авч чиг баримжаа олдог байсан.
“Бид үнэхээр өмнө нь огт байгаагүй, цоо шинэ ертөнцөд амьдарч байна,” гэж тэр хэлэв.
“Энэ бол яг л 3 хэмжээст шатрын самбар шиг.”
Тайланд дурдсанаар, АНУ урт хугацаанд нөлөөгөө хадгалсаар байгаа ч дотоодын улс төрийн тогтворгүй байдал нь их өрийн асуудлыг шийдэхэд саад болж, дотоодоосоо хамгийн том сорилттой нүүр тулж байна. Харин Хятадын ирээдүйн чиг хандлага нь хүн ам зүйн дарамт болон өрийн хязгаарлалтыг даван туулж, өсөлтөө хадгалж чадах эсэхээс ихээхэн хамаарах аж.
“Дундаж хүчнүүд”-ийн тухайд, Энэтхэг Оросын нефть худалдан авсных нь хариуд АНУ-аас ногдуулсан өндөр татвар нь олон тулгуурт гадаад бодлогын хязгаарлалтыг ил болгосон гэж тайланд дурджээ. Харин АНЭУ АНУ-тай технологийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх алхам хийсэн нь бусад орнууд технологийн салбарт АНУ ба Хятадын хооронд сонголт хийхээс өөр аргагүй болж байгааг харуулж байна.
Энэхүү тайланг Жэйми Даймоны удирддаг JPMorgan Chase (АНУ эдийн засгийн аюулгүй байдал, тэсвэр тэвчээрт чухал гэж үзсэн салбаруудыг дэмжих 1.5 их наяд ам.долларын, 10 жилийн төлөвлөгөө эхлүүлсэн) банк болон Tony Blair Institute for Global Change хамтран боловсруулжээ.










