



















Засгийн газар болон Франц Улсын "Орано Майнинг С.А.С" компани хооронд байгуулах уран олборлох төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зөвшилцөн батлахаар УИХ-ын 5 байнгын хороо өглөөний 09.00 цагаас 17.00 цаг хүртэл тасралтгүй эрчимтэй хуралдаж байна.
Засгийн газраас энэхүү гэрээний төсөл нь Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлж, хөрөнгө оруулагч талтай урьдчилан тохирч боловсруулж, Цөмийн энергийн тухай хуулийн 30.3-д заасны дагуу зөвшилцөхөөр танилцуулж байна гэж ЗГХЭГ-ийн дарга Н.Учрал дахин дахин байнгын хороодын гишүүдэд тайлбарласан.
Хамгийн эхлээд 09.00 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний 12 нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.
10.00, 11.00, 12.00 цагт дараалан УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж мөн л Зөөвч-Овоо ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг гишүүдийн олонх нь дэмжиж, гэрээний төслийн зөвшилцлийг заавал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэж үзсэн юм.
Тухайн гэрээний төсөлд, нийт ханган нийлүүлэгчдийн таван хувийг орон нутгаас авна гэснийг эргэн харж, хувийг нь нэмэх шаардлагатай гэж орон нутгаас сонгогдсон зарим гишүүн үзэж, саналаа илэрхийллээ.
Мөн Ураны гол уурхай Улаанбадрах суманд тухайн уурхайн төв кэмп буюу төвлөрлийг байрлуулахгүй Зүүнбаянд гол төвлөрлийг хийхээр төлөвлөсөнд Улаанбадрах сумын иргэд гомдолтойг уламжлах гишүүд ч байлаа.
Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах энэхүү төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг. Энэхүү гэрээг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байрыг бий болгох, шинэ технологи нутагшуулах, мөн олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтоох үр дагавартайг онцолсоор байна.
Байнгын хороодын хуралдаан болоод Засгийн газрын байр суурийг ажиглахад тухайн гэрээг байгуулах эрхийг олгох тогтоолын төслийг ногоон гэрлээр урагшлуулахаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хөшигний ард тохиролцож гар барьсан байж болзошгүй юм.
Тиймдээ ч УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдааныг хаахаас өмнөх 7 хоногт буюу өнөөдөр амжуулж, Зөөвч-Овоо ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх тогтоолын төслийг батлахаар яг одоо УИХ ирцээ бүрдүүлж байна.











