УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний төлөөлөгч. Тэдэнд зориулсан бүрэн эрх гэж бий ч хязгаартай. Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэж заасан. УИХ-ын тухай хуулиараа ч, гишүүн нь "... ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ..." амлан тангараг өргөдөг. Атал өнгөрсөн УИХ, иргэдээсээ дахин нэг илүү эрх эдлэх, тусгай тэтгэмж хүссэн хуулийг баталсан байна.
Ингэхдээ, УИХ-ын гишүүн нь бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол бүтэн нэг жилийн хугацаанд үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэжээ. Одоо УИХ-ын гишүүний сарын цалин ₮4 сая орчим бөгөөд өнөөдрийн ханшаар тооцоход жилийн ₮48 саяын тэтгэмж авах болж буй. Хэдийгээр энэхүү хуулийн зохицуулалт нь өмнөх парламентын гишүүдэд үйлчлэхгүй ч шинээр бүрдсэн өнөөгийн 126 гишүүнтэй парламентын бүрэн эрхийн хугацаа 2028 онд дуусгавар болоход үйлчлэхээр зохицуулжээ.
Коронавирусын халдвар тархах үед эрх мэдэлтнүүдэд өөр нэг стандарт үйлчилдэг нь тодорхой болж, иргэд Засгийн газраас шударга ёсыг шаардаж жагссан удаатай. Гэхдээ арай ч, хууль тогтоомжоороо давхар стандартыг нийгэмд бий болгож, иргэдээсээ илүү эрх эдэлнэ гэж төсөөлсөнгүй.
Гэтэл 2020-2024 онд УИХ-д ард түмнээ төлөөлөн суусан 76 гишүүн тэр дундаа одоогийн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэргүүтэй гишүүд санаачлан, баталж байжээ. Баримтыг нарийн нягталбал, Монгол Улсын Их хурлын тухай, Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай, Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг тухайн үеийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар санаачлан боловсруулснаа 2024 оны дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлж байжээ. Ингээд Г.Занданшатар даргатай УИХ 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр баталжээ.
Тэгвэл энэхүү УИХ-ын гишүүдийн хүссэн тусгай эрхийн тэтгэмжийг зохицуулсын хуулийн заалт нь Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдсөн буюу Үндсэн хуульд заасан иргэдийн эрх тэгш байдлын зарчимд харшлах эрсдэлтэй юм. Эхний магадлал нь, УИХ-ын гишүүдэд илүү давуу эрх олгосноор иргэдийн хооронд тэгш бус байдал үүсэж, хуульд хүндэтгэлгүй хандах нөхцөл бүрдэж болзошгүй. Мөн Нийгмийн итгэлийг алдах буюу төрийн албан тушаалтнууд илүү эрх, ямба эдлэх нь иргэдээ басамжилсан хандлагыг төрүүлж, тэдний засаглалын шударга байдалд итгэх итгэлийг бууруулах юм. Энэ нь нийгмийн бухимдлыг нэмэгдүүлэх, шударга ёсны төлөөх шаардлагаа улам ихээр тавихад хүргэж байна.
Үндсэндээ, УИХ-ын гишүүдэд илүү эрх олгох нь хууль тогтоох үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох, ард түмний төлөөллийн үүргийг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тодорхой үндэслэл, хязгаар байх ёстой. Харин үндэслэлгүй давуу байдал олгосон тохиолдолд энэ нь нийгмийн шударга ёсыг алдагдуулах аюултайг хууль батлах эрхтэй ард түмний төлөөлөгчид мэдэж баймаар. Мэдээгүй бол дахин хэлэхэд, Төрийн ордноос гарвал иргэдийн амьдрал хүнд болсныг, утаандаа угаартаж унах гээд алхахыг нь харахад л хангалттай. Ийм үед эрх мэдэлтнүүдэд илүү хөнгөлөлт үзүүлэх нь нийгмийн шударга ёсны зарчимтай зөрчилдөж байна, гишүүдээ...
Монгол төрөө хүндэтгэж, сонгуулийн өдөр баярын дээлээрээ гангаран очиж, өөрт тань саналаа өгсөн гишүүнээ иргэд чинь өөрсдийнхөө төлөө, ард түмнийхээ төлөө зүтгэх ёстой гэж итгэдэг, тийм ч хуультай. Гэтэл нөгөө сонгогдсон гишүүд нь өөрсдөдөө эдийн засгийн давуу байдал бий болгоод хувийн ашиг сонирхлоо хууль батлахдаа ашиглаад суух нь УИХ хэр ёс зүйтэй вэ?
2028 онд авч эхлэх энэ тэтгэмж, хөнгөлөлт нь төсвийн нэмэлт зардлыг үүсгэх бөгөөд энэ нь олон нийтийн татварын мөнгөөр санхүүждэг. Эргээд л, иргэдийн халааснаас нь гишүүн та тэтгэмжийн мөнгөө гаргуулж авах нь. Уг нь УИХ-ын гишүүнээр ажиллах нь ард түмний итгэл, хариуцлага хүлээж буй албан тушаал юм. Ийм албан тушаалд суусан хүн бүрэн эрх дууссаны дараа илүү давуу эрх эдлэх ёсгүй бөгөөд энгийн иргэдийн адил боломжийн хүрээнд амьдрах ёстой гэсэн ёс зүйн шаардлага бийг одоогийн УИХ ойлгож, тусгай тэтгэмж олгох хуулийн заалтаа эргэн хараасай гэж олон нийт хүсэж бас шаардаж эхэллээ.