



















Энэхүү нийтлэлийг унших гэж буй та 2014 онд Нидерландын довтлогч “Нисдэг Голланд” хочит Робин Ван Перси Испанийн хаалганд ямар ганган гоол хийснийг санаж байгаа байх гэж найдаж байна. Яг л түүн шиг Санжийн Баяр гэх ид эрэн дээрээ яваа улстөрч Монгол Улсыг авлигын төсөөллийн индексээр 2009 онд 120 дугаар байранд ухрааж 27 оноо авхуулж чадсан нь холын биш саяхных Ван Персигийн ганган гоолоос ердөө 5 жилийн өмнөх явдал юм. Робин Ван Перси Испанчуудыг гүн шокт оруулсан шиг Монголчуудыг гүн шоконд оруулсан амжилтыг мэдээлэл муутайгаас бид мэдэлгүй өнгөрсөн. Хэрвээ өнөөдрийнх шиг ийм нээлттэй “Хэвлэл мэдээлэл”-тэй байсан бол бид улстөрчдийн байж боломжгүй алдааг засах боломж байсан даа гэж харамсам. Нөгөө “ниргэсэн хойно нь хашхирав” гэдэг шиг л юм уу даа. Гэхдээ түүхийн алдаатай шарласан хуудсыг бид үргэлж эргүүлж сөхөж харж, алдаа мадгийг нь олж, тунгааж ирээдүй хойчдоо сануулж хэлж байх нь бидний үүрэг. “Хүн хэлэхээс нааш, цааш чичихээс цааш” гэж Монголчууд сургасаар ирсэн.
Эзэн богд Чингис хаан ч “Тангад улс мөхөөгүй гэдгийг өдөр бүр сануулж бай” гэж сургасан байдаг. Тиймээс хэвлэл гэдэг өөрөө алдсаныг олж, алдааг нь сануулж байх үүрэгтэй юм.
Авлигын төсөөллийн (төсөөллийн гэдгийг анхаарах ёстой ҮГ.МН) индекс гэж юу вэ?
ХБНГУ-ын Берлин хотод төвтэй олон улсын “Transparency International” гэх иргэний нийгмийн байгууллага 1993 оноос эхлэн “Авлигын Төсөөллийн Индекс”-ийг тооцож гаргах болсон. Уг байгууллага нь олон улсын авлигын эсрэг тэмцэл, ил тод байдал, засаглалыг сайжруулах чиглэлээр ажилладаг байна.

CPI-(Corruption Perceptions Index-Авлигын төсөөллийн индекс)
Монгол Улсын авлигын төсөөллийн индексийг “Transparency International” байгууллага тэртээ 1999 онд анх гаргасан. Тухайн онд Монгол Улс олон улсад авлигын төсөөллийн индексээр 43 дугаарт эрэмбэлэгдсэн түүхтэй. Зах зээлийн эдийн засагтай золгоод 7 жил өнгөрч арын хаалга гэх нэршлээс өөрийг мэдэхгүй байсан Монголчуудыг ХБНГУ-д (Герман . . .) байгуулагдсан олон улсын иргэний нийгмийн байгууллага анх удаа энэ улсад авлига байна. Байх байхдаа 200 орноос 43 дугаарт бичигдэж 43 оноо авах (Авлига өндөртэй) хэмжээнд байна гэж үнэлж байжээ.
Ардчилсан Нам засаглаж байсан он жилүүд шүү дээ. Тухайн үе бол Монголын Ардчилсан Холбооны зохицуулагч асан Дэд Бүтцийн сайд Санжаасүрэнгийн Зориг алагдсан, Мэндсайханы Энхсайхан, Цахиагийн Элбэгдорж, Жанлавын Наранцацралт гэсэн Ерөнхий сайд нар ар араасаа огцорсон “Инээхээс өөр ид шидгүй” гэсэн шүүмжлэлд өртдөг Рэнчиннямийн Амаржаргал гэх Ерөнхий сайдтай "Ардчилсан Холбоо" Эвслийн Засгийн газар хөлөө олж чадахгүй хэцүүхэн он жилүүд байсан.
Үнэхээр засаг төр барьж үзэх нь битгий хэл Даваадоржийн Ганболд, Дамбийн Дорлигжавыг эс тооцвол сайд хийх нь битгий хэл дэд сайд ч хийж үзээгүй нөхөд 1996 оны УИХ-ын сонгуульд олонх болж гэнэт Засаг барих болсон нь АН-ын хувьд хүндхэн байсан нь тодорхой. Ардчилсан Намынхан чихрэнд төөрсөн хүүхэд шиг л байсан юм.
Түүхийн өндөрлөгөөс эргээд харахад тэднийг шууд буруутгавал хилсдүүлсэн болно. Алдсан уу? гэж асуувал ард түмэнтэйгээ бүгд алдсан. Нийгмийн шилжилт хийгдэхэд алдааг тойрч биш дайрч гардаг гэдгийг социалист лагерийн бүхий л орны түүх харуулдаг. Түүн дундаа “Төвлөрсөн Төлөвлөгөөт Эдийн Засаг”-аас “Зах Зээл”-ийн эдийн засагт шилжсэн улсуудын хувьд дайрах ёстой зам байсан. Өнөөдрийн өндөрлөгөөс буруутан хайх нь ч утгагүй.
Герман улсад төвтэй “Transparency International” байгууллага Монгол Улс авлигын төсөөллийн индекс (CPI-Авлигын Төсөөллийн Индекс)-ийг 2000, 2001, 2002, 2003 онуудад тооцоогүй. Эдгээр жилүүдэд УИХ-ын сонгуульд АН суудалгүй шахуу болтлоо ялагдаж, МАХН Засгийн эрхийг барьж байлаа. Харин 2004 онд Монгол Улс Авлигын Төсөөллийн Индексээр олон улсад 85 дугаарт орж өмнөх байрнаасаа 42 байраар ухарлаа. Монгол Ардын Хувьсгалт намын дарга Намбарын Энхбаяр Ерөнхий сайд байсан сүүлийн жил (Тэрээр 2005 онд Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон) “Transparency International” байгууллагаас гаргасан Авлигын Төсөөллийн Индексээрээ Монгол Улс 43 дугаар байрнаас 85 дугаар байранд орж "муу" амжилтаа даблдсан байдаг. Ийм амжилттай ажилласан Ерөнхий сайд Намбарын Энхбаяр“Авлигын Загалмайлсан Эцэг” гэж хоч нэр зүүхээс ч өөр яах билээ.
Түүнээс өмнө ч хойно ч ийм хол үсэргэж байр эзэлсэн Ерөнхий сайд үгүй билээ. Яг л хочтой нь адилхан статистик тоо байгаа биз. Ингээд бодохоор үнэхээр “Авлигын Загалмайлсан Эцэг” гэх хочийг зүгээр ч нэг зүүгээгүй бололтой. Ердөө тав хүрэхгүй жилийн дотор авлигын төсөөллийн индексээр дэлхийн 200 орноос Монгол улсыг шууд 85 дугаар байранд эрэмбэлүүлж чадсан түүхэн хүн бол одоогийн Цахим Хөгжил, Инновац Харилцаа Холбооны сайд Энхбаярын Батшугарын аав шүү дээ. “Ард Аюуш” кинонд “Үйл үйлээ дагана. Үнээ тугалаа дагана” гэдэг дээ.
Ерөнхий сайд Намбарын Энхбаяр:
2004 онд 85 дугаар байр 30 оноо
Түүнээс хойш Монгол Ардын Хувьсгалт Намын тасралтгүй засагласан жил дуусаж, АН ба МАХН ээлжилж засагласан 2004-2007 оны хооронд 85, 99 дүгээр байр руу мөн л ухарсан. Эдгээр жилүүдэд АН-ын Цахиагийн Элбэгдорж (Жефри Эйпштейнтэй хоол идэж буй зураг нь ил болж олон улсад сонирхол татаж байгаа нэг сенсацийн эзэн болоод байгаа ҮГ.МН), МАХН-ын Миеэгомбын Энхболд (саяхан МУ-ын гавьяат эдийн засагч болсон ҮГ.МН), нар ээлжлэн засагласан байдаг. Улаанбаатар хотын захирагч хийхдээ Ерөнхий сайд Миеэгомбын Энхболд хотын булан тохой болгоныг зарсан гэж ард түмэн бүгд л өөр хоорондоо хэлэлцдэг. Санжийн Баярын "амжилт"-ын дараа бичигдэх амжилтыг тэрээр үзүүлсэн байдаг юм. "Авлигын Төсөөллийн Индекс"-ээр түүнийг засаглаж байх үед Монгол Улс олон улсад 99 дүгээрт эрэмбэлэгдэж 28 оноо авсан нь Санжийн Баяр яг өмнө нь бичигдэх үзүүлэлт. Ямар сайндаа л МАХН-ын тухайн үеийн луугарууд Миеэгомбын Энхболдыг “Цатгалан пацаан” гэж хочилдог байсныг ахмад намчид дурсан ярьдаг юм. Өнөөдөр л ахмад намчин болчихсон болохоос 20 жилийн өмнө “Гавьяат Эдийн Засагч” Миеэгомбын Энхболд МАХН-ын удирдагч дотроо л “Мангар пацаан” байсан нь тодорхой.
Ерөнхий сайд Цахиагийн Элбэгдорж:
2005 онд 85 дугаар байр 30 оноо
Ерөнхийдөө Намбарын Энхбаяр засаглаж байсан жилүүдээс эхлүүлээд Монгол Улс Авлигын Төсөөллийн Индексээр 200 орон дотроо 85 дугаарт орж, түүний араас Цахиагийн Элбэгдорж, Миеэгомбын Энхболдын хичээл зүтгэлээр Авлигын Төсөөллийн Индексээр 99 дүгээр байр руу ухарсан.
Ерөнхий сайд Миеэгомбын Энхболд:
2006 он 99 дүгээр байр 28 оноо
2007 он 99 дүгээр байр 30 оноо
Миеэгомбын Энхболдоос МАХН-ын даргын тамгыг “Тамгагүй төр жүжиг”-т гараагүй хувилбараар буюу МАХН-ын Их Хурал дээр Миеэгомбын Энхболдоо одоо Ерөнхий сайдаа өг хэмээн булааж авсан Санжийн Баяр 2007 оны арваннэгдүгээр сараас 2009 оны аравдугаар сар хүртэл Ерөнхий сайдаар ажилласан түүхтэй. Тэрээр 2008 оны долдугаар сарын 1-ны хар өдрүүдээс хойш АН-тай хамтран “Их Эвслийн Засгийн Газар” хэмээх тоглоомын Засгийн газрыг байгуулж засагласан байдаг.
САНЖИЙН БАЯРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕИЙН СОНИРХОЛТОЙ ТОО БАРИМТ БУЮУ "АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС"-ЭЭР ШАЛАН ДЭЭР УНАСАН НЬ
Санжийн Баяр Ерөнхий сайд болж “Их Эвслийн Засгийн Газар” буюу түүний багт Тэргүүн шадар сайдаар Норовын Алтанхуяг, Сангийн сайдаар Сангажавын Баярцогт, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдаар Лүүмэдийн Гансүх, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайдаар Дашдоржийн Зоригт нар багтаж засагласан.
Монголын ард түмэнд өгөөжгүй, хусам өгөх хэмжээнд хийгдсэнээрээ алдартай “Оюу Толгой”-н гэрээг Санжийн Баярын багийн дээрх эрхмүүд хийдэг жил Монгол Улс “Transparency International” байгууллагаас гаргадаг Авилгын Төсөөллийн Индексээр түүхэнд байгаагүй “Хамгийн муу” гайхам муухай амжилтыг үзүүлж 2007 онд 99 дүгээр байрнаас 3 байр хойшилж, 2008 онд 102 дугаар байр 30 оноо, 2009 онд 120 дугаар байранд 27 оноо авч орж байжээ. Ердөө нэг жилийн дотор шууд 18 байраар ухарч бүүр 27 оноо авч "Авилга Маш Өндөр"-тэй улсаар өчиггүй шалгарсан юм .
“Их Эвслийн Засгийн Газар”-ын 2009 онд орсон 120 дугаар байр 27 оноог, өнөөдөр 124 дүгээр байранд орохдоо ч аваагүй юм. Монгол Улс 2025 онд Авлигын Төсөөллийн Индексээрээ 124 дүгээр байранд эрэмбэлэгдэж 31 оноотой байгаа.
Дэлхийд хэддүгээр байранд эрэмбэлэгдсэн бэ гэхээсээ илүүтэйгээр хэдэн оноо авч байгааг ихээхэн анхаарах ёстой.
CPI-Авлигын Төсөөллийн Индексээр
0-29 оноо Маш өндөр авлигатай,
30-49 оноо Авлига өндөр,
50-69 оноо Дунд зэрэг авлигатай,
70-89 оноо Авлига бага,
90-100 оноо Маш цэвэр, авлига бараг байхгүй.
Монгол Улс 2009 онд ийнхүү “Авлига өндөр” гэсэн зэрэглэлээс "Маш өндөр авлигатай" гэх ангилал руу Ерөнхий сайд асан Санжийн Баярын Засгийн газрын үед уруудан орсон. “Авлигын Загалмайлсан Эцэг” гэх Намбарын Энхбаярын үед ч ингэж "Маш өндөр авлигатай" орны тоонд багтаж байгаагүй юм. Азаар юм уу эзээр юм уу үүнээс хойш ч багтаагүй.
Хэн нэгнийг буруутгах гэхгүйгээр бодит тоон үзүүлэлтийг харцгаая. Монгол Улсын Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг засаглах жилүүдэд улсын төсвийн орлого 7.8 ихнаяд (2020 он) төгрөгөөс 26 ихнаяд төгрөг (2024 он) болж тэлсэн гэж УИХ гишүүн Өлзийхүүгийн Шижир гомдоллодог. Гомдох биш баярлах ёстой тоо юм. Дөрөвхөн жилийн дотор Монгол Улсын Төсвийн орлого 4 дахин өссөнийг амжилт гэхгүй өөр тэгээд юу гэх билээ.

Тус хөтөлбөрийн оролцогчид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж, манай компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо, банк санхүүгийн зах зээл, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг болон сүүлийн жилүүдэд идэвхитэй хийгдэж буй тогтвортой хөгжлийн онцлох ажлуудтай танилцлаа.
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/03/02/1000029405.mp4
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/02/26/1000029146.mp4
Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын үед төсвийн орлого 30.1 ихнаяд төгрөг (2025) болж тэлээд байна.
Гэтэл Авлигын Төсөөллийн Индексээр Ерөнхий сайд Санжийн Баярын үед 120 дугаар байранд эрэмбэлэгдэж 27 оноо авч (Маш өндөр авлигатай) үе үеийн Ерөнхий сайд нараа тэргүүлж байх үед Монгол Улсын төсвийн орлого 2008 онд 2.2 ихнаяд төгрөг, 2009 онд 1.9 ихнаяд төгрөг байсан. Өнөөдөртэй харьцуулахын бага, багыгаа дагаад жижигхэн эдийн засаг.
Ерөнхий сайд Санжийн Баяр:
2008 онд 102 байр 30 оноо
2009 онд 120 дугаар байр 27 оноо
Харин Төсвийн зарлага 2009 онд (-2.3) ихнаяд төгрөг байсан бол 2025 онд Төсвийн зарлага (-31) ихнаяд төгрөгт хүрсэн нь 13.5 дахин зөрүүтэй үзүүлэлт. Гэтэл “Transparency International” байгууллага Монгол Улсыг "Авлигын Төсөөллийн Индекс"-ээр 2025 онд 124 дүгээр байранд эрэмбэлж 31 оноо өгч байгаа нь Авлига өндөртэй орны тоонд багтаажээ.
2009 онд 120 дугаар байр 27 оноо (0-29 Маш Өндөр Авлигатай)
2025 онд 124 дүгээр байр 31 оноо (30-49 Авлига Өндөртэй) гэсэн тоон үзүүлэлттэй байна.
Үнэхээр (-2.3) ихнаяд төгрөгийн төсвийн зарлагатай, одоогийнхоос даруй 13.5 дахин бага эдийн засагтай үед авлигын индексээрээ 120 дугаар байранд орж 27 оноо авч (Маш өндөр авлигатай орны тоонд багтсан) байсан гээд бодохоор 2008-аас 2011 онуудад Монгол Улс авлигалдаа живж байжээ гэхээс өөр үг олдохгүй нь ээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Санжийн Баяр “Оюу Толгой”-н гэрээг байгуулж дуусангуутаа Ерөнхий сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсон байдаг. Удалгүй араас нь УИХ гишүүн Гантөмөрийн Уянга Санжийн Баярын дуулиант 7 хаусны мэдээллийг ил болгосон.
Сонирхолтой нь тухайн үед Ерөнхий сайд байсан Санжийн Баяр, Сангийн сайд асан Сангажавын Баярцогт нар ихээхэн хэмжээний олсон орлогоо нотолж чадахгүйгээс болж 2020 онд гурван шатны шүүхээр орж “шорон”-ын хаалга татаж, ял авсан.
Өнөөдөр тэд Монголын улстөрчдийн хэлж хэвшиж буй “хэлмэгдсэн” болж хувирахыг хичээж байгаа. Тэдний жишгээр гуравдугаар сарын 1-нд эх орончдын өдрөөр суллагдсан УИХ-ын гишүүн асан "авлигач" Төмөрбаатарын Аюурсайхан мөн л “хэлмэгдсэн” хэмээн өөрийгөө нэрлэсэн. Гурван шатны шүүхээр орж ялаа авсан эдгээр эрхмүүд бүгд хэлмэгдсэн гэж буй ч хэзээ ч хэлмэгдүүлсэн шүүхтэйгээ эргээд зад заргалдаж байгаагүй нь хачирхалтай.
“Оюу Толгой”-н гэрээ байгуулсан Санжийн Баярын Засгийн газар унаснаар, Засгийн Газрыг 2009 оны 11 дүгээр сараас Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд тэргүүлж, МАХН 2009 оноос 2012 он хүртэл дангаараа засаглах болсон. Энэ л үед МАХН нам МАН болж нэрнээсээ нэг үсгээ гээсэн байдаг.
Түүний үед ч Монгол Улс "Авлигын Төсөөллийн Индекс" нар өөд хараагүй.
Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд:
2010 онд 116 байр 27 оноо
2011 онд 120 оноо 27 оноо
2012 онд 94 дүгээр байранд эрэмбэлэгдэж 36 оноо (Ямартаа ч Маш өндөр авлигатай орноос -Авлига өндөртэй орны жагсаалтад оруулж чадсан) авч Санжийн Баярын 27 оноон дээр нэмж (Маш өндөр авлигатай орноос холдуулж) 9 оноо авсан нь Сүхбаатарын Батболдын Ерөнхий сайд байхдаа үзүүлсэн ганц гялтайх үзүүлэлт байлаа.
УИХ-ын 2012 онд болсон сонгуулиар АН олонхи болж Норовын Алтанхуяг Ерөнхий сайд болох боломж гарч, тэрээр “Шинэчлэлийн Засгийн Газар” байгуулсан түүхтэй. Авлигатай тэмцэх тал дээр “Шинэчлэлийн Засгийн Газар” байгуулсан гавъяа гэхээр зүйл маруухан ч “Оюу Толгой”-н гэрээ хуудуутай, Монгол Улсад ашиггүй, үр өгөөжгүй гэрээ гэх хэл ам хурцаар өрнөх жилүүдийн эхлэл байлаа. Түүнийг нь ч Ерөнхий сайд Норовын Алтанхуяг ил далд дэмжсэн.
Тиймдээ ч “Шинэчлэлийн Засгийн Газар” байгуулагдсан жил Монгол Улс Авлигын Төсөөллийн Индексээр олон улс дахь эрэмбэ болон оноогоо ахиулж чадсан юм.
Ерөнхий сайд Норовын Алтанхуяг:
2013 онд 83 дугаар байр 38 оноо
2014 онд 80 дугаар байр 39 оноо (30-49 Авлига өндөртэй) авсан байдаг.
Ямартаа ч Сүхбаатарын Батболдын 36 оноог ухраагаагүй нэмж чадсан нь Норовын Алтанхуяг Ерөнхий сайдын гавьяа юм.
Ерөнхийдөө Ардчилсан Нам засаглах жилүүдэд Монгол Улс "Авлигын Төсөөллийн Индекс" буурч эрэмбэлэгдсэн он жилүүд юм. Гэхдээ л “Авлига өндөр” орны тооноос хальж чадаагүй. Харин Норовын Алтанхуяг Ерөнхий сайдаас бууж, түүний хэрэг эрхлэх газрын дарга Чимэдийн Сайханбилэг Ерөнхий сайд хийсэн хоёр жил
2015 онд 72 дугаар байр 39 оноо
2016 онд 87 дугаар байр 38 оноотой эрэмбэлэгдэж байж.
АН-ын Ерөнхий сайд Норовын Алтахуягийн үед “Оюу Толгой”-н далд уурхайн ажил зогсож байсан. Энэ л үед Монгол Улсын Авлигын Төсөөллийн Индекс эрс буурч 1999 онд анх удаа Авлигын Төсөөллийн Индекс тооцсон жил 43 дугаар байранд орсон жил рүүгээ дэлхий сар руу ойртдог шиг л ойртсон түүхтэй.
УИХ сонгуулиар 2016 онд Ардчилсан Нам сонгуульд ялагдсанаар Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат Монгол Ардын Намаас нэр дэвшин Ерөнхий сайд болсон байдаг. Түүнийг засаглах үед Авлигын Төсөөллийн Индекс нь 38, 36 гэсэн оноогоор 103, 93 дугаар байранд эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгийн Засгийн Газрын авч байсан онооноос ердөө 2 оноогоор дутуу үзүүлэлт байжээ. "Оюу Толгой"-н гүний уурхайг ашиглах Дубайн гэрээнээс Чимэдийн Сайханбилэг гэхээсээ тухайн үед Ерөнхийлөгч байсан Цахиагийн Элбэгдорж л зохицуулалт хийсэн байж магадгүй гэсэн хардлагыг Чимэдийн Сайханбилэгийн гуравдугаар сарын 4-нд өгсөн ярилцлагаас ойлгогдхоор байсан. Тиймдээ ч Чимэдийн Сайханбилэгийн үед Дубайн гэрээ хийгдсэн ч Монголын "Авилгын Төсөөллийн Индекс"-ийн тоон үзүүлэлт Санжийн Баярын үеийнхээс эрс бага байсан тоон үзүүлэлтийг харж болно.
Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат:
2017 онд 103 дугаар байр 36 оноо
Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайд байсан жил буюу 2018-аас 2021 оны хооронд 37-оос 35 оноо авч 93-аас 110 байранд эрэмбэлэгдэж байжээ. Ерөнхийдөө "Авлигын Төсөөллийн Индекс"-ээр бол Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайд байсан жил онцын өөрчлөлтгүй "Авилга өндөртэй" улсын эрэмбэ дунд байсан байна.
Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх:
2018 он 93 дугаар байр 37 оноо
2019 он 106 дугаар байр 35 оноо
2020 он 111 дугаар байр 35 оноо
2021 он 110 дугаар байр 36 оноо
“ОЮУ ТОЛГОЙ” ШУУГИАН АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС” АРГА, БИЛЭГ МЭТ ЭВТЭЙ ЮУ?
“Оюу Толгой”-н гэрээ, "Авлигын Төсөөллийн Индекс" хоёр арга билэг мэт эвтэй юу? гэх асуулт дээрх тоон үзүүлэлтийн өөрчлөлтөөс урган гарна. “Оюу Толгой”-н шуугиан болоход л Монгол Улсын "Авлигын Төсөөллийн Индекс"-ийн оноо өсөж сайжирдаг. Ямар нэг шуугиан дуулиан болохгүй жил Авлигын Төсөөллийн Индекс мууддаг нэг тийм зүй тогтол ажиглагддаг болсныг статистик (тоон үзүүлэлт)-аас харж болно.
Олон улсын “Transparency International” байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын Төсөөллийн Индексийн жагсаалтаас харахад хамгийн бага оноо, хамгийн хойгуур байрыг Ерөнхий сайд асан Санжийн Баярын үед авч байсан байх аж. Үүгээрээ Санжийн Баяр гэх эрхмийг Ерөнхий сайд байх үед “Авлига”-д Монгол Улс бүрнээрээ идэгдсэн байсан гэдгийг олон улсын байгууллагын тоон үзүүлэлт нотлоод байна. “Оюу толгой”-н алдарт гэрээ 2009 онд байгуулсан жил “Авлигын Төсөөллийн Индекс”-ээр урд хожид байгаагаа муу оноо авч сүүл мушгиж, тухайн оноог одоо ч ( 2025 оны Төсвийн орлого 30 ихнаяд төгрөг давсан) даваагүй байна.
CPI -Авлигын Төсөөллийн Индексийн тоон үзүүлэлтүүдийн өсөлт бууралтыг түүхэн цаг үетэй нь, Ерөнхий сайд байсан эрхмүүдийн нэр хочтой нь харьцуулбал “Оньст тоглоом” шиг эвтэйхэн таараад байгаа юм. Яалт ч үгүй хоч нь эзнээ илэрхийлхээс гадна, тоон үзүүлэлт эргэлзээ тайлаад байгааг харж болно.
Гэтэл тухайн жилүүдэд 120, 116, 120 дугаар байранд дэлхийн орнуудаас авлигын индексээрээ багтаж байжээ. Түүн дундаа 2011 онд 27 оноотой 120 дугаар байранд жагсаж байсан байх юм.
Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болдог 2021 онд Монгол Улс Авлигын Төсөөллийн Индексээрээ 111 дүгээр байран 35 оноотой бичигдэж байсан бол 2024 онд 114 дүгээрт 33 оноотой бичигдэж байжээ. Түүнийг Ерөнхий сайд байсан жил Монгол Улс Авлигын индексээр 111 дүгээр байранд бичигдэж байсан ч 35-аас 33 оноотой (Авлига өндөртэй улсын тоонд байж) байх юм.
Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн засагласан жил
2021 онд -110 байр 35 оноо,
2022 онд -116 байр 33 оноо,
2023 онд -121 байр 33 оноо,
2024 онд-114 байр 33 оноо авч байжээ.
Харин авсан онооны хувьд 2021онд 35 оноо, 2022, 2023, 2024 онуудад 33 оноо авч байсан бол Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч, Гомбожавын Занданшатар Засгийн эрхэнд гарсан жил буюу 2025 онд Авлигын индексээр 124 дүгээр байранд бичигдэж 31 оноо авчээ. Гэхдээ авсан оноо болох 31 оноо нь 2009 өөс -2011 онд авсан 27 онооноос хамаагүй илүү байж “Авлига Маш Өндөртэй” биш “Авилга өндөртэй” орны дунд тууж явна.
Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн засаглах үед л Монгол Улс авлига, хулгай, дээрэмтэй хамгийн их тэмцэж байсан гэдгийг мартаж болохгүй. Олон хүмүүс шүүх хуулиас цугтаж гадаадад гарч, эсвэл нам дуугүй бүгсэн. Харин Ерөнхий сайд Лувсанамсрайн Оюун-Эрдэнийн Засгийн Газар унаснаар маш олон авлигачид амь орж, дуу дуугаа авалцан өндийлөө, зарим нь хүч нөлөөгөө сэргээж, зарим нь төрийн өндөр албан тушаалд хүрлээ. Түүний хамгийн сүүлийн жишээ Ерөнхий сайд асан, 7 жилийн турш Монголын хууль шүүхээс зугтаж, муур хулгана болж яваа Чимэдийн Сайханбилэг ил гарч ирсэн явдал юм.
Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын Засгийн Газрын хувьд 2025 оны арваннэгдүгээр сард Отгоншарын Батнайрамдал нарын гишүүд “Оюу Толгой”-н сонсгол хийсэн нь Монгол Улс Авилгын Төсөөллийн Индексийн 2 оноогоо алдаж 31 оноо авах үзүүлэлтийг хангалаа гэж хардах эрх нь бидэнд бий.
Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар:
2025 он 124 дүгээр байр 31 оноо
Ард түмэнд “Авлигын Төсөөллийн Индекс”-ээр байр ухарлаа гэж мэдээлээд байгаа боловч яг хэдэн оноо авч “Авлига” манай улсад өндөр, нам, дор байгааг мэдээлэхгүй байгаа нь Мандухай Сэцэн Хатан кинон дээр гардаг шиг хэл нь халтираад хэлээгүй л байлтай.
Авлигын Төсөөллийн Индекс (Corruption Perceptions Index, CPI) гэдэг нь олон улсын хэмжээнд улс орнуудын төрийн салбар дахь авлигын төвшинг “Төсөөллийн хэмжүүрээр” үнэлдэг индекс гэдгийг ахин сануулах нь зүйтэй. Энэ нь дэлхийн улс орнуудын засаглал дахь ил тод байдал, авлигын эсрэг хүчин чармайлтыг харьцуулан үнэлэх, олон улсын түвшинд харьцуулах боломжтой стандарт үзүүлэлт юм.






