Хэдхэн жилийн өмнө "Ард түмэн бол цагаан цаас шүү дээ даргаа" гэх Ерөнхийлөгчийн сунгаанд бэлдэж байсан намын даргадаа тал зассан эмэгтэйн бичлэг тарж байлаа. Нээрээ ард түмэн гэж хэн бэ? Өнөөдрийн дүр төрхөөр бол ард түмэн гэж хоёр идэхгүй хоосон хонохгүй, өглөөнөөс үдэш болтол амьдрах гэж аргаа барах цөөнхийг л хэлж болохоор байна. Цөөнх гэж хэлсний учир нь, олонх нь нам дагаж, дарга царайчилж, төсөв “цусалж” амьдардаг болоод удаж буй. Энэ өнцгөөр харвал үнэхээр л ард түмэн нь цөөнх, улс төрчид нь олонх болсон урвуу ертөнц. Харин өчигдөр төрийн тэргүүн олонх дундах хүчээ нэмж цөөнхийн сэтгэлийг татахаар ээлжит “загналтаа, заналтаа” хийв. Шалтгаан нь утаанд ч бус, уур нь хүрсэндээ ч бус ердөө улс төрийн эрх ашигт л байна.
Ямар эрх ашиг гэж үү?
Нэгдүгээрт, Засгийн газарт Ерөнхийлөгчийн төлөөний хүн цөөдөж байна
Төрийн тэргүүн зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Тиймээс ч түүний хэвлэлийн төлөөлөгчийн үүргийг Батлан хамгаалахын сайд С. Бямбацогт хийснийг нийтээрээ харлаа. Утаатай холбоотой, асуудлыг нь илүү мэддэг, хариуцсан сайд нар биш яагаад Батлан хамгаалахын сайд төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч хийв. Шалтгаан нь нэгдүгээр хүний ойрын хүн, санааг саадгүй, хэлбэрэлтгүй дамжуулах, нүд чих болох сайд Засгийн танхимд хэт цөөдөж байна. Уг нь төрийн тэргүүн өнгөрсөн сонгуулиар бараг ойр орчмын бүх хүнээ сонгуульд сойсон ч барианд орсон нь тун цөөн. Цөөн хэдээс нь давхар дээл эгэлдрэглэсэн нь бүүр цөөн. Улс төрийн бяртай гэгдэх Ж.Энхбаяр сайд нь яамаа аваад Дарханд очиж "нийслэл хүү" болоод гэнэтийн улстөрд хүч өргөж чадахгүй болсон гэх мэт.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн төсөв чамлалттай байна
Ирэх 2025 онд Ерөнхийлөгчийн тамгын газар 37.6 тэрбумыг зарцуулна. Гэтэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн 6 жилээс 4 жил нь улирч буй. Ард түмний саналыг авсан мөрийн хөтөлбөр нь хэдэн хувьтай хэрэгжсэн, манлайлах "Тэрбум мод", "Хүнсний хувьсгал" нь юу болов гээд асуух асуулт их ч бодитой хэрэгжсэн ажил даанч бага. Зарцуулах төсөв ч чамлалттай. Эрх мэдэл, мөнгө хоёр бол нэг эмээлийн хоёр бүүрэг.
Гуравдугаарт, Авторласан Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан
Намын дарга, Ерөнхий сайд байсан тэрээр Ерөнхийлөгч болсноор хэлбэрийн хувьд нам бус болсон боломжоо ашиглан төрийн тэргүүний манлайллаар ч гэх үү улс төрчийн нүүдлээр ч гэх үү урагшилсан нэг хууль бол Улстөрийн намын тухай хууль. Олон жил гацсан уг хуулийн өөрчлөлтөөр намуудыг сонгуульд авсан саналын хувиар төсвөөс санхүүжүүлнэ гэж мөсөн чихэр долоолгоод сонгуулийн дараа намууд их хурлаа хийж, дүрмээ шинэчилж, хариуцлага хүлээдэг, хаалттай биш нээлттэй нам байна гэж хуулийн шахаанд оруулсан. Гэтэл уг хуулийн хэрэгжилтийг нь хойшлуулчихсан. Өөрийн хүн гэх Сонгуулийн ерөнхий хорооны П.Дэлгэрнаран даргаар хуулийн хэрэгжилтийг хойшлуулж болохгүй гэж дам чиглэл өгөөд ч амжилт олоогүй. Гэтэл Засгийн газар гэх нэг хөнжилд хамтдаа хэвтээ МАН, АН, ХҮН намын дарга нар их хурлаа хийвэл намын даргын суудал нь ганхаж, ажлаа өгөх дээрээ тулчих гээд байсан тул Төрийн тэргүүний чиглэлийг “аньчихсан”. МАН-ын тухайд дангаар Засгийн газраа байгуулах хэмжээнд санал авч чадаагүй, олонх биш ч олуулаа байж дангаар засгийн газраа байгуулаагүй. АН-ын тухайд нийслэлийн сонгуульд “цөм” ялагдсан, намын гишүүдээ буюу фракцуудаа албан тушаал, ажлаар “услаагүй” учраас уурссан гишүүд их. ХҮН намын тухайд "Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлсны гороор" буюу засагт хамтарсны гайгаар нийслэлд “арчуулсан” гэж намыхан нь бухимдалтай гэх мэт. Тиймээс дээрх 3 намын дарга, түүний ойрынхоноос бусад нь тэднийг авч хаях хүсэл дээр нэгдсэн нь тодорхой тул хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан. Угтаа бол намын их хурлаа л хойшлуулсан шалтаг. Мэдээж Ерөнхийлөгч нам бус ч улстөрийн угшил нь болсон МАН дотроо өөрийн нөлөөгөө тэлэх, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эрх дахин авах улс төрийн эрх ашгийг нь Л. Оюун-Эрдэнэ сайд ийнхүү хөсөр хаясанд уурссан нь гарцаагүй.
Дөрөвдүгээрт, Томоохон төслүүдэд Ерөнхийлөгчийн эрх ашиг шингэхгүй байна
Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ. Нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтийг 10.000 ам.долларт хүргэнэ. Энэ бүх ‘’-НЭ’’ гэх ирээдүйг төлөөлөх төгсгөл “-ЛЭЭ” болж бодит ажил болвол, болох зам нээгдэж, төслийн ажлууд эхэлж, эрчимжвэл Л.Оюун-Эрдэнэ, Л. Гантөмөр, Т.Доржханд нарын гавьяа гэж түүхэнд бичигдэнэ. Гавьяанаас гадна үлэмж их буюу тооны машинд ч багтахгүй их хэмжээний мөнгөний урсгал дагаад чиглэж буй. Улс орон руу чиглэсэн тэр их мөнгө улстөрөөр дамжиж хуваарилагддаг тул мөнгөтэй болохын тулд эрх мэдэлтэй байх нь юу юунаас илүү чухал. Засгийн газрын түвшинд “Чайна энержи”, “Орано” групптэй хийх гэрээ хэлцэл эрчимжиж байгаа энэ үед “Утаа” төсөл олны асуудал болсны цаад шалтгаан нь улс төрийн эрх ашиг, мөнгөний урсгалыг чиглүүлэх гэсэн санаа гэж уншигдаж байна.
Энэ мэт эрх ашиг төрийн тэргүүнд бий гэж үзвэл түүнтэй хэн хүч хавсарвал амжилт олох вэ? Энэ асуултын хариулт нийгэмд өрнөж буй үйл явдлуудаас ил тод харагдана.
ТӨСӨВ
2025 оны төсвийг Засгийн газар өргөн барихад хэт үрэлгэн гэсэн шүүмжлэл Ерөнхийлөгчийн талын гишүүдээс эхэлж Засгийн зүг “гал” ассан. Төсвийг эцэслэн батлах УИХ ч, Засгийн газрын өргөн барьсан төсөвт өөрсдийн “эрх ашгаа” шингээх гэж үзээд амжилт ололгүй Засгийг чиглэсэн “галыг” өөрсөд дээрээ даллачихав. Тойргийн гишүүд, хоёр ба түүнээс дээш сонгогдсон гишүүд төсөв нэхэж, зардал нэмэгдэх нь гэх мэдээллүүд Засгийн зүгээс гарч, ард олон 126 “мал” гэж УИХ-ыг зүхэж эхэлсэн нь гал дээр тос хийчих шиг болгож УИХ хэсэг барьц алдсаныг санаж буй бизээ. Ичсэн нэрэндээ УИХ Засгийн газрын оруулж ирсэн төсвийг хуулийн хугацаанд баталсан ч тогтоолоор тодотгол хийнэ гэж тохироод амсхийтэл Ерөнхийлөгч хориг тавьж дээр дооргүй шуугилдаж, УИХ хоригийг хүлээн авснаар Ерөнхийлөгч, УИХ хоорондоо гар барих эхлэл болсон. Засгийн газрыг чиглэсэн Ерөнхийлөгчийн болон УИХ-ын давхар мэхнээс Засгийн газар харин маш хурдан мултарсан. Хориг хүлээн авсан тохиолдолд хэрхэн нь хуулийн тодорхой зохицуулалтгүй байсан нь Засгийн газарт давуу тал болж УИХ одоо төсвийг өөрсдөө бичнэ гэх агуулгыг түгээж УИХ өөрийн мэхэндээ бараг өвдөг шороодох шахав. Хугацаандаа төсвийг батлахгүй бол УИХ тарах зохицуулалттай гэх яриа ч Засгийн зүгээс тавьсан “гал” байлаа. Энэ бүхний төгсгөлд Төрийн тэргүүний нэр хүнд дээшилж, Засгийн газар алдагдалгүй төсөв батлуулж, УИХ л харин тун хэцүүхэн төсвийн ард гарав.
УТАА
Дөрвөн уулын дунд хашигдсан Улаанбаатар утаагүй болно гэхэд итгэх хүн Монголчууд биднээс өөр хэн ч биш. Утаагүй болохын тулд утаагүй зуух, утаагүй яндан, утаагүй түлш гээд дэлхий дээр хаана ч байхгүй нэр бүхий олон зүйлийг туршсан. Одоо бүүр утаагүй түлш нь ямар ч химийн бодисгүй гэх тайлбарыг хэвлэлээр түгээж байх. Энэ ертөнц дээрх бүх зүйл химийн 108 элементэд багтаж, тэдний нэгдэл эмийг ч, хорыг ч бий болгодог бус уу. Ийм инээдтэй тайлбарыг зөвхөн Монголчууд бид л хэлж бас сонсож чадна. Утаа үнэхээр их болсон нь үнэн, Засгийн газар ч чармайгаагүй нь үнэн. Төрийн тэргүүн Ерөнхий сайд байхдаа мэдэгдэхүйцээр буруулсан нь ч үнэн.
Гэхдээ энэ бүх үнэний цаана Засгийн газрыг сэлгэх, өөрчлөлт оруулах эрх ашиг нуугдаж байна. УИХ ч үүнд хүч нэмж “Утаа”-аар сонсгол явуулах тогтоол гаргасан. Тогтоолын мөрөөр хэлэлцүүлэг, ажлын хэсгүүд байгуулагдаж эхлэх нь. Гэлээ гээд утаа арилахгүй нь цор ганц үнэн.
НҮҮРС Б.ГАНХУЯГИЙН ИЛ ЗАХИДАЛ
Нүүрсний 44 их наядын хулгайн толгойлогч, мафичин, ялтан гэж цоллуулах болсон “ЭТТ” -н захирал асан Б. Ганхуягийн шоронгоос бичсэн ил захидал “Утаа” төслийн бас нэгэн хэсэг байх магадлалтай. Учир нь, тэрээр Л.Оюун-Эрдэнэ сайдыг нэр заан мөнгө авсан гэж гэрчлээд хамжигч нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэж нэр цохжээ. Шүүхээс ял авсан хүн улсынхаа 2,3-р эрх мэдлийг хэрэгжүүлэгч том дарга нарыг шууд буруутган, нэр цохсон нь бахдам эр зориг биш аргаа барсан хүний эцсийн арга, улстөрчийн эрх ашиг хоёр нэгдсэний илрэл. Төрийн тэргүүн шүүх эрх мэдэлд дам нөлөөтэй, өршөөл, уучлал үзүүлэх онцгой эрхтэй. Тиймээс 1-р хүний нэг хөзөр нь Б.Ганхуяг байж мэдэх.
ХАНГАЙН БҮСИЙН НӨХӨН СОНГУУЛЬ
Өмнө дурьдсанчлан Төрийн тэргүүн шүүхэд нөлөөтэй гэх хардлага ил цагаан яригддаг. Өнгөрсөн 7 хоногт Улсын дээд шүүхийн шийдвэрээр Хангайн тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон Даваагийн Цогтбаатар гишүүний ялыг хэвээр үлдээж эгүүлэн татах нөхцлийг бүрдүүлсэн нь Ерөнхийлөгчийн “хөзөр” гэх. Тус тойрогт өвдөг шороодсон өмнөх спикер одоо Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албатай. Өмнөх тамгын дарга нь намын ерөнхий нарийн бичгийн даргын албатай. Энэ нь нам дээр баттай ар тал гэсэн үг. Даваагийн Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татвал, татвал ч гэж дээ татах нь бараг тодорхой болсон тул нөхөн сонгуулийн яриа Төрийн ордонд, улс төрчдийн хүрээнд халуун сэдэв боллоо. Эрх баригч намаас нэр дэвших хүсэлтэй горилогчид байж болох ч Төрийн тэргүүн өөрийн хүнээ оруулах замыг зассан гэж харж болно. Тиймдээ ч нас ахиж яваа Баянхонгорын гэх тодотголтой Г.Занданшатар дарга хэвлэлийнхэнээс хөл мэдэн гүйх, алхахын хооронд зугтсан. Утааны тухай асуучих вий гэж биш улстөр асуугаад өөрийг нь нэр дэвших нь гээд шуугиад эхлэхээс л болгоомжилсон байж болох.
Энэ бүхнийг харж, уншиж, мэдээллүүдийг анзаарч үзвэл Төрийн тэргүүн маань их улс төрд Улсын Их хурлын даргатай гар барьсан байх магадлал өндөр байна. Харин Хан мөрний эрэгт хамрын хагалгаанд орж яваа Ерөнхий сайд хэзээ ирж, ямар хариу барихыг ирэх өдрүүдэд харцгаах нь. Улс төр яаж ч өрнөсөн Улаанбаатарчууд бид утаагаар амьсгалсаар л байх болно.