



















Сайн аавд муу хүү заяаж л байдаг. Муу аавд сайн хүү заяаж л байдаг. Эцэс сүүлд нь муу аавын сайн хүү муудаж, сайн аавын муу хүү засардаг жамтай. Залуу зандан насандаа алдаж эндэж явсан ч алдаа эндэгдлээ ойлгоод засаад явдаг нь сайн аавын муу хүү. Үүнийг эрт дээр үеэс Монголчууд “Сайн хүний үр, сүүтэй гүүний унага” гэлцдэг.
Харин муу аавын сайн хүү байвч насны бөгсөнд эцгийн дүрийг залгамжилдаг. Муу эцэгтэй хүүхдийг бол “Муу хүний заяа завагт” гэж ахмадууд зүйрлэсээр ирсэн.
Монгол төрийн гурван өндөр дээд алба болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ дарга гэсэн суудалд сууж үзсэн хүн өнөөдөр Намбарын Энхбаяраас өөр үгүй. Түүний Монгол Улсад хийсэн сайн гэхээсээ саар жишиг олон. Саар ажлаа өнөөдөр ч хийсээр, залгамжлуулж буй мэт. Тэр залуу улстөрчдийг дунд нь хагаралдуулж, төрийг “самууруулж” явна. Түүний тухай Монгол Улсын хоёрдох Ерөнхийлөгч Нацагийн Баганбаньд олон жилийн өмнө “Урт шар дээлтэй хүнээс болгоомжил” гэж тухайн үеийн улстөрчдөд захиж байсан удаатай. Энэ захиасыг дөрөвдөх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж марталгүй санасаар Намбарын Энхбаярын “оймсодсон” нь бий.

Харин тавдахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Намбарын Энхбаяр өөрийг нь улстөрд замчилж явсныг санаж, ач бодсон уу эсвэл “нохойд барих мод” мэт байлгахад түүний нүүр хэрэгтэй болсон уу? Энхбаярын Батшугарыг УИХ-д нэр дэвшүүлж, сүүлдээ Цахим Хөгжил, Инноваци, Харилцаа Холбооны сайд болгон салбар толгойлуулсан.
Үеийнхэн нь аль эрт тэтгэвэртээ гарч ирээдүй үедээ төрийн жолоог атгуулчхаад, үр ач зээгээ тойруулаад намбайж суухад Намбарын Энхбаяр гэх хүн л Монгол төрийн “Цус сорогч” мэт амь бөхтэй оршсоор, хүслээ биелүүлэхгүй бол ажилгүй, амьдралгүй болгоно гэж үе үеийн улстөрчид, УИХ-ын гишүүд, сайд дарга нарыг дарамталж, өөрийн шуналт хүслээ биелүүлсээр яваа. Ердөө нэг сарын өмнө Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Зам, Тээврийн сайд УИХ-ын гишүүн Борхүүгийн Дэлгэрсайханы талаар “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чинь соёлтой байгаа биз дээ. Зүрх явуулаад байна ш дээ. Б.Дэлгэрсайхан бол даварсан байна. Би хар багаас нь шахуу мэднэ, махны наймаа хийдэг хүн байсан. Их даруухан болгоомжтой хүн байсан. Одоо их даварсан байна.Их мөнгөтэй болсон юм шиг байна. Их эрх мэдэлтэй болсон юм шиг байна. Тэгээд би сургийг нь сонсоод ганц хоёр хүнээс асуусан ийм болчихсон юм уу гэж. Хүн ална тална гээд явж байдаг гэж байна. Энэ хүнийг яаралтай болиулахгүй бол бодитоор хүн ална шүү” гэж байна гээд хэвлэлд яриа өгч сайдын нэр хүндийг унагах гэж оролдсоныг та бид хоёр нүдээрээ харж, чихээрээ сонссон.
Зам, Тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үнэхээр ална тална гэж ард нийтэд агсам тавьж яваа бол Ерөнхийлөгч асан хэвлэлийн хурал хийх биш цагдаад өгч эрхэм сайдыг шалгуулахгүй улстөр хийгээд байгаагийн цаана нөгөө л эрх ашгаа Б.Дэлгэрсайханаар шийдүүлэх санаа цухалзаад байна.
Өнөөгийн Монголын залуу улстөрчид түүнд ямар ч өргүй. Харин дээр хэлсэнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дэмжлэггүй байсан бол Монгол төрийн “Цус сорогч” энэ хүний замнал угтаа бол дуусгавар болох байсан. Намбарын Энхбаяр, хүү Энхбаярын Батшугарын байр байдлаас харахад аавынхаа хүслийг гүйцээх өртэй мэт тамаа цайж яваа хүү шиг. Магадгүй түүний аав Монгол төрийн цусыг сорохоо болих тэр өдөр хүү нь улстөрөөс баяртайгаар гарч магад.

“Эсвэл муу аавын үргэлжлэл болсоор муу хүн болох сонголт түүнд бас бий”. Өнөөдөр аавыг нь дагаж, хөөргөж, хусам горьдсон нохой шиг шүлсээ үсчүүлж, хэлээ унжуулж яваа тойрон хүрээлэгчид нь Намбарын Энхбаярыг унахын цагт Энхбаярын Батшугарыг хаяна. Тэр цаг ч өдөр хоногоор биш цаг минутаар ойртож байгаа байж болох. Өнөөдрийн улстөрийн хорт алимыг тараасан хүн бол магадгүй Намбарын Энхбаяр байж магад. Тараагаагүй юмаа гэхэд санаачилсан хүн нь тэр байх магадлал маш өндөр. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд “хорт алим”-аа өгч түүний бодоогүйг бодуулж, санаагүйг сануулж өрдсөн гэхэд байх гэх газаргүй. Үүнийг ч МАН-ынхан хөшигний цаана шивэр авир гэж байгаа.
Магадгүй өнөөдрийн улстөрийн зөрчилдөөн Энхбаярын Батшугарт аавынхаа дарамт шахалт дор бус, өөрийнхөөрөө амьдрах боломжийг олгосон үүлэн чөлөөний нар байж болох юм.










