



















Улаанбаатарын цагаар 20:00 цагийн алдад УИХ гишүүн Ч.Лодойсамбуу нэгэн сандарсан постыг өөрийн цахим сүлжээ болох фейсбүүк дээрээ нийтэлсэн нь ёстой нөгөө нэргэсэн хойно нь хашхирав боллоо. Тэрээр улстөрийг улаан микрофон бариад загнаж суудаг шигээ ойлгосон нь илт. Нам гэдэг хэзээ ч ганц хүний онцгойрох тоглолт байдаггүй гэдгийг АН-ынхан хэзээ ойлгох юм бол доо. Анх удаа 30 жилийн өмнө төр барихдаа ч ойлгоогүй өвөө нар нь алдаагаа өвлүүлж өнөөдөртэй золгосон юм чинь, аргагүй шүү дээ. Өөрсдөө нам дахь байр сууриа тавьж өгөлгүй тас тэврээд суухаар залуус нь Ч.Лодойсамбуу шиг л үйлдэл гаргах нь тодорхой. Хичнээн аугаа ОД хөлбөмбөгчин боловч ганцаараа тоглохгүйтэй адил нам гэдэг нэг хүний хувийн тоглолтоор хэзээ ч байдаггүй гэдгийг ёстой л Чингис хаан “Тангуд Улс мөхөөгүй шүү” гэж өдөр бүр сануул гэсэнтэй ижил сануулах ёстой.
Уг нь АН нам өөрийн гэсэн орон байртай бол төмрөөр сийлээд үүдэн дээр нь хадаж, орсон гарсан намын гишүүдэд тарни мэт цээжлүүлчих юмсан. Ардчилсан нам хэзээнээс л хувийн тоглолт хийх амбицтай гишүүдээр дутаагүй. Тэдний хамгийн тод илэрхийлэл нь Э.Бат-Үүл ингээд цаашаа урт жагсаалт үргэлжилнэ.

Өнгөрсөн оны долдугаар сард Л.Оюун-Эрдэнэ Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам гэсэн 3 намын төлөөлөлтэй “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэх хамтарсан Засгийн газар бүрдүүлсэн. Ч.Лодойсамбуугийн сандран сандран хийсэн нийгмийн сүлжээний “пост”-ноос нь харахад хамтарсан засгийн газар унах нь цаг хугацааны л болсон бололтой. Ингээд Засагт хамтарч төрийн ажил авсан Ардчилсан Намын гишүүд ёстой л Ч.Лодойсамбуудаа л гомдохоос өөр яалтай.
Монгол Ардын нам гэдэг бол 100 жилийн түүхтэй бүхэл бүтэн институтц тэд 2 хувьсгал, нэг хэлмэгдүүлэлтийг давж гарсан үзээгүй юм үгүй болсон нам. Ардчилсан хувьсгал ялаад жил хүрэхгүйн дараа ч сонгуульд ялж Засгийн эрхийг барьсаар л байсан. Ардчилсан намын түүхэн ялалтыг тэд өөртөө ашигтай боломж болгож чадсан. Долоодугаар сарын 1-ны үймээнийг дарахын тулд МАН-ынхан АН-ыг ашигласан гээд АН-наар бол үнэхээр наадаж чаддаг нам. Энэ удаа ч дотоодынхоо тэмцлийг даахгүй Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн Газар унаж байгаа ч аанай л Ардчилсан намаар ахиад туг тахичихлаа.
-Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
-Эдийн засаг, хөгжлийн яам
-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
-Хууль зүй, дотоод хэргийн яам
-Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд ажиллаж буй Ардчилсан Намын гишүүд ингээд нийтээрээ ажилгүйчүүдийн эгнээ рүү илгээгдэх нь Ч.Лодойсамбуугийн постноос тодорхой байна.
Түүх сөхөж харвал МАН-ынхан хоорондоо толхилцлоо ч тодорхой хугацааны дараа эв зүйгээ олоод ойлголцлоо нэгтгээд цаашаа явчихдаг. Харин салхинд нь Ардчилсан Нам хийсдэг. Энэ л зүй тогтол ахиад л биелчихлээ. Яачихсан нам гэхээрээ өдий болтол нэгдэж нийлж, хамтарч, ухаанаа уралдуулж чаддаггүйг гайхмаар. Лу.Гантөмөрийг ажлаа өг, сөрөг хүчнээ хий гэж хашхирах амархан. 2024 оны сонгуулиар Лу.Гантөмөр тулдаа л энэ намыг нэгтгэж 42 суудлыг авч, Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газарт хамтарч 6 яамыг авч чадсан нь нийтээрээ 8 жил гудамжинд лааз өшиглөсөн намын хувьд ялалттай дүйцэхүйц суудал авчирсан.
Угтаа бол Лу.Гантөмөрийгөө янз бүрээр цоллож дуудах биш, магтаж манлайлуулах байсан юм. “Хүргэн хүү” кинон дээр 20 сайхан шарыг минь хоёр гурван хулгана идчихлээ гэж үү? гээд орилдог шиг авсан 6 яам, хөгжлийн банк, агентлагт орсон АН-ын гишүүдийг Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ж.Баярмаа гэсэн гурван шинэков ажилгүй болгочихлоо гэж үү гэж орилох л үлдлээ.
Үнэхээр АН-ын гишүүн олон хүнийг энэ 3 залуу түүний хоёр нь бүүр жагсаалтаар орж ирсэн гишүүд ажилгүй болгочихлоо. Магадгүй 2032 он хүртэл АН-ын гишүүд ахиж төрийн албанд ийм олноороо зүтгэхгүй болчхов уу гэж бодогдохоор байна. 2024 он бол АН-ын хувьд түүхэн он байсан. 2016 онд Цахиагийн Элбэгдорж, Халтмаагийн Баттулга, Зандаахүүгийн Энхболд, Чимэдийн Сайханбилэг, Эрдэнийн Бат-Үүл гэсэн хүмүүсийн алсын хараагүй, хоорондын дайнаас (АН-ын хувьд дайнтай зүйрлэхээс өөр аргагүй 8 жил ялагдлаа шүү дээ) болж АН Засгийн газарт орж чадаагүй. Харин 2024 оны сонгуульд Лу.Гантөмөр намаа удирдаж, ард олон итгэж сонгуульд 42 суудал автлаа томорсон. Харамсалтай нь нөгөө л өвөө, ах нарынхаа адилаар хоорондоо толхилцоод Засгийн Газраас мултрах болчихлоо.
Одоо АН, ХҮН-ынхан МАН-д ёстой хэрэггүй. Тэд гол ажлуудаа нугалчихсан, МАН-ын дараагийн ээлж албан тушаалаа хүлээж байгаа. Юу л гээд тэд 2028 онд хоорондоо зодоонтой сонгуульд орохов дээ! Жинхэнэ сонгодог нам гэдэг утгаараа эхийг эцээхгүй, тугалыг нь тураахгүй.
ХҮН-ынхан хэн бэ, АН-ынхан яадаг вэ гэдгийг МАН-ынхан энэ жил хүрэхгүй хугацаанд кино үзүүлж байгаа мэт дурайтал харуулчихсан. Одоо тэдний үг УИХ-ын чуулган дээр нээх ач холбогдолтой үнэ цэнтэй ч биш. Гэнэт баяжсан хүн цамаан гэдэг шиг ХҮН, АН-ынхан 8 сар ёстой нэг хөөрцөглөж өглөө. Аргагүй шүү дээ төрийн эрх гэнэт гарт нь орж ирж байхад даа. Хоорондоо зодолдож нармайгаа ч нээлцэж байх шиг. Дуулиантай драмтай л байлаа.
МАН-ынханд одоо хүчтэй сөрөг хүчин л хэрэгтэй. Харин шинэ засагтаа Нямтайширийн Номтойбаярын Үндэсний эвслийг Б.Батбаатарын Ногоон Намыг урьж болно. Энэ бол яг л өмнө болж байсан зохиолоор явж байгаа. МАН-ын алсын харааг үнэндээ АН барахгүй. Н.Номтойбаяртай нэг намд байсан улсууд хамтраад эвсээд ухаанаа уралдуулаад явчихна. Б.Батбаатар 1996-2000 онд гишүүн байсан АН яаж баартдагийг тэр гаргаахгүй тийм дээ ч Засагт орохгүй гэж анхнаасаа мэдэгдсэн нь МАН, АН, ХҮН-ийн хамтрал нээх удахгүй гэдгийг харж чадсан. Яаж хардаггүй гэх юм ганц М.Нарантуяаг уриад намаа УИХ-д 4 суудалтай болгож чадсан дарга шүү дээ.
Үндэсний эвслийн удирдагчийн Л.Оюун-Эрдэнийн талаарх хэлсэн сүүлийн үг, Ерөнхий сайдын МАК компанид хийсэн аяллаас харахад МАН ҮЭ-тэй найзалчих гээд байх шиг.
Ингээд АН дотроо овоо хүчийг авч байсан залуу гишүүдийн фракц мордохын хазгай болж намаа засгаас гаргаад хаячихлаа. Ядаж л 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл “Хамтарсан Засгийн Газарт” ажиллана гэж тооцож байсан яам, агентлагийн АН-ын гишүүдэд дэндүү хайран харамсалтай байгаа. АН-ынхан залуу гишүүддээ нам гэдэг бол эвлэлдэн нэгдээд “Засгийн Эрх Авах” болохоос хэн нэг нь өөрийгөө од болгож лаг харагдуулах биш гэдгийг дахин дахин хэлж заах л үлдлээ. АН-ынхан засгаас гарч юу л байна завтай л болох нь. Зааж сургана биз.
Гэхдээ АН-ын залуу гишүүд нь ойлгосон ч галт тэрэг аль эрт явчихлаа. Л.Оюун-Эрдэнийг огцруулах нь АН, ХҮН хоёрт хамгийн ашиггүй хувилбар гэдгийг намаа засгаас хөөлгүүлсэн залуу гишүүд нь ухаарч ойлгосонгүй тэдний улс төрийн шатны гишгүүр энд хүрээд дууссан байх. Тэд 2028 онд намаасаа 126 ын нэг болж квот авах талаараа одооноос сэтгэлээ чилээх эсвэл нэг мөр бие даах стратегиа бодож эхлэхгүй бол ирээдүй нь их бүрхэг харагдаж эхэллээ.
АН, ХҮН-ын оролцоотойгоор яамдынхаа тоог нэмж чадсан МАН-ынханд одоо боловсон хүчнээс их юм алга. Зургаан яамыг толгойлох боловсон хүчин МАН-д зовох юмгүй л олдоно.
Тээр өнгөрсөн зууны сүүлийн 4 жилд УИХ-д элсний 13 гэж байлаа.











