



















Алдарт Дубайн /2015/ гэрээгээр Монголчууд бид Оюутолгойн ордоосоо 2023 оноос эхлэн хүртэж болох байсан ногдол ашгаа 2048 он хүртэл авахгүй байхаар гэрээлсэн нь тухайн үеийн буюу Ч. Сайханбилэгийн засгийн газрын /УИХ-аар хэлэлцүүлээгүй/ алдаа байсан нь ил болоод буй. Энэ асуудлын хүрээнд ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орноосоо явж, оргон зайлсан гэж үздэг.
Өөрөөр хэлбэл Оюутолгойн далд уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхдээ Монголын тал нөгөө талдаа хэт ашигтай нөхцлийг зөвшөөрсөн бөгөөд ард түмний баялагийг үнэгүйдүүлж, өгөөжийг бууруулсан гэж үзэх талууд цөөнгүй.
Тиймээс УИХ-аас түр хороо гарган ажиллаж, “Рио Тинто”-той хэлэлцээрт орсноор Монголын талын 34 хувьд тооцогдон бодогдож байсан өрийг тэглэх, Дубайн гэрээг хүчингүй болгох тогтоолууд гарсан түүхтэй.
УИХ-аас 2019 онд 92-р тогтоолыг гаргасан боловч хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэгдсэн тул дахин 2021 онд 103 дугаар тогтоолыг УИХ-аас гарган Оюутолгой төсөлд нэмж зээл авахгүй гэсэн шийдвэрийг / тогтоолын 4-р заалтаар/ үүрэг болгосон.
Оюутолгой төслийн санхүүжилтийг анх 5.1 тэрбум ам.доллароор тохирсон ч 2021 онд 12 тэрбум ам.доллар болж өссөн байсан бөгөөд УИХ-аас тогтоол гарган дахин өр нэмэхгүй байхыг даалгасан. Гэсэн ч төслийн өртөг 18 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм.
Хамгийн ноцтой нь зэсийн үнэ дээд цэгтээ хүрч тонн нь 9.000-10.000 ам.доллар болон хаданд гарч байхад бид өөрийн бас нэгэн үүц буюу Оюутолгойн ордтой залгаа бас нэгэн ордоо дахин Дубайн гэрээний замаар оруулж магадгүй гэх мэдээлэл байна.
Учир нь “Антрэ Гоулд”-ын гэрээг төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр, Оюутолгой төслийн нэг хэсэг болгон шууд гэрээлэхээр зэхсэн байж магадгүй байна.
Удахгүй “Рио Тинто”-ийн Зэсийн группийн захирал Кэти Жексон манай улсад ирэх бөгөөд “Антрэ Гоулд”-ын гэрээ яригдаж, улстөрчидтэй уулзаж магадгүй гэх мэдээлэл ч буй.
“Антрэ Гоулд” компани нь Монгол Улсад “Шивээ Толгой” болон “Жавхлант” гэсэн уул уурхайн хоёр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Тусгай зөвшөөрөл бүхий талбайнууд нь Оюу Толгойн бүлэг ордтой залгаа байрлалтай.
Шивээ Толгой:
Зэс- 3.49 сая тонн
Алт- 108 тонн
Мөнгө- 882 тонн
Жавхлант:
Зэс- 5.29 сая тонн
Алт- 568 тонн
Молибден- 157 мянган тонн
Мөнгө- 1,959 тонн










