



















Харвардын Их Сургуульд тавих хяналтаа чангатгахын зэрэгцээ сүүлийн 10 жилийн хугацаанд гадаадаас авсан санхүүжилт, тэтгэлэг, хандив тусламж, байгуулсан гэрээ зэргийг бүрэн судлах шийдвэрийг Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа гаргасан талаар “Уоллстрийт Жорнал” мэдээллээ. Тухайн шийдвэрт дурдсанаар хөрөнгийн эх үүсвэрээс гадна, тухайн хөрөнгийг хандивласан этгээдийн талаарх мэдээллийг хүртэл гаргаж өгөхийг шаардсан байна.
Түүнчлэн 2016 оноос хойш хөөгдсөн гадаад оюутнуудын мэдээллийг гаргаж өгөхийг мөн шаарджээ. Цаашлаад гадаадын засгийн газар, хувь хүмүүстэй харилцсан цахим харилцааны бичлэгүүдийг ч шалгах тухайгаа албан бичигтээ дурдсан байна.
АНУ-ын их дээд сургуулиуд гадаад эх үүсвэрээс орж ирсэн хөрөнгийн талаар хагас жил тутам тайлагнах үүрэгтэй бөгөөд энэ нь ихэвчлэн тэрбум тэрбумаар хэмжигдэх гэрээ хэлэлцээр, хандив тусламж байдаг аж. Харвардын Их Сургуулийн Ерөнхийлөгч Алан Гарбертэд илгээсэн захидалдаа 2014 оноос 2019 оны хооронд тус сургуулиас Боловсролын Яаманд илгээсээн тайланг “Үнэн бодит бус” гэж үзсэн талаараа Боловсролын Ерөнхий зөвлөх онцолсон байна.
Холбогдох хуулиар бол 250 мянган ам.доллараас давсан хандивыг хагас жилийн тайландаа заавал тусгах ёстой ажээ. АНУ-ын Боловсролын сайд Линда Макмахонын үзэж байгаагаар “Энэхүү судалгааг явуулснаар Харвардын Их Сургууль гадаадын нөлөөнд автсан эсэхийг тогтоох эхний алхам болно” гэж мэдэгдээд байгаа.
Харвардын Их Сургууль дээрх судалгааны эсрэг хариу мэдэгдэлдээ “250 мянган ам.доллараас давсан хандив тусламж, гэрээ зэргийг хуульд зааснаар тайлагнаж ирсэн” гэсэн аж. Энэхүү баримт бичиг шаардаж буй явдал нь Трампын засаг захиргаа болон Харвардын Их Сургуулийн хооронд өрнөж буй маргааны сүүлийн үйл явц юм. Өмнө нь Тармпын Засаг захиргаанаас Харвардад бүтцийн өөрчлөлт хийх, багш ажилтан, оюутнуудын үзэл бодлыг шалгах санал тавьсан боловч Харвардын Их Сургуулийн Ерөнхийлөгч Гарбер Трампын засаг захиргаанаас шаардаад буй шаардлагыг няцааж, сургуулийн хараат бус байдалд халдсан хууль бус үйлдэл хэмээн мэдэгдсэн. Үүний хариуд Холбооны засгийн газар Харвардын Их Сургуульд өгдөг 2.26 тэрбум ам.долларын санхүүжилтээ “Царцаагаад” байгаа билээ.










