



















Томчуудын “тоглоомын хөзөр” болсноо ойлгохгүй төрийн ордонд “том дуугарах” УИХ-ын гишүүнтэй гэвэл уншигч та итгэх үү?... Гэхдээ Монгол Улс УИХ-ын сонгуулиа холимог тогтолцоогоор явуулдаг болсон нь дэвшил. Үүний үр дүнд 126 гишүүний хэн нь хэн бэ? гэдэг нь эхнээсээ ялгараад, төсөв хэлэлцэх үеэр “дов, жалга” яриад суух нь ашгүй багассан. Улс төр юм хойно төсвөөс мөнгө авах эрхтэй буюу парламентад суудалтай намуудын өрсөлдөөн сүүлийн үед “хоржоонтой” өрнөх боллоо.
Эрх баригч намтайгаа хамтарсан Ардчилсан нам хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж УИХ дахь суудлынхаа тоог нэмэх боломжийг идэвхтэй эрэлхийлж эхэллээ. Хамгийн эхний сум нь М.Нарантуяа-Нара гишүүн. Тэр аминаасаа уйдаагүй л бол хаяглах ИЗНН-аа, бүр намын даргаа нэр цохон байж парламентын танхимд шүүмжлэхгүй. Түүнд шүүмжлэх асуудал мундахгүй олон.
Асуудлыг углуургаар нь харах гэж оролдвол, УИХ-ын гишүүн, ИЗНН-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөр дээрээ гал дуудах толгой нь олгой болсон “тэнэг” биш. Заримдаа хэтрүүлчихдэг л болохоос хүний эрх, хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугардаг “зоригтой” эмэгтэйчүүдийн төлөөлөл. Хуучны хуурамч дүртэй “поп” улстөрч эмэгтэйчүүдийг бодвол дуугардаг ийм эмэгтэй яагаад гэнэт “Сүүдрийн Засгийн газар байгуулах мөрөөдөлтэй”, зорилго нэг ИЗНН-ын дарга Б.Батбаатараар “оролдох” болов. Түүнд одоо байгаагаас нь илүү боломжийг Ардчилсан нам амлаж, сумаа болгосон байж болох уу? ...
Энэ мэхэнд ИЗНН унаж, Үндэсний хороо нь яаравчлан амралтын өдөр /2024.10.20/ хуралдаж, дэд дарга М.Нарантуяа-Нараг дэд даргынх нь албан тушаалаас чөлөөлөв. Шударга ёс ярьсныхаа төлөө намаасаа хөөгдөх шахав, шударга бус байсныхаа төлөө ИЗНН татан буугдах ёстой гэж хохирогчийн дүрээр ярив. Уярамтгай, өрөвч монголчууд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг өрөвдөж, дэд даргаа албан тушаалаас нь буулгасан ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг “буруутгав”. Б.Батбаатар дарга ч юун уулгамч юм. Ард нь даалгавраа сайн гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нэг өдөр хэвлэлийнхэнд яриа өгч “шударга ёстон” боллоо. Ардчилсан намын амлалт, нэмээд нэг өдрийн шударга ёстон болоод зогсох нь М.Нарантуяа-Нара гишүүнд хэмжээлэшгүй “хожил” байсан байх.
Загасны ой санамжтай монголчууд энэ тоглоом дуусаж, үнэн тодрох үед энэхүү эхлэлийг мартсан байх болно. Төгсгөлд нь захилагч Ардчилсан нам, гүйцэтгэгч М.Нарантуяа-Нара гишүүн нарын зорилго биелж, Ардчилсан нам парламент дахь суудлын тоогоо нэгээр нэмж, тосгоны гэгдэх М.Нарантуяа-Нара гишүүн шударга ёс нэхэж, улс төрийн хоёр дахь том хүчний гишүүн болох нигууртай.
КНОПЫН ТООГООС ГАДНА ТӨСВӨӨС АВАХ МӨНГӨ НЭМЭГДЭНЭ
Тэгвэл яагаад Ардчилсан нам харьяа УИХ-ын гишүүний тоог нэмэх болов. Хууль батлахад өөрийн талын нэг кноптой болохоос гадна төрөөс авах санхүүжилтийн мөнгөн дүн нэмэгдэнэ. Монгол Улс 2005 онд л батлагдаж байсан Улс төрийн намын тухай хуулиа 2023 оны УИХ-ын Хаврын чуулганаар шинэчлэн найруулж, тодорхой шалгуурыг давсан намд сонгогчдоос санал авсан хувьд үндэслэн төрөөс санхүүжилт олгохоор тусгасан. Монгол төрийн хямралын суурь нь улс төрийн нам гэгддэг ч, 18 жилийн дараа хуулийг нь шинэчилж, төрийн суурийг сайжруулах алхамыг Г.Занданшатар даргатай парламент хийсэн юм.
Ингээд Улс төрийн намын тухай хуульд зааснаар, 2025 онд 7.4 тэрбум төгрөгийг УИХ-д суудалтай таван нам, суудалгүй хоёр нам, эвсэлд хувааж олгохоор улсын төсвийн төсөлд тусгасан юм. 2025 оноос МАН төрөөс 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая төгрөг гээд нийт 7.4 тэрбум төгрөгийг авахаар төлөвлөж байна. Гэхдээ сонгуулиар нийт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын нэг хувиас дээш санал авсан намд санхүүжилт өгнө. УИХ-д суудалтай суудалгүй хамаарахгүйгээр тодорхой шалгуурыг хангасан намууд ийн татвар төлөгчдийнхөө дэмжлэгийг хүртэнэ.










