



















Ардын намын зодоон- ард түмний зовлон
Өс хонзон-өрсөлдөөн

Нар наашилж, цөн түрдэг нь цагийн эрхэнд оршино. Хүссэн ч үл хүссэн ч цагийн эрхийг зогсоож эсвэл хурдлуулж үл болно. Ер нь ч цаг цагаараа байдаггүй. Харин тэр цагийг хэрхэн мэдэрч, хэрхэн ирэх, явахыг зохицуулж болмоор... Гэхдээ хүн гээчийн ухааны цараа, уужуу сэтгэлийн зайнаас хамаардаг биз. Монголчууд бид залуу үеэ хөлийг дөрөөнд, гарыг ганзганд хүргэхийг юугаар ч золиод авч чадах ард түмэн. Үр хүүхэд, түмэн олон минь гэж залбирахаас төрсөн энэ бие минь гэж бодох нь бараг нүгэл гэж итгэх “ирээдүй”-д хайртай, онцлог сэтгэлгээтэй. Тиймээс ч залуу хүнийг яаж ч алдаж оносон зэм бага, урам их өгөх нь элбэг. Сүүлийн өдрүүдэд МАН-д өрнөсөн талцал, хуваагдал ӨС ХОНЗОНГИЙН шинжтэй шахуу болж байгаа нь намын биш Монголын зовлон болж мэднэ. Тиймээс ханцуй дотроо тохиролц гэхгүй ч нам дотроо эвээ олох нь улстөрийн ууган хүчний хувьд УЛСАА бодож буй том илрэл болно. Даян дэлхийд дайн байлдаан, эмх замбараагүй асуудлууд ужгирч байхад дотооддоо эвдрэлцэж, амин хувиа бодсон улстөрийн ялалт авах гэж улайрах нь бүүр ч зохисгүй санагдах. Уламжлалгүй шинэчлэл үгүйтэй адил шинэ үе цөн түрэхийг юу ч эс зогсооно.
Төрөө “идэх”- Түмнээ талцуулах
Монголын заяа их гэдэг үг мартагдаж Монголын төр хулгайч, луйварчид, зандалчид, завхайчууд үүрлэсэн мэт мэдээллүүд ар араасаа амьсгаа авах боломж олгохгүй шахуу нийтэд цацагдаж байна. Төрийн гурван өдөрлөг гэж хэтийдэн хүндэтгэсэн мэт тэд хоорондоо хэн нь хамгийн адгийн бэ гэсэн шалгаруулалтаар өөр хоорондоо өрсөлдөж ахуй. Эндээс тэд биш бид хохирно. Үндэсний бахархал, хүндэтгэл, төрөө гэж сүслэн залбирах итгэл үгүй болж, төр гэж хулгайч, луйварчин, зандалчин, завхайчуудын оромж лугаа бодох нь урт холын Монголын заяанд хамгийн их цөвтэй. Тиймээс арга эвээ олж, дараа дараагаа бодож дарга цэргийнхээ асуудлаа нам дотроо ярилцаж, ард олондоо “цус” бага үзүүл.
Хуулийн маргаан- итгэл үнэмшил
МАН-ын даргын сунгаа ардын намд ч бус ард олны дунд ч маргаан дагууллаа.
Шинэ залуу даргатай болсон гэж итгэх үү, үгүй гэвэл Л. Оюун-Эрдэнэ дарга нь ажлаа өгчихсөн. Даргагүй нам болох уу… хуулийн, дүрмийн маргаан нь Засгийн газрын танхим руу хальж онцгой бүрэн эрхийн дор 100хан хоног ажилласан Л. Мөнхбаатар сайдыг өөрөө ч мэдээгүй байхад нь сольж Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Их хуралд танилцуулахгүйгээр Б. Энхбаяр гишүүнээр солиод тавьчихав. Үүний цаана үнэхээр намынхан нь хэлээд байсан шиг өндөр Энхбаяр нь зөвхөн сайдын төлөө дуугардаг уу, Ерөнхий сайд яаран сандран хуулийн маргаантай энэ томилгоог яагаад хийв, хэн зөвлөв, цаашид юу болох вэ. Тойргийн иргэдээсээ сонгогдож чадаагүй үеийн найз нар нь Зандан даргыг зулын гол болгоод өөрсдөө бахаа хангаж, залуусынхаа эсрэг шатрын хүү болгож суугаа юм биш биз. Аль аль тал итгэл үнэмшил төрөхүйц, хуулийн үндэслэл бүхий тайлбар, мэдэгдлүүдээ “хий”-гүй хэлж, мэдэгдмээр байна. Тэгэхгүй бол 100 жилийн түүхтэй МАН 100хан хоногийн нам болоход улам ойртсоор…










