



















Паралимпийн наадмын сүүлийн шөнийг дэлхий нийтээрээ электро хөгжим, лазер шоуны гайхамшиг дунд “хэрхэн найрлахаа бид мэднэ” гэсэн шиг доргин өнгөрөөв. Наадмыг зохион байгуулагчид өмнө нь ингэж хэлсэн билээ. Сена мөрний эрэгт аадар борооноор нээсэн Парисын олимпийн их наадам төгсгөлдөө мөн л хур бороо дагуулж “Тэгш хүртээмжтэй ертөнц” чухам ямар байдгийг тунхаглалаа. Тэсвэр тэвчээр эр зоригийн билэгдэл Паралимпийн тамирчдын эрч хүчийг электро хөгжим, лазер гэрлийн нүд гялбам гайхамшгаар дүрслэн харуулсан нь энэ байв. Зөвхөн паралимпийн тамирчдаас гарч болох тэсвэр тэвчээр, суу билэг, эр зоригийг электро хөгжмийн хүчирхэг хэмнэлтэй зүйрлэсэн уран дүрслэлээр Парис-2024 паралимпийн наадам хүн төрөлхтний их баяр наадамд “дахин” цензур тогтоосон нь энэ. Спортын 22 төрлөөр өрсөлдсөн 169 орны 4400 тамирчин Францын “Стад де Франс” цэнгэлдэхээс баярлалаа баяртай гэж хэлэхдээ “оролд”, “бүтэлгүйт”, “тэгээд дахин бос” гэх үгийг дэлхийн өнцөг бүрт хүргэх мэт... Паралимпийн тамирчидтай хамтдаа баярлаж, уйлж, догдолж, биширсэн сэтгэл хөдлөлүүд мартагдаж болох ч Парис-2024 зуны олимпын түүхэн дурсамж “үүрд” үлдэнэ.
ТҮҮХЭН АМЖИЛТЫН ЭЗЭД
Энэ удаагийн Паралимпийн наадамд Монголын баг тамирчид “анхны” гэх тодотголоор дүүрэн түүхэн амжилтыг үзүүлж, эх орондоо нэг алт, гурван мөнгө нийт дөрвөн медалийг авч ирснээр дэлхийн 168 улсаас 57-р байрт эрэмблэгдлээ.
Олимпийн наадамд түүхийн шинэ хуудсаа нээсэн манай паралимпийн баг тамирчид хичээл зүтгэл ямар агуу амжилтыг дагуулдагийн тод жишээ болов. Монголчууд Таеквондогийн олимпийн эмэгтэй аваргатай болно чинээ төсөөлөөгүй явсан тэр сэтгэлгээг У.Сүрэнжав эвдлээ. Мөн Таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн таван удаагийн аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн нь бид спортын төрлүүдийг “ялгаварлах” бус бүх тамирчдаа тэгш хүртээмжтэй дэмжих ёстой “сануулга” болсон эхлэл байв.
Үргэлжлээд хөнгөн атлетикийн төрлөөр Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж монголчуудыг огшоосон бол хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртэж, алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны паралимпийн тамирчин, бахархам амжилтын эзэн болцгоолоо. Үүгээр монголчууд бид зөвхөн бөхийн төрлөөс медаль “горьдож” суудаг цаг эцэс болов.
ПАРАЛИМПИЙН ОНЦЛОГ: ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ ЕРТӨНЦ
Тэгш хүртээмжтэй, хүмүүнлэг энэрэнгүй ертөнцийн билэгдэл нь Паралимпийн наадмын гол онцлог. Паралимпийн амин сүнс нь дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах нийгмийн үзэл санааг өөрчлөх, тэдэнд тулгамдах саад бэрхшээлийг арилгах, боломжгүй холын мэт мөрөөдөл гэж байхгүй гэдгийг харуулах явдал мөн. Паралимпийн тамирчид бол сэтгэлгээний гайхамшиг бөгөөд бие бялдрын чадавхиа “туйлын хязгаарт” хүртэл шавхаж чаддаг. Тиймээс дэлхийн ихэнх улс паралимпийн тамирчдын амжилтыг олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчидтай ижил үнэлж, урамшуулдаг. Энэ бол тэгш хүртээмж.
Гэхдээ паралимп болон олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдад ижил цалин урамшуулал олгох асуудал дэлхийн зарим улс орнуудад маргаан дагуулсан гол асуудал хэвээр байна.
Олимпийн наадам бол ур чадвар, авъяас чадвар хөгжлийн бэрхшээлээс үл хамааран бид нэгнээ “хүлээн зөвшөөрч”, хамтдаа хөгжих билэгдэл юм. Энэ Парис-2024 зуны Олимп болон Паралимпийн наадам хүн төрөлхтнийг цэнгүүлж, спортын гайхамшгийг мэдрүүлэв.
Баяртай Парис-2024, Лос Анжеласт “баяртай” уулзъя...










