




















Дэлхий дахин "хар" нүүрсийг олборлоод хэдэн зуун жилийг үдсэн нь лавтай. Харин нүүрсний олборлолтын тоон мэдээг гаргадаг болоод даруй 100 жилийг үдэж байна. Өнөөдөр нүүрс олборлолтоороо хэн тэргүүлж байна гэхээсээ хэн тэргүүлж байсан бэ? Бид хаана нь явна? гэсэн асуулт хэн бүхний сонирхлыг татаж буй нь лавтай.
Монголчууд нүүрсээ олборлож БНХАУ-д экспортолдог болсноос хойш 18 жилийг ардаа үджээ. Нүүрсний арвин нөөцтэй Тавантолгойн бүлэг ордууд тэртээ социализмийн үед нээгдсэн ч 50 гаруй жилийн дараа буюу 2009 оноос албан ёсоор Монгол Улсын тэргүүлэх экспортын бүтээгдэхүүн болсон байна. Үүнийгээ дагаад Монгол Улс дэлхийн нүүрсний салбарт гол тоглогчдын нэг болсон. БНХАУ-ын үсрэнгүй хөгжил нь тус улсыг болоод түүнийг дагасан хөрш улсын эдийн засагт хүчтэй нөлөөлж хөгжлийнх нь үндэс болжээ. Сүүлийн 25 жилд БНХАУ ингэж үсрэнгүй хөгжөөгүй бол Монгол, Малайз, Австрали, ОХУ зэрэг улсуудын нүүрсний салбар үсрэнгүй хөгжих боломжгүй байсан юм.

Өнгөрсөн зууны эхэн буюу 1900 аад онд АНУ жилд 162 сая тонн нүүрс олборлож дэлхийд тэргүүлж байсан бол түүний араас Их Британи, Герман, Франц, Австри-Унгарын хаант улсууд бичигдэж байжээ.
Харин дэлхийн нэгдүгээр дайн дуусаж, октябрийн хувьсгал эхэлсэн 1917 онд АНУ 524 сая тонн, Их Британи 214 сая тонн, Герман 130 сая тонн, Польш 42 сая тонн нүүрс олборлож байсан бол Хаант Орос 26 сая тонн нүүрс олборлож байсан. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж Гитлерийн Герман 176 сая тонн нүүрс олборлож гуравдугаарт бичигдэж байсан бол АНУ тэргүүллээ хадгалан 460 сая тонн нүүрс олборлож байлаа. Зүүн өмнөд Азид ноёрхлоо тогтоосон Япон нь нүүрс олборлогч гол орнуудын нэг болсон юм. Япончууд 1941 он гэхэд 53 сая тонн нүүрс олборлож байсан байна. Дэлхийн нэгдүгээр дайнаас улбаалан октябрийн хувьсгал хийж Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс хэмээн нэрээ өөрчилсөн Хаант Оросууд 1941 он буюу Гитлерийн Герман цөмрөхөөс өмнө 165 сая тонн нүүрс олборлож, нүүрс олборлолтоороо дэлхийн супер 5 гүрний дөрөвдүгээрт бичигдсэн байдаг. 1917 онд 524 тонн нүүрс олборлож байсан АНУ нүүрсний салбарт тэргүүлсэн хэвээр байсан боловч олборлолт нь 60 гаруй сая тонноор хумигджээ.
Дэлхийн хоёрдугаар дайн дуусахад Гитлерийн Герман ялагдах нь нэгэнт тодорхой болж тэдний нүүрсний олборлолт 69 сая тонн хүрсэн бол ЗСБНХАУ -ын нүүрсний олборлолт 132 сая тонн болж буурсан байна. Харин АНУ тус салбарт тэргүүллээ алдаагүйн дээр 1917 оныхоо түвшинд эргэн хүрч 537 сая тонн нүүрс жил бүр олборлож байжээ.

Ийнхүү шинэ зууны босгон дээр БНХАУ хэмээх аварга эдийн засаг шинээр төрөн гарч Дэлхийд нүүрсний үйлдвэрлэлээрээ 1 тэрбумыг тонныг давсан амжилттайгаар ирэх мянган жилийг угтсан юм. 2000 онд БНХАУ 1 тэрбум 80 сая тонн, АНУ 827 сая тонн, Австрали Улс 246 сая тонн, ОХУ 207 сая тонн, Өмнөд Африк 191 сая тонн, Энэтхэг Улс 190 сая тонныг олборлож байсан бол Польшууд 95 сая тонн нүүрс олборлож эхний долоод бичигдэж гол тоглогчид болоод байсан юм. Түүний араас ХБНГУ, Индониз, Казакстан улсууд бичигдэж байлаа. 2009 он бол Монгол Улсын хувьд түүхэнд тодоор тэмдэглэх жил байлаа. Энэ онд Монголчууд “Оюун Толгой”-н гэрээ байгуулж зэсийн салбарт анхаарлаа хандуулж байхад нүүрсний салбар чимээгүй өндийж байсан юм.
Энэ онд түүхэндээ анх удаа Монгол Улс 10 сая тонн нүүрс олборлож дэлхийн нүүрсний салбарт гол тоглогч болох эхнийхээ алхамыг хийсэн. Энэ алхам нь Монголчуудын бизнес ухаан гэхээсээ илүүтэйгээр үсрэнгүй хөгжиж буй БНХАУ-тай хиллэж байдаг нь ерөөл болсон гэлтэй. Тухайн ондоо 11 сая тонн нүүрс олборлож байсан бол 2010 онд 13 сая тонн, 2011 онд 25 сая тонн, 2012 онд бага зэрэг буурч 22 сая тонн нүүрс олборложээ. 2015 он гэхэд ахиж дэвшилгүй жилд 20 сая тонн нүүрс олборлож уг тоон дээрээ гацаад байлаа.
Харамсалтай нь Монголын бизнес эрхлэгчдийн нэгнээсээ давах гэсэн шунал, улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийн өрсөлдөөн 5 жил дотор жилд дунджаар 20 сая тонн нүүрс олборлох хэмжээнд гацаасан байдаг. Ингээд 2017 он гэхэд нүүрсний салбар үсрэнгүй хөгжиж 2015 онд олборлож байсан нүүрсээ 2 дахин нэмэгдүүлж 42 сая тонныг олборлосон түүхэн жил болсон. Мэдээж дэлхийн зах зээл дээрх гэхээсээ БНХАУ-ын нүүрсний импорт нэмэгдсэн, үнэ өссөн гэсэн хүчин зүйл байсныг үгүйсгэх аргагүй. Энэ үед БНХАУ-ын дотоодынх нь нийт олборлолт 3.2 тэрбум тоннд хүрээд байсан бол АНУ-ынх 634 сая тонн, Энэтхэг 587 сая тонн, Австрали 461 сая тонн, Индонез 424 сая тонн, ОХУ 382 сая тоннд хүрч байсан юм.
2020 он гэхэд Монгол Улсын нүүрс олборлолт 47 сая тоннд хүрсэн бол БНХАУ-ын нүүрс олборлолт 3.88 тэрбум тоннд хүрсэн байдаг. “Ковид” цар тахлын нөлөө 2020 болон 2021 он дэлхий дахин эдийн засагт ихээхэн хар сүүдрээ тусгасан бөгөөд энэ сүүдэр Монгол Улсыг тойроогүй дайраад гарсан. 2022 он гэхэд Монгол Улсын нүүрсний олборлолт 35 сая тоннд хүрч унасан нь цар тахалын нөлөө гэхээс өөр аргагүй.
Харин 2023 онд Монгол Улс 83 сая тонн нүүрс олборлосон талаар дэлхийн нүүрсний тайланд дурдсан нь дэлхийд 11 дүгээрт бичигдэх гайхам амжилт юм. Өнгөрсөн онд БНХАУ 4.7 тэрбум тонн нүүрс олборлосон бол Энэтхэг Улс 1 тэрбум нүүрс олборлож хоёр дахь тэрбум тонн нүүрс олборлосон улсаар бичигдлээ. Түүний араас Индонез Улс 775 сая тонн, АНУ 526 сая тонн, Австрали 455 сая тонн, ОХУ 432 сая тонн, Өмнөд Африк 228 сая тонн, Казакстан 116 сая тонн, Герман 102 сая тонн, Польш 88.7 сая тонн нүүрс олборлосон байна.
Дэлхий “Ногоон Эдийн Засаг” ийн тухай хичнээн ярьж байгаа ч нүүрсний салбар үсрэнгүй хөгжсөөр түүний тусгал Монгол Улсад нөлөөлсөөр байгааг тоон мэдээ харуулсаар байгаа.










