



















Өнөөдөр буюу баасан гарагт БНХАУ АНУ-тай худалдааны хэлэлцээр эхлүүлэх боломжийг судалж байгаагаа тус улсын Худалдааны Яамны төлөөлөгч мэдэгдлээ. Төлөөлөгч "Худалдааны хэлэлцээр нь аль аль талаа хүндэтгэсэн чин сэтгэлийнх байх ёстой" хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна.
Энэхүү мэдэгдэл нь АНУ хэлэлцээ хийх сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлсэнтэй холбоотой аж. БНХАУ-ын Худалдааны Яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, АНУ нь олон сувгаар хэлэлцээ эхлүүлэх дохио өгсөн байна.
"БНХАУ-ын байр суурь нэг хэвийн. Хэрэв бид тулалдвал эцсээ хүртэл тулалдана, хэрэв хэлэлцвэл үүд хаалга нээлттэй. Худалдааны дайн нь АНУ-аас нэг талыг барьсан байдлаар эхэлсэн" гэж яамны төлөөлөгч мэдэгдсэн.
Мөн тэрээр “Амаараа нэг зүйл ярьж, үйлдлээрээ өөр зүйл хийх, эсвэл хэлэлцээ хийх нэрийдлээр дарамт шахалт үзүүлэх оролдлогод БНХАУ хэзээд "ҮГҮЙ” гэнэ" хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна.
Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын тал хэлэлцээ хийх санаачилга гаргасныг БНХАУ-ын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсний дараа гарчээ. АНУ-ын зарим албан тушаалтнууд худалдааны дайн удаан үргэлжилбэл үүсэх эдийн засгийн сөрөг үр дагавраас болгоомжилж, хэлэлцээнд нээлттэй байгаагаа илэрхийлээд байгаа юм.
АНУ, БНХАУ-ын хооронд хийгдэх аливаа хэлэлцээр нь хурцадмал байдлыг зөөлрүүлэх бүрэн боломжтой.
Тухайлбал дөрөвдүгээр сард хоёр улс харилцан өндөр тарифтай хориг арга хэмжээ авсан. Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын импортын бараанд 145%-ийн тариф тогтоосон бол БНХАУ АНУ-ын бараанд 125%-ийн тариф ногдуулсан.
Трамп өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын бараанд ногдуулсан өндөр тарифыг бууруулахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ БНХАУ эхэлж хэлэлцээний ширээний ард суух ёстой гэж тэрээр мэдэгдсэн юм. Харин БНХАУ-ын зүгээс, АНУ импортын өндөр тарифаа эхлээд бууруулахгүй бол хэлэлцээ эхлэхгүй хэмээн мэдэгдсэн.
Харин АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэлцээ эхлэхийн өмнө АНУ-аас БНХАУ-ын бараанд ногдуулсан өндөр тарифыг бууруулах магадлалтайг онцолсон бөгөөд Вашингтон-Бээжингийн хэлэлцээ урт удаан, төвөгтэй байхыг үгүйсгээгүй.
Трампын тарифын зорилго нь АНУ, БНХАУ худалдааны алдагдлыг бууруулах явдал юм. Түүний тарифын бодлого БНХАУ-аас импортолж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээг бууруулахад нөлөөтэй ч АНУ-ын компани, хэрэглэгчдэд өндөр өртөгтэй тусахаар байгаа. Учир нь АНУ-ын олон компани БНХАУ-аас орлуулж болшгүй чухал түүхий эд, материалыг худалдан авдаг.
Мөн Трампын тариф БНХАУ-д бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг компаниудад ноцтой алдагдал хүлээлгэхээр байгаа. Тухайлбал, "Apple" компани бүтээгдэхүүнийхээ 90%-ийг Хятадад үйлдвэрлэдэг бөгөөд худалдааны дайны уршгаар хоёрдугаар улиралд 900 сая ам.долларын алдагдал хүлээхээ мэдэгдсэн. "Амазон" компани ч мөн адил цахим худалдаа болон жижиглэн худалдааны нэгжид орлогын алдагдал үүсэж буйг тарифын нөлөөтэй холбон тайлбарласан байна.










