



















Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц ашиглалтад орж, билэгт сайн өдөр Монголчуудын магнай тэнийв. Анх удаа дотоодын хөрөнгө оруулалтаар дулааны цахилгаан станцтай болно гэдэг бол бидний Монголчуудын бахархал. Хоёр хөршийнхөө хөлд цагиргалаж, царай алдаж хэвтдэг үе улирахын дохио. Эрчим хүч бол тусгаар тогтнол, эрчим хүч бол үндэсний аюул байдал. Ингээд бид 600 МВт цахилгаан станцынхаа эхний 150 МВт-ыг төвийн эрчим хүчний системд нийлүүлж гал алдалгүй өвөлжихөд бэлэн болов. Юутай баяр, юутай завшаан...Гэвч...
Баасан гарагт зам дээр таг зогссоор арайхийн гэрийн бараа эхнээсээ харцгаасан нийслэлчүүд тогоо таслуулав. Нийтээрээ нийслэлээрээ харанхуйд шогшролдож ээ хөөрхий “эрчим хүчний шинэ эх үүсвэр” “за даа тоггүй өвөлжих нь дээ” гэх халаглаж эхэлцгээв дээ бид чинь. Нийтээрээ тоггүй болох үед л цахим орчинд яригддаг халуун сэдэв л дээ. Жир үед бол учир мэдэх цөөн хэдийн л яншиж үгэлдэг гол сэдэв. Бусад үед бол нийтээрээ нийгмийн сүлжээний түмэн зүйлийн хов живд толгой мэдүүлээд ДЦС-ууд “амь тавьж” байгааг “нохой хуцах” чинээнд ч тоохгүй. Тиймээс “Бөөрөлжүүтийг” холбохын урьд өдөр бөөнд нь тоггүй бүлтэгнүүлээд, эрчим хүчний үнэ цэнийг яс маханд нь ойлгуулаад өгөв. Ингээд эрчим хүчгүй бол ирээдүйгүй, хөгжилгүй, ер нь амьдралгүйг бултаар ойлгосон нийслэлчүүд бөөрөлжүүтийн цахилгаан станцад бонд гаргаж хөрөнгө оруулсан хотын дарга Нямбаатарын “найраанд” уяраад ирэв. Орон нутгийн сонгууль ойртоод байдаг оноо хэрэгтэй, ууртай нийслэлчүүдийг уцаарыг сонгуулиас өмнөхөн дармаар байдаг. Ингээд тог тасалж байж тавьсан урхиданд нь нийслэлээрээ орчих шиг боллоо. Хүнд үед нийслэл 500 тэрбумын бонд гаргаж үүнийхээ 300 тэрбумыг нь цахилгаан станцад хөрөнгө орууллаа, хүнд үед эрчим хүчээ шийдэв гэсэн элдэв тролл, фанатуудын дэмжлэг хаа сайгүй харагдана. Учир шалтгаангүй үр дагавар гэж үгүй...
14 МЕГАГ ӨӨРСДӨӨСӨӨ ИЧТЭЛ НЬ “ТОГ ТАС”
Өөдгүй л юм. Ханилж яваад ханиа, унаж яваад морио гэдэг шиг нийслэлдээ “оноо” авах гээд Ерөнхий сайдаа маанаг харагдуулж, байна гэхээр....Авлигачин арми араасаа чирчхээд, яая гэж ядаж яваа Л.Оюун-эрдэнэ арайхийн 14 мега төслөө танилцуулав. Уг нь нийслэлчүүд тогоо таслуулахаас хэдхэн цагийн өмнө хамтарсан засгийн газрын хамгийн том зорилтыг сонсож “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” урианд нь итгэн үнэмшиж байлаа л даа.
Нээрээ л 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрэх боломжтой юм болов уу гэж монгол хүн өөдрөг төсөөлсөн. Ямар манай нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрч үзсэн ч биш. Тийм тоо сонсохоор өөрийн эрхгүй хөгжил нүдэнд нь харагдаад, хиймэл оюун ухаан ашиглаж өмнөөсөө ажил хийлгээд, уур амьсгалын өөрчлөлт нь явагдаад байвал яршиг өөр гарагт амьдаръя, судалгаа хийлгэх хиймэл дагуулаа хөөргөөд цэнгэлийн манлайд хүрэх нь гээд түгжрэл дунд гэнэхэн мөрөөдөцгөөж явав. Ингэж мөрөөдтөл ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжицгээж суваг, сайт, инфлүүзэрүүд нь хүртэл зүүдэнд ортол “нэг” гарчигтайгаар сэвсэн юм хойно. Гэтэл түгжрэлийг барсаар гэртээ орж иртэл тог тас. Удтал “тог” ирэхийг хүлээсэн нийслэлчүүдийн “урам хуга”. Засгийн газар нь “мега” төсөл танилцуулж байхад “микро” бидний асуудал лаагаар шийдэгдэж суух... Хяслантай ч юм даа. Эрчим хүчний чадлын дутагдлаа нөхөх чадваргүй засаг “Cпейс X”-тэй өрсөлдөнө ч гэнэ үү... Эцсийн эцэст элэнцгийн хиймэл дагуул. Хиймэл дагуул нь өөрөө Н.Учралаасаа ичээд эргэх холбоогүйгээр тойрог замдаа "үүрд" таг болох биз. 14 “мега” төсөл эхлүүлэх бүү хэл 14 “мини” төслийн ард гарах чадамжгүй намд дахиад л хулхидуулах дөхөж бид.
Дүүжин тээвэр, усан тээвэр, LRT, нефтийн үйлдвэр, гангийн үйлдвэр, утаа бууруулах, түгжрэл арилгах, ядуурал бууруулах, шахмал түлш гээд оролцсон ажил бүхэн нь бүтэлгүй, төрийн өмчит компаниуд нь алдагдалтай, нүүрсийг хяналтгүй зөөж, 23 сан нь тонуулчхаад байхад “нүдэн балай чих нь дүлий” дараагийн их хулгайдаа “мега” баг зүүн хээв нэг орох гэж яваа эрх баригч намынхны ямар ч үйлдэлд эс итгэнэ.
“Мега төсөл” бол дараагийн “мянганы хулгай”, “мянга нэгэн шөнийн үлгэр”. Өнгөрсөн 8 жилд хамаг хөгжлийн гацаа тээг болсон Гашуунсухайт-Ганц мод хил дамнасан холболт, "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын асуудал угаасаа хийгдэх ёстой ажил. “Мега” гэж нэрлэх нь ч юу чив. Манайх шиг нүүрстэй оронд маш хурдан шийдэх ёстой төмөр замын ажил. Бид “Мега” гэж итгэж сүрийг үзүүлээд байгаа болохоос биш. Юутай ч хамтарч хоёр нэг ажлынхаа Пи-Араар нөгөөхийнхөө Пи-Арыг татаж унагах нь хоржоонтой. Пи-Ар гэгчээр л төрийн ажил нь явдаг зарлан мэдээлэгчдийн эх орон юм...










