



















Монгол Улсын иргэн Цахиагийн Элбэгдоржийг 2023 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр болсон “Нүүрсний Сонгол”-оор аль эрт арилаад өгснийг ард түмэн мэдсэнээс хойш өнөөдрийг хүртэл эргэн ирээгүй 450 гаруй хонож байна. Яагаад иргэн Цахиагийн Элбэгдорж өнөөдрийг хүртэл эх орондоо ирэхгүй байна вэ?
“Баваарын тэнгэр дор”
Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд ХБНГУ-ын Мюнхен хотод зохион байгуулагдсан “МЮНХЕНИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХУРАЛ" арга хэмжээнд оролцоод явж байгаагаа өөрийн “X” цахим сүлжээгээрээ мэдээллэсэн. Бүүр Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж байгаа зургаа нийтэлсэн юм. Үнэндээ “Дэлхийн Монголчуудын Холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Элбэгдоржид энэхүү хурал ёстой “түй” хамаагүй сэдэв боловч түүний Пи-Арт бол ихээхэн хэрэгтэй байсан байх магадлалтай.
Ц.Элбэгдорж “Дал гаруй орны дөрвөн зуу орчим оролцогч зөвхөн урилгаар жилдээ нэг цуглана. Энэ удаа би "The Elders" байгууллагынхаа шугамаар тус хуралд бусад нөхөд, ажлын алба гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Тусгайлан нэр зааж биднээс тавыг нь энэ жил урив. Анх Нелсон Мандела санаачлан байгуулсан, босго өндөртэй, арван хоёрхон гишүүнтэй, онцгой клуб. ” хэмээн өөрийнхөө “X” дээрх “БАВААРЫН ТЭНГЭР ДОР” хэмээх нийтлэлдээ тодотгосон.
Цахиагийн Элбэгдоржийн сүүлийн 30 жилд өөрчлөгдөөгүй зан нь өөрийгөө магтах. Саяхандаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай мөнх бусыг үзэхэд түүнд зориулсан нийтлэлийнхээ 80 хувьд нь өөрийгөө л магтсан байсан. Өөрийгөө магтах тал дээр түүнд “Ичих булчирхай” огтхон ч байхгүй. Үүгээрээ Улсын Баатар тэр хоёр хүн, сүүдэрийн хослол мэт ижил.
Цааш нь тэрээр нийтлэлдээ “Үгэн дотроос үг, санаан дотроос санаа хайсан л хүмүүс” гэжээ. Тиймээ түүний үг үйлдлээс харахад өөрийгөө дэлхийн хүн болгож дөвийлгөн, дэлхийн асуудлыг шийдэж буй супер удирдагч шиг харагдуулах зорилготой. Харамсалтай нь түүний олон жилийн өмнө уншиж байсан “Нүүх үү? Үлдэх үү?” лекцэнд нь хууртаж байсан Монголчууд өнөөдөр хамаагүй хэрсүү болсон гэдгийг тэр л өөрөө ойлгохгүй яваа бололтой.
Түүний Ерөнхийлөгчөөр засагласан 8 жилд Монголчуудад ямар өв үлдэв? Хууль шүүхийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөж болдог, найзыгаа прокуророор тавьчихаад бизнесменүүдийг шоронд хориод төлбөрөө төлбөл чөлөөлдөг. Хүний эрхийг уландаа гишгэдэг, гэмтэй ч бай, гэмгүй ч “Вишинскийн арга” гэгддэг тарчлаан зовоож тамлах маягаар хэрэг хүлээлгэдэг. Улсын мэдэлд байсан үйлдвэрийг Ерөнхий сайдтайгаа нийлж хууль бусаар хувьчлах оролдлого хийсэн, гадаадын хөрөнгө оруулагчидтай Монгол Улсад ашиггүй биш бүүр алдагдалтай хэдэн жилээр өрийн дарамтад оруулах гэрээ хийж болдог юм байна гэсэн ойлголтыг улстөрчдөд үлдээсэн нь сайн гэхээсээ муу өв юм.
Тэрээр мөн нийтлэлдээ “Зеленскиин оронд хэн ч өөрийгөө тавиад харсан сэтгэл хөдлөхөөр. Олон улсад ийм нэр нүүртэй, алдар хүндтэй нэг хүнтэй байхад жижиг том аль ч оронд адилхан зүйрлэшгүй баялаг юм. Их зүтгэл, зориг авъяас, ухаан чадвар шаардах ажил” гэсэн нь өөрийгөө би та нарын дэлхийд гарсан аугаа удирдагч хэмээн тунхаглах нь холгүй. Харамсалтай түүний ард түмэн гэгдэх бид түүнээс ичих.
“The Elders” гэж ямар байгууллага вэ?
“Дэлхий даяар шударга ёс, энх тайван, хүний эрхийн төлөө” гэсэн уриагтайгаар Нельсон Мандела “The Elders” байгууллагыг 2007 онд үүсгэн байгуулж байсан аж. Үйл ажиллагаа нь Энхтайван аюулгүй байдал, Хүний эрх шударга ёс, Шударга шилжилт, Эмэгтэйчүүд, залуусын эрхмэдлийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү байгууллага нь дэлхийн улс төр, дипломат, хүний эрхийн салбарын нэр хүндтэй, туршлагатай удирдагчдын гишүүнчлэлтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч байсан гэдгээрээ дулдуйдан тус байгууллагын гишүүн болж яваа Цахиагийн Элбэгдоржийг эх орон нь нэг биш нэлээн олон хэрэгт түүн дундаа хүний эрхийг зөрчсөн хэрэгт холбогдуулаад “Интерпол”-оор зарлавал “The Elders”-ийн одоогийн гишүүд болох Ирландийн эмэгтэй Ерөнхийлөгч Мэри Робинсон, Норвегийн Ерөнхий сайд асан Харлем Брундтланд, Чингисийн одонт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бин Ги Мүн, Колумбийн Ерөнхийлөгч асан Хуан Маниуэль Сантос гэх мэт эрхмүүдийн хэн нэг нь түүний “The Elders” байгууллагын гишүүн байх эрхтэй эсэхийг нягтлан шалгуулж магадгүй л юм.
Тэр энэ бага хуралд очиж өөрийнхөө хүссэн хэргээ бүтээгээд авсан. Хүссэн зүйл нь Зеленскийгийн өмнө хойно хэд сайхан зургаа татуулах байсан нь яг л байгаа оножээ. Үүнийгээ өөрийнхөө “X” нийгмийн сүлжээ дээр бахдалтайгаар түгээсэн. Энэ л зургийг авхуулахын тулд тэр уг хуралд очсон болов уу гэж хардаж байна.
Харамсалтай нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленский толхилцоод авсан нь их санасан газар есөн шөнө хоосон гэдэг шиг Цахиагийн Элбэгдоржийн төлөвлөгөөг нураачих шиг болсон.
Валадимир Путины эсрэг Цахиагийн Элбэгдорж
Угтаа бол Цахиагийн Элбэгдорж Ерөнхий сайдын барим тавим яриад байгаа “Ачит Эх”-т компаниас шилжүүлж авсан 14 сая ам.доллараар дуртай орноороо тэнэж, дуртай саундаа сууж (“Корпорэйт гэж зочид буудалд нь нэг саун байдаг юм, би саунд орох дуртай, саунд нь орж байсан. тэрийг л хэлсэн байх” гэсэн ЭНД дарж уншина уу) баймаар байвч төрсөн нутгаас нь ял нэхээд байгаа болохоор яах аргагүй энд тэнд явж хэн нэгэнтэй зураг даруулахаас өөр аргагүй болсон.
Монгол Улсын иргэн хэн ч, хаана ч, хэнтэй ч уулзаад явах эрхийг үндсэн хуулиар бидэнд олгосон. Энэ эрхээ Цахиагийн Элбэгдорж эдлэх нь зүй ёсны үзэгдэл. Гэхдээ эв нь олдвол Украйны Ерөнхийлөгчтэй л хамт байгаагаа бусдад мэдэгдэх гэж зориод байгаагийн цаад зорилго маш энгийнээр “Украйныг дэмжиж байгаа тул ОХУ-ын Ерөнхийлөгч Валадимир Путин Монгол Улс дахь гар хөл түүн дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр өөрийг нь намнуулах гэж оролдож байна гэсэн ойлголтыг түмэнд түгээх оролдлого” юм. Монгол Улс Цахиагийн Элбэгдоржийг гэмт хэрэгт сэжиглэн “Интерпол”-оор хайгаад эхэлбэл юун Мюнхений бага хурал, юун Харвардын Их сургуульд ажиллах бүгд лөөлөө болох юм.
Эх орноосоо хулгай хийсэн, мөнгө угаасан, хүний эрхийг уландаа гишгэсэн эсэхээ шүүлгэчихвэл Цахиагийн Элбэгдоржид уг нь амар байх юм. “Моторын Дуу” кинон дээр гардаг шиг нэрээ цэвэрлэж авах хэрэгтэй. Монгол Улсын шүүхээр үнэнээ тогтоолгож чадвал түүний нэр “The Elders”-ийн гишүүн мөн гэсэн батламжаа Монголчуудаасаа гардаад авна. Гэтэл Монголын шүүхэд гутлаа тосолж ирээд шалгуулахгүй зутгасаар л явна. Хэрвээ Монголын шүүх “Интерпол”-оор дамжуулан барих захирамж гаргачихвал АНУ-ын аль нэг хотод бүгэж амьдрахаас өөр арга түүнд үгүй. Үүнээс л Цахиагийн Элбэгдорж үхтэлээ зовниж байгаа болов уу! Тиймээс дэлхий даяар хамгийн их үзэн ядагдаж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Путинийг гул барьж явсан аз нь харьчихлаа.
2025 оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тангаргаа өргөж ажлаа авснаар “Ц.Элбэгдоржийн Зовнил” туйлдаа хүрээд байгаа биз. “Шинэ үе продакшин”-ын хошин шог дээр гардгаар “Даалуу үүлүүтэй байсныг би яаж мэдэх юм” гэдэг шиг Доналд Трамп Путинтэй гар бариад нөхөрлөчихнө гэж Цахиагийн Элбэгдорж яаж мэдэхэв дээ. Уг нь 2017-оос 2021 онд бол намайг Ерөнхийлөгч Х.Баттулга л барих гээд байна гэсэн мессэж өгч байснаа Х.Баттулга нь албан тушааласаа буугаад буруутгах хүн хайж байтал ОХУ-ын Ерөнхийлөгч Украйнд дайн өдүүлснээр Цахиагийн Элбэгдоржид “Пи Ар” хийх сайхан боломж бий болсон байдаг.
Харамсалтай нь ОХУ-ын Ерөнхийлөгч Валадимир Путин “Цахиагийн Элбэгдорж” гэж хэн бэ гэдгийг ч бараг мартаа биз. Ер нь ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нээх ойр гэж өөрсдийгөө харуулах гэсэн хоёр Монгол байдаг. Эхнийх дөрөвдахь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бол нөгөөх нь тавдахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нар сайнаар ч бай муугаар ч бай энэ хоёрыг Путин санадаг нь юу л бол доо.
Цахиагийн Элбэгдоржийн орооцолдоод байгаа эрүүгийн хэрэг
Цахиагийн Элбэгдорж “Ерөнхий сайдад хаягласан бичлэгтээ “Ард түмэн өөрөөс нь хариуцлага шаардах вий гэж сүнс нь зайлж байгаа” гэж хэлсэн үг Л.Оюун-Эрдэнэд гэхээсээ өөрт нь илүү тусаж байгаа. Тэрээр үнэн илчлэгдэнэ гэхээс ёстой Л.Оюун-Эрдэнийг бодож өглөө бүр сэрж буй биз ээ.
Хэрвээ Доналд Трампын яриад байгаа хууль бус цагаачдын асуудлыг хурцаар тавиад, нутаг буцаах дээрээ тулаад ирвэл (Хуулийг дээдэлдэг орны хувьд хичнээн цаг хугацаа алдаж олон удаагийн шүүх хурал болох ч гэсэн) Чимэдийн Сайханбилэг, Цахиагийн Элбэгдорж гэлтгүй АНУ-д цугтаад гарсан Монголчууудын хувьд эх орон тийш онгоцны тийз захиалах болно.
Дэлхий даяараа хүний эрх гэдгийн доор хууль бус цагаачдыг байлгахыг үгүй болгохыг эрмэлзэж байгаа юм. Гэмгүй цагаачдад ч нүүрээ буруулж байгаа улс, нүгэлтэнгүүдэд бол нүүр өгөхгүй нь тодорхой. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Их Британий Консерватив нам “Хүний эрхээр бамбай хийн албадан гаргалтаас сугарч үлдээд байгаагийн эсрэг хуулийг өргөн барихаар болсон” байдал ийм дээрээ тулсан тул эх орноосоо зугтаж гарсан нөхөд мөд эргэн ирэх биз ээ.
Саяхан Цахиагийн Элбэгдоржийн улстөрийн болоод, бизнесийн түнш Пунцагийн Цагаан нарыг Эрүүгийн хуулийн тусгай 18.3.1, 18.6.2.2.2-т заасан буюу татвараас зайлсхийж, мөнгө угаасан хэрэгт буруутгасан. Пунцагийн Цагааны талаар Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүн, Хууль зүйн сайд О.Алтангэрэл “Пунцагийн Цагааныг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна. Тэгээд интерполын шугамаар олон улсад зарласантай холбогдуулан Пунцагийн Цагаан гадаад улсаар зорчиж байна гэсэн мэдээ Монгол Улсад ирсэн. Интерполоор зарласан байгаа хоёр төрлийн шийдвэр гардаг. Баривчлахаар бол заавал шүүхийн шийдвэр гарна. Интерполоор зарлахад прокурорын байгууллагын шийдвэрээр зарладаг. Тэгэхээр интерполын журмаар зарлах, авчирах энэ бүх зүйл прокурор дараа нь шүүхийн шатанд шийдэгдэнэ. Пунцагийн Цагаан нь Сингапурт байгаа гэх мэдээлэл хууль хяналтын байгууллагад ирсэн” гэсэн юм.
Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Цахиагийн Элбэгдоржийн талаар
Цахиагийн Элбэгдоржийн хамгийн том зовинол бол Эрүүгийн хуулийн тусгай 18.3.1, 18.6.2.2.2-т заасан буюу татвараас зайлсхийж, мөнгө угаасан хэрэгт буруутган “Интерпол”-оор хайх “The Elders”-ийн гишүүн эрхэм Ерөнхийлөгчийг Монгол Улсын шүүх дуудах нь цаг хугацааны л асуудал болсон гэдгийг Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ хэлээд байгаа. Харин Цахиагийн Элбэгдорж өөрийн өмнөх Ерөнхийлөгч Намбарын Энхбаярт “Хууль дуудсан цагт гутлаа тослоод очиж бай” гэсэн шиг хэзээ гутлаа тослоод гүйгээд ирэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартаа ч Пунцагийн Цагааныг шүүгч нэг удаадаа баривчлахыг нь хойшлуулж чадлаа. Харин хоёр дахь гуравдахь гэж байхгүй л болов уу.
Өдрийн сонинд хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ “Энэ стратегийн ордуудын хууль бус үйлдлүүд мань хүний л (Ц.Элбэгдорж) бүрэн эрхийн үед гарсан. Хүний эрх хамгийн их ярьдаг ч хамгийн аймшигтай хэлмэгдүүлэлт мань хүний л үед болсон. Ардчилсан зарчим ярьдаг ч өрсөлдөгч намаа тэг дундуур нь хувааж, намын даргынх нь төрсөн өдрөөр шүүхэд бүртгээд л…” гэж хэлсэн.
Тэрээр цааш нь Цахиагийн Элбэгдоржтой холбоотойгоор “Ардчилсан нийгэмд нэг хэргийг хаах гэж, нөгөө хүнийг эрүүдэн шүүж зохиомлоор ял тулгана гэдэг байж болохгүй зүйл л дээ. Харамсалтай нь ийм үйлдэл болчихсон. Төр учруулсан хохирлоо нөхөн төлөх үйл явц хуулийн дагуу үргэлжилж байна. Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах асуудлууд ч гарч байгаа. АНУ-ын Засгийн газартай хамтран ажиллах хэд хэдэн асуудал хуулийн байгууллагуудын хувьд байгаа бөгөөд нааштай шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн нь нөхөр Цахиагийн Элбэгдорж, Чимидийн Сайханбилэг нарыг АНУ-аас албадан авчруулах цаад санаагаа ингэж илээр илэрхийлсэн юм.










