



















“Volkswagen” Хятадын Шинжаан Уйгар дахь үйлдвэрээ зарлаа. “Volkswagen” Шинжаан Уйгар дахь үйлдвэрээ зарсан тайлбараа, “хүний эрхийн зөрчлийн улмаас” хэмээн мэдэгдсэн юм. Мөн "Үйлдвэрийн хувьд бизнесийн ямар ч асуудал байхгүй", үр ашиг өндөр ажиллаж байснаа тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ...
Харин шинжээчдийн үзэж байгаагаар, Дэлхий даяар цахилгаан хөдөлгүүрт автомашины эрэлт, нэмэгдэж энэ төрлийн бизнест төрөөс олгодог хөнгөлөлт, татаас, урамшуулал нь уламжлалт автомашины үйлдвэрлэлийг "боомилж" гэжээ.
Тухайлбал Хятадад цахилгаан автомашины борлуулалт эрс нэмэгдэж, энэ оны сүүлийн улирлын байдлаар автомашины борлуулалтын 45 хувийг эзэлж магадгүй байна гэж “Олон улсын эрчим хүчний агентлаг” мэдээлэв.
Цаашид Хятадын зах зээлд цахилгаан автомашины эрэлт гэрлийн хурдаар нэмэгдэж Герман болон бусад автомашины үйлдвэрлэл шахагдах магадлал өндөр байгааг “Volkswagen” мэдрээд эртхэн Шинжаан дахь үйлдвэрээ зарсан байх магадлалтай.
Тус компани өнгөрсөн онд борлуулалтаа цахилгаан машин үйлдвэрлэгч “BYD”-д алджээ. 2000 оноос хойш Хятадын зах зээлийг эзэгнэж, хамгийн их борлуулалттай автомашин гэгдэж байсан “Volkswagen”-ны борлуулалт 20 хувиар буурсан байдаг. Ганц Германы “Volkswagen” ч биш, Японы “Toyota”, “Mitsubishi”, Америкийн “Ford”, болон “General Motors” (GM), Солонгосын “Hyundai”-ийн борлуулалт эрс буурч Хятадын зах зээл дотоодын цахилгаан автомашинаар амьсгалах болов.
Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen”-ны хувьд дотооддоо ч хямралын ирмэгт тулж ирээд буй. Өнгөрсөн сард тус компани Герман дахь гурван үйлдвэрээ хааж, 10 мянга гаруй ажилчдаа цомхотгож байгаагаа мэдэгдсэн.
Volkswagen компани 87 жилийн түүхэндээ тогтвортойгоор үйл ажиллагаа явуулсан тул цочирдом мэдээлэл болов. Энэ бол 800 гаруй мянга гаруй ажилтантай Германы ДНБ-ны 5 хувийг эзэлдэг автомашины салбарын үйлдвэрлэл хямарч эхэлсний том дохио болов.
Энэ салбар 800 мянга гаруй ажилтны 37 хувьд “Volkswagen”-д ажилладаг. Хамгийн сайн цалинтай гэгдэх “Volkswagen”-ны ажилтнууд ажлын байраа алдаж үлдсэн ажилтнууд нь цалингийнхаа 10 хувийг хасуулж үлдэнэ гэдэг бол ноцтой асуудал үүсчээ. 2024 оны 3-р улиралд тус компанийн цэвэр ашиг нь өнгөрсөн жилийн мөн үеэс 64 хувиар буурсан байна. Audi болон Porsche-г эзэмшдэг “Volkswagen”-ны хямрал Герман улсын эдийн засагт томоохон байр суурийг эзэлсээр ч ирсэн.
Герман улсын эдийн засгийг өнөөдрийн түвшинд хүргэсэн автомашин үйлдвэрлэлийн салбар хумигдаж, цахилгаан автомашинд байр сууриа алдаж байгаа нь "зориудаар" үүсгэж буй хямрал гэж үзэж байгаагаа автомашин үйлдвэрлэгчдийн холбоо мэдээллэв.
Дэлхийн хөгжлийг хурдасгаж, шинэ үеийн түүх бүтээлцсэн автомашины салбар геополитикийн хурцадмал байдал, дэлхийн улс орнуудын "протекционизм", "сэргээгдэх", "ногоон эрчим хүч"-ний салбарын "лобби", уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч буй “хүлэмжийн хий бууруулах” арга хэмжээнээс үүдэн хямарч байна.
Канцлер Ангела Меркелийн он жилүүдэд Германы автомашины үйлдвэрлэл тогтвортой байв. Бүр COVID-19 цар тахлын нөлөөг ч ажрахгүй даван туулсан. Гэвч одоогийн популистуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого Германы эдийн засагт том өөрчлөлт оруулах бололтой.
Өнгөрсөн онд Европын Парламент уламжлалт хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлийг үе шаттайгаар зогсоох төлөвлөгөөг дэмжсэн байдаг. Европын Холбооны гишүүн орнуудын боловсруулсан төлөвлөгөөг Европын Парламент баталснаар 2035 он гэхэд автомашин үйлдвэрлэгчдийг хүлэмжийн хийн ялгарлыг тэнцвэржүүлэх зорилтдоо хүрэхийг шаардахаар болж байгаа гэсэн үг. Хэлцлийн дагуу компаниудыг бохирдлоо 10 жилд 55 хувиар бууруулахыг шаардана.
Мөн Европт цахилгаан автомашин худалдан авахад илүү хямд байх боломжийг бүрдүүлж байна. Тиймээс Герман тэргүүтэй Европын орнуудын иргэд цахилгаан автомашиныг ихээр сонирхож, уламжлалт томоохон үйлдвэрлэгчдийн борлуулалт буурч байна. Дэлхийн хамгийн том зах зээлүүдээ ээлж дараалан цахилгаан машинд алдаж буй уламжлалт хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэгчдийн ирээдүй бүрхэж байгаа нь эргээд Германы эдийн засагт ч сөрөг нөлөөтэй.
90 шахам Германы эдийн засгийг нуруундаа үүрэлцсэн Volkswagen-ын хямрал нь улстөрчдөд өгч буй сүүлчийн сануулга юм.
"Протекционизм" гэдэг нь аливаа улс орон дотоодын үйлдвэрлэгчдээ гадаадын өрсөлдөгчөөс хамгаалах үүднээс гааль болон татвараар "саад" үүсгэхийг хэлнэ.










