



















Чадамжгүй УИХ+Чадамжгүй Засгийн газар= Чадамжгүй төр
“Төрийн чадамж иргэдийнхээ хүсэл тэмүүлэлд чиглэдэг” Матт Эндрьюс
Засгийн газар нь 2025 оны төсвөө тэлэх бодлого барьж, УИХ-д өргөн барьсан.Үндэсний аудитын газраас 2024 оны урсгал зардлыг “Үргүй зардал” гэж дүгнэсэн ч, Засгийн газар 2025 онд үргүй зардлаа буюу урсгал зардлаа 26 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн юм. Энэ мэтчилэн уул уурхайгаас олох орлогынхоо бараг 77 хувийг урсгал зардлаа санхүүжүүлээд байвал бодит тооцоололгүй эдийн засгийн өсөлтийг иргэд, тэр дундаа бизнес эрхэлж, цалин авдаг “дундаж давхарга”-ынхан үүрэх нь тодорхой боллоо.
Учир нь, Олон улсын валютын сангаас, 2025 оны төсвөө тэлсэн бодлого баримталвал, Монгол Улсын гадаад болон дотоод тэнцвэргүй байдлыг улам нэмэгдүүлнэ. Улмаар инфляц 2024 оны сүүлийн хагаст үргэлжлэн өсөж 2026 он хүртэл зорилтот түвшингээс дээгүүр байх болно. Төсвийн зардлын тэлэлт, эрчим хүчний тарифын өөрчлөлт, зээлийн өндөр өсөлтийн үр нөлөө цаг хугацааны хоцрогдолтой илэрнэ. Тэр үед хэдэн мянгаараа гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж, гадаад зээллэг шинээр хийсэн ч, гадаад валютын нийт нөөц хомстолд орох хүртлээ буурна гэж дүгнэжээ.
Иргэдийн амьдрал нь бодитоор харуулж, хөндлөнгөөс ОУВС 2025 оны төсөв нь маш үрэлгэн, төсвийн зарлага нь ДНБ-ий 37.7 хувьд хүрсэн, төрийн оролцоо хэтэрхий өндөр байна гэж сануулаад байхад, өлгөөд ойлгох гишүүд парламентын танхимд ховорхон байна.
"Том толгойтой" Засгийн газрынхаа боловсруулсан зардал ихтэй, нүдээ олоогүй хөрөнгө оруулалтыг их хийсэн, төсвийн хуваарилалтыг ногоон гэрлээр, хоёр гараа өргөн байж олонхоороо дэмжих нь УИХ “Морь унасан толгойгүй хүн” аятай харагдах юм.
Уг нь УИХ-ын гишүүний суудлыг Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад 76 гишүүнийг 50-аар нэмж 126 болгоё. Ингэвэл нэг гишүүн 15 мянган иргэнийг хууль батлах үйл ажиллагаанд төлөөлж, ажил нь чанаржина гэсэн өөдрөг төсөөлөлтэй байлаа. Даанч өнөө хэд нь 2025 оны төсөв хэмээх анхны шалгалтдаа ангиараа “бүдрэв”. Иргэд, сонгогчдын итгэл алдарлаа. Гэтэл цаана нь чилийсэн 3 жил буюу 1095 хоног хүлээж байдаг. Чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэх хуулийн төслүүдийг нь хэрхэн уншдаг болгох вэ гэж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын толгой нь “гашилсан” явна. Нэгдсэн сургалт зохион байгуулах гэхээр ирээд суудаг нь ховор гэх. Хоосон толгойтойгоо мэдэхгүй их зантай 126 гишүүнтэй болжээ, таньж авъя.
126 гишүүнтэй болсноор гишүүн бүхэн үг хэлэх, попрох цаг хугацаагүй болно гэсэн эерэг өөрчлөлтэй болсон ч “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вуу” гэх харамсал ч олон нийтэд төрж эхэллээ. Учир нь, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухайд хуульд, гишүүн бүр үг хэлэхгүй, бүлэг, байнгын хороо, дэд ажлын хсэгээ төлөөлж үг хэлэхээр урьтаж нэрээ өгдөг болсон. Гэхдээ тухайн төлөөлөл нь төсвөө ойлгохгүй. Тодруулбал, томилолт, зочны зардал нь 2025 онд дөрөв дахин нэмэгдэж, 111 тэрбум төгрөг , тавилга эд хогшилын зардал нь 2.2 дахин нэмэгдэж, 268 тэрбум төгрөг болсон гээд төсөв хэрхэн юунд зарцуулах тоог нь олоод унших, чиглүүлээд асуух гишүүн 126 дотор таван хуруунд багтахаар байгааг харлаа.
Нийгмийн сүлжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг, Ч.Номин сайдтайгаа хамт огцрох ёстой гэсэн байр суурь ч гараад эхэллээ.
Арга ч үгүй биз, төр нь чадамжгүй цагт л иргэд нь бухимдан, эсэргүүцэн жагсах хүртлээ тэмцдэг дээ...
Чадамжгүй төр=Чадамжгүй УИХ-Чадамжгүй Засгийн газар










