



















Тунгалаг Туулынхаа хөндийд түжин ажин амьдаръюу гэтэл, шинэ цагийн баячууд чинь төр түчигнүүлээд амраахгүй нь... Via: "Crazy Asian"
Нүдээ нээгээд "нүүр номоо" харав. Дэлгэцэн дээр 2018 онд Ази гаралтай жүжигчдийн тоглосон "Crazy Rich Asians" киноны рийлс тоглогдов. Романтик инээдмийн энэ кино нээлтээ хийж, Холливудад жинхэнэ тэсрэлт хийж, Азиудын баян чинээлэг, үлэмж тансаг амьдрал, дээдсийн хүрээлэлд балмагдан хөл тавих Америк-Ази бүсгүйн амьдралыг үзүүлж, төгсгөлдөө бяцхан эморуулж санаа алдана. Аа, харин киноны нэр үнэхээр солиотой гоё. Тиймээ солиотой... Тэгэхдээ ч бас манайд "Crazy Rich Asians” ч байна, “Crazy Asians” нь ч байна. "Crazy Rich Asians” нь манай кастынхан. Харин зүгээр “Crazy Asians” би, бид бас та...
ДЭЭД ТИВИЙНХЭН
Төсөвт гар дүрж, төрсөн нэрээ буртаглаж яваа Ч.Номин сайдын хөрөнгө орлогын мэдүүлэг өчигдөрхөн цахим орчинд Монголчуудын нүдийг хужирлав. Үнэхээр л “Солиотой баян Ази” юм. Цахим орчинд янз бүрийн яриа өрнөж, хөрөнгө хогшил, хураасан баялгийг нь харж санаа алдацгааж байна. Ч.Номин тэргүүтэй “жаалхан баячуудын” төлөөлөл төрд бий. Ядуу монголчууд яаж тэдний ертөнцийг үзэх үзэл, жаргал зовлон философийг ойлгохов. Сүсэглэх шүтээн, ивээх бурхан, итгэх номлол, энгүй жаргал, эрхэмлэх зүйлс нь энэ ертөнцөөс анги болсон “тэд” Монголын төрөөр тоглож уйдаагаа гаргадаг биз. Тэдний нүдэнд доод ертөнцийн бид юм үзэж, нүд тайлаагүй, зэрлэг балмад Варвар, Вандал гэж үзэгддэг биз ээ. Хэдэн зуун жил үргэлжилсэн феодализм нь ардчиллаар нүүр хийж өндийгөө юу...? гэлтэй.
Элит давхарга угсаа залгаж залгамжлуулж, халаа сэлгээгээ хийж хийлцэж аваад одоо 3 сая гаруйхан бидний жилийн төсвийг тэлж залгих юм байх. Эцэг эхчүүд нь Ардчилсан нийгмийн гараан дээр өнгөтэй өөдтэй, дэгжин, дэвшсэн Монголыг хувааж залгиад зааглаж орхисон нь багаджээ. Одоо бол тэдний хүүхдүүд, ойлгохын аргагүй хөрөнгийн эзэд ордон дотор сууж байна. Улных нь газар ухаж шургачих гээд, баян нь тэнгэрт нисэж арилчих гээд зовоож байна.
Залаад, засаад заагийг голлуулж дундаа уулзъя, дундаж давхарга бүтээе гэсэн ч хэл нэвтрэлцэхээ нэгэнт өнгөрчээ.
ЗААГЛАГДАВ
1990 оны Ардчилал, бидэнд эрх чөлөө, эд хөрөнгө, үнэт зүйлс, үзэл бодол ирээдүйг өгсөн. Өгсөн шигээ ч бас авсан нь үнэн. Төрийн өмч хувьчлагдаж, мэдээлэлд ойр цөөхөн цөөврүүд газрын дээд доод баялаг эзэн суужээ. Байгалийн баялгийн ач холбогдлыг эртнээс ойлгосон сүйхээтнүүд, уул уурхай лиценз эзэмшиж, гадагш гардаг ганц төрлийн экспорттой эдийн засгийг бүтээв. Уул уурхайн түүхий эдийн үнэ өссөнөөр Монголын эдийн засаг түргэн хугацаанд сэргэсэн нь үнэн. Гэхдээ Капитализмыг нийтээрээ ойлгосонгүй, баялаг хаашаа, яаж урсаж, хэний халаасанд орж байгааг дор өгүүлэх “тамын амьтад” ойлгосонгүй. Уул уурхайн буянаар Улаанбаатарын зам нь машинаа, талбай нь барилгаа багтаан ядталаа эдийн засаг тэлсэн ч тэгш хуваарлигдсангүй. Томрох тусмаа тооцоо нарийсаж, тонож шулж болох юу байна гэх өлөн нүдэт тэрбумтнуудыг төрүүлжээ. Муу дээрээ муухай. Муухай дээрээ улцан. Тиймээ тэд өлөн дээрээ боломж хулгайлагчид. Жижиг дундын орон зайд орж ирж, зээлийг нь цөлмөж, бизнесийг нь булаагчид. Боловсролын сангийн зээлд хамрагдаж, борчуудын боломжийг хумслагчид.
Ерөөс тэдний үнэт зүйлс ньтонож дээрэмдэх бүхний урдуур зүтгэх. Хэлбэл буруудаж баян хүнд дүргүй "коммунист ядуу" сэтэр зүүлгэж нийгмээрээ балбана.
ТАМЫН АМЬТАД
Коммунизмаас салж, коридороос гарч сэтгээд, хорвоог таньж, хоосноо дүүргээд Ардчиллын баянбүрдэд амьдаръюу гэтэл нэг л болсонгүй. Өчигдөр, өнөөдөр, өглөөг авчрах маргааш нэг хэмээр уйтгартай үргэлжилж, олсон нь татварт, олдсон нь торгуульд, үлдсэн нь өрөнд. Хүсэл мөрөөдөл үгүй, хүлээх жаргал байхгүй, итгэх итгэл эвдэрсээр нэг мэдсэн гучин жил өнгөрөөжээ. Баясах цэнгэл нь бор дарс, амьдралын хүрд нь сонгуулиас сонгуулийн 4 жилд эргэх бид үнэхээр тамын амьтад болж. Газар гишгэх, гал үлээх, галавын хорвоог гэтэлж яваа нь л үнэн болж таарав. Үйлтэй бид үзэн яддаг тэр л нийгмээ өөрсдөө бүтээж. Өглөө түгжирч гараад, өдөр нийгмийн сүлжээнд хэрэлдэж, үдэш түгжирч харихаа заяа гэж ойлгосоор нас зүс нь ч гундаж явна. Гаднынхны нүдэнд талцаж хэрэлдсэн, тартагтаа тулж, хогийн тантан болсон нийгэм үзэгдэж байгаа.
Харин үнэн хэрэгтээ “солиотой баян Монголоо” хараасан, “солиотой монголчууд” л харагдаж байна.
Монголд чин шударга хөлжсөн хүмүүс ч байхгүй. Тиймээс тэд хулгайч зангаа тавьдаггүй. Монголын баячууд, инновац нэвтрүүлж, баялаг бүтээж, үйлдвэрлэл хөгжүүлж, экспорт хийж, эдийн засгаа солонгоруулж, төрөөс хараат байж чадаагүй. Хамт хулгайлж, хамт тонолцох нэг тэрэгний хоёр дугуй...Манай шинэ цагийн элитүүд бол "Солиотой баян Азиуд"
Монголчууд баян хүнд, баялаг бүтээгчдэд дуртай, хулгайч дээрэмчин тонуулчинд л дүргүй.










