



















Далай лам өөрийн залгамжлагчийг тодруулахад БНХАУ-ын оролцоог үгүйсгэхээс хэдхэн долоо хоногийн өмнө, БНХАУ-ын дарга Ши Жинпин Бээжингийн зүгээс 30 жилийн өмнө томилсон Панчен богд (Панчен Лам 'ихэвчлэн ингэж дуудаж бичдэг' бол Төвдийн буддын шашны Гэлүгва урсгалын хоёр дахь хамгийн дээд санваартан юм. Энэ цол нь Далай ламын дараа орох эрх мэдэл өндөр шашны удирдагч хэмээн тооцогддог) ламтай уулзжээ. Уг уулзалт нь 6 настай хүүг Далай лам өөрөө Панчен Богд хэмээн тодруулсны дараа ор сураггүй алга болсон хэрэгтэй холбоотой.

Далай лам 1995 онд Панчен Богдын хойд дүрийг тодруулсан ч тэр хүү удалгүй алга болж, дахин олдоогүй. Үүний дараа БНХАУ-ын төр өөрсдийн сонгосон Гяалцэн Норбуг 11 дэх Панчен Богд хэмээн зарласан юм.
БНХАУ-аас тодруулсан хэмээгддэг Панчен Богд (Гяалцэн Норбуг)

2025 оны 6-р сарын 6-нд болсон уулзалтаар Гяалцэн Норбу Хятадын Коммунист намыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин Далай лам энэ долоо хоногт БНХАУ-ын төр түүний хойд дүрийг тодруулах ямар ч үүрэггүй хэмээн мэдэгдсэн юм. Энэ бүхэн Бээжин болон 1959 онд БНХАУ-аас Энэтхэгт дүрвэсэн Төвдийн Буддын шашны тэргүүн Далай ламын хоорондын гүн хуваагдлыг харуулж байгаа.
БНХАУ-ын Засгийн газар Далай ламыг "Салан тусгаарлагч" гэж үздэг бөгөөд Төвдийн Буддын шашныг өөрийн хяналтад оруулахыг хүсч байгаа. Харин Далай лам болон түүний дагалдагчид энэ санаархалд хүчтэй саад болдог.
Энэ долоо хоногт Далай лам өөрийн хойд төрөлдөө дахин мэндэлнэ гэж мэдэгдсэн нь түүний дагалдагчдад ихээхэн найдлага өгсөн. Гэвч олон төвдүүд БНХАУ-ын тал түүнийг нас барсны дараа залгамжлагчийг өөрсдийнхөөрөө тодруулж, шашныг хуваах вий гэсэн болгоомжлолтой байна.
2019 онд Далай лам Reuters-т өгсөн ярилцлагадаа:
“Хэрэв хоёр Далай лам тодорвол… хүмүүс Хятадаар тодруулсныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлж байв.
Далай лам 2025 оны долдугаар сарын 6-ны өдөр буюу өнөөдөр 90 нас хүрч байна. Тэрбээр өөрийн хойд төрлөө зөвхөн Энэтхэгт буй "Ашгийн бус байгууллага" тодруулах эрхтэй бөгөөд түүний хойд дүр БНХАУ түүн дундаа төрлөх Төвдөөс нь гадуур мэндэлнэ гэж мэдэгдээд байна.
Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч:
“Далай лам, Панчен Богд болон бусад шашны өндөр мяндагтнуудын хойд төрөл шашны нарийн дэг жаяг, түүхэн уламжлалын дагуу явагдах ёстой бөгөөд заавал төв засгийн газраар баталгаажих ёстой.”
БНХАУ-ын төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Ши Жинпинтэй уулзах үеэр Гяалцэн Норбу Коммунист намын удирдлагыг тууштай дэмжинэ гэж амлалт өгсөн.
Төвдийн Энэтхэгт оршин суудаг цагаач Засгийн газрын албаны хүмүүс энэхүү уулзалтыг "Шашныг төрийн нөлөөнд бүрэн оруулах гэсэн улс төрийн оролдлого" гэж үзэж байна.
Төвдийн цагаач Засгийн газрын төлөөлөгч Дэнзин Лэкшэй:
“Олон хүн түүнийг хуурамч Панчен Богд гэдэг. Харин бид түүнийг албан ёсоор ‘Хятадын Панчен Богд' гэж нэрлэдэг. Хятад томилсон учраас тэр тэдэнд үнэнч байх ёстой болсон.”
Гяалцэн Норбу одоогоор:
Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн,
Хятадын Буддын шашны холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байна.
Тэрээр уламжлалт суудал болох Таши Лүмбо хийдэд (Төвдийн Шигатсе хотод) амьдардаггүй. Харин Бээжинд оршин сууж, жил бүр хэдхэн сар Төвд рүү очиж, төрийн албан тушаалтнуудтай уулзаж, шашны ёслолд оролцдог.
Хятадын төр түүний хөдөлгөөнийг хатуу хянадаг бөгөөд ард иргэдтэй шууд уулзах боломж маш хязгаарлагдмал. Гяалцэн Норбу 2019 онд Тайландад айлчилсан нь БНХАУ-ын хилийн гадна хийсэн анхны томоохон айлчлал байв. Харин өнгөрсөн жил Непалд очих төлөвлөгөөтэй байсан ч тус улсын засгийн газар уг саналыг хүлээж аваагүй гэж нутгийн хэвлэл мэдээлж байсан.
Гадаадад цагаачлан амьдарч буй төвдүүд болон Энэтхэгт байгаа албан тушаалтнууд Гяалцэн Норбуг нутгийн төвдүүд хүндэлдэггүй гэж мэдээлж байна.
Хүмүүсийн хэлж буйгаар:
Түүний өмнөх 10-р Панчен Богд Чойки Гялцэнгийн зураг Төвдийн хийдүүд, шашны байгууламжуудад түгээмэл байдаг.
Харин Гяалцэн Норбугийн зураг, хүндлэл маш бага.
Австралид амьдардаг, Энэтхэгт төрсөн төвд иргэн Дэнзин Күнсэл:
“Би түүнийг Панчен Богд гэж итгэдэггүй. Би Далай ламын сонгосон Панчен Богдыг л жинхэнэ гэж итгэдэг.”
Бээжингийн удирдлагууд Далай ламын 90 насны ойд зориулан цуврал мэдэгдэл хийсэн байна. Үүнд:
Ши Жинпин Гяалцэн Норбуд “Шашныг системтэйгээр Хятадын онцлогт нийцүүлэн хөгжүүлэх” үүрэг өгсөн.
Тагнуулын албаны дарга Чэнь Вэньчин Күйнхай мужид (Төвдүүд олноор суурьшдаг газар) айлчлахдаа салан тусгаарлах үзэлтэй тэмцэнэ хэмээн анхааруулсан.
“Шашныг хятаджуулах бодлого” гэдэг нь Хятадын Коммунист намын үзэл суртлыг бүх шашинд шингээж, төрийн хатуу хяналтад байлгах гэсэн бодлого хэмээн Далай ламыг дэмжигчид үздэг юм.










