



















УКРАЙН БА ОХУ-ЫН ДАЙН
Украины дайны гурван жилийн хугацаанд болсон хамгийн анхаарал татсан тулалдаануудын нэгэнд Украины цэргүүд ОХУ-ын баруун хилийг даван Курск мужид өнгөрсөн наймдугаар сард сэтлэн орсон нь, 1941 оны Нацист Германы довтолгооноос хойших Оросын тусгаар улсын нутагт хийгдсэн хамгийн том дайралт болсон юм. Гэсэн хэдий ч гуравдугаар сард болсон ОХУ-ын цахилгаан довтолгооны улмаас Украины хяналтад байсан газар нутгийн хэмжээ 2023 онд Киевийн мэдэлд байсныг бодвол 1,368 ам.километраас 110 ам.километр хүртэл буурсан гэдгийг нээлттэй газрын зураг харуулж байна.
Оросын хамгийн нөлөө бүхий цэргийн блог хөтлөгчдийн нэг Юрий Подолякагийн хэлснээр, Оросын арми зарим газарт Украины цэргийг хил хүртэл ухраасан ч ширүүн тулаан үргэлжилж байгаа бөгөөд ухарч буй Украины арми хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгаа аж.
Орос, Украины талуудын гаргасан тулалдааны газрын зургуудаас харвал Курск мужийн Оросын талд Украины цэргийн хоёр холбоотой бүлэг үлдсэнийг харуулжээ. Оросын тал тус бүс нутагт их хэмжээний тэсрэх бодис, мина цэвэрлэж буйгаа мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүслэгдсэн Украины цэргүүдийг өршөөхийг олон нийтийн өмнө уриалсны дараа, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин баасан гарагт "Хэрэв бууж өгвөл амийг нь батлан даана" гэж мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бямба гарагт мэдэгдэхдээ түүний арми бүслэлтэд ороогүй гэж мэдэгдсэн боловч Курсктай хил залгаа орших Сумы муж руу Оросоос шинэ халдлага ирж болзошгүй талаар сэрэмжлүүлсэн байна.
"Two Majors" нэртэй нөлөө бүхий Оросын цэргийн блог хөтлөгчийн үзэж байгаагаар, Оросын талын ахиц дэвшил Сумыг заналхийлэх нөхцөл бүрдүүлсэн ч Украины тал Сумын хамгаалалтаа аль хэдийн бэхжүүлсэн хэмээн анхааруулжээ.
Путин Украины цэргүүдийг Курск мужид энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан ч Киев үүнийг эрс үгүйсгэж байна. Мөн Украины зүгээс мэдээлснээр, Курск мужид ОХУ-ын талд Хойд Солонгосын 11,000 хүртэлх цэрэг байлдаж байгаа ч ОХУ болон Умард Солонгосын аль аль нь энэ тухай ямар ч тодорхой мэдээлэл өгдөггүй.
Курскийн төлөөх ширүүн тулаан нь Трампын "гунигт цус асгаруулалт" гэж нэрлээд буй дайныг зогсоох оролдлоготой давхцаж байгаа бөгөөд энэ дайн Дэлхийн III дайнд хүргэж болзошгүй гэж тэр үзэж байгаа нэг бус удаа илэрхийлж байсан.
ГАЛ ЗОГСООХ УУ?
2022 оны хоёрдугаар сард Украиныг ОХУ улс эзлэхээр довтолсноос хойш хэдэн зуун мянган хүн амь үрэгдэж, шархадсан бөгөөд сая сая хүн дүрвэж, олон хотууд балгас болж, Москва ба Барууны хооронд сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хурц сөргөлдөөн бий болоод байна.
Өнгөрсөн мягмар гарагт Вашингтоны дэвшүүлсэн 30 хоногийн гал зогсоох саналыг дэмжихэд бэлэн байгаагаа Киев илэрхийлсний дараа АНУ Украиныг цэргийн тусламж, тагнуулын мэдээллээр дахин хангахаар болсон.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт мэдэгдэхдээ, Орос улс энэ саналыг зарчмын хувьд дэмжиж буй ч тулалдааныг зогсоохоос өмнө тодорхой нөхцлүүдийг тохиролцох шаардлагатай гэжээ.
Путин байнга л энхийн хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгддэг боловч Украин НАТО-д элсэх зорилтоо албан ёсоор орхиж, Оросын мэдэлд байгаа, тэр дундаа одоогоор хяналтгүй байгаа бүх газар нутгийг нь хүлээн зөвшөөрөх ёстой гэж шаардсаар байна.
Гэвч Оросын хувьд энэ дайн асар их хохиролтой
АНУ-ын 2023 оны тагнуулын үнэлгээгээр, 100,000 гаруй орос цэрэг амь үрэгдэж, шархадсан бөгөөд эдийн засаг нь батлан хамгаалахын түүхэн дэх хамгийн өндөр зардал, Барууны хамгийн чанга хориг арга хэмжээгээр хямарчээ.
Украины хувьд ч мөн ялгаагүй — 100,000 гаруй цэрэг амь үрэгдэж, шархадсан бөгөөд эдийн засаг нь бүрэн сүйрч, газар нутгийн тавны нэг нь Оросын хяналтад байна. Киев Баруунаас 260 тэрбум ам.долларын тусламж авсан ч Оросын армийг ялах боломжгүй.
Хоёр тал хоёулаа одоогийн нөхцөл байдалд хэчнээн хүн амь үрэгдсэн талаар албан ёсны тоо баримт гаргаагүй байна.
ИЗРАЙЛЬ БА ХАМАС-ЫН ДАЙН
Израилийн цэргийн цохилтууд сүүлийн 24 цагийн хугацаанд Газын зурваст дор хаяж 14 палестин хүний аминд хүрсэн гэж тус бүсийн Эрүүл мэндийн яам ням гарагт мэдээллээ. Араб болон АНУ-ын зуучлагчид Израиль, Хамас хоёрын хооронд байгуулсан гал зогсоох эмзэг хэлэлцээрийг баталгаажуулахаар ажиллаж байна. Палестины албаны хүмүүсийн хэлж байгаагаар нэгдүгээр сарын 19-нд гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсон ч Израилийн довтолгооны улмаас олон арван хүн амь үрэгдсээр байгаа гэжээ. Израилийн арми гал зогсоох тохиролцооны дараа ч "террористууд" тэдний цэргүүд рүү ойртож, тэсрэх бөмбөг дэлбэлэхийг оролдсон тул арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн.
Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, хамгийн олон хүн амиа алдсан хэрэг бямба гарагт Бэйт Лахия хотод болсон бөгөөд агаараас өгсөн цохилтын үеэр 9 хүн амь үрэгдсэн, үүнээс 4 нь сэтгүүлчид байсан байна. Израилийн цэрэг уг дайралтаар Хамас болон Исламын Жихад бүлэглэлийн зэвсэгт жигүүрийн 6 гишүүнийг хөнөөсөн гэж мэдээлжээ. Тэдний зарим нь "сэтгүүлчийн нэрийн дор" ажиллаж байсан гэж нэмж мэдэгдсэн.
Хамасын харьяа Газын Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Салама Маруф уг хэрэг явдлын талаар Израилийн армиас гаргасан мэдээлэлд тухайн үед байгаагүй хүмүүсийн нэрс багтсан, баталгаажаагүй мэдээлэлд тулгуурласан гэж няцаав.
Газын Эрүүл мэндийн албанаас мэдээлснээр, бямба гарагт болсон тусдаа довтолгоонд дахиад дөрвөн палестин хүн амиа алджээ. Ням гарагт Израилийн дрон төв Газын Жухр Элдик хотод палестинчууд руу пуужин харваж, 62 настай нэг хүнийг хөнөөж, хэд хэдэн хүнийг шархдуулсан байна. Мөн Рафа хотод хүмүүс рүү дрон пуужин харваж, хэд хэдэн хүн шархаджээ. Израилийн арми эдгээр дроны довтолгооны талаар мэдэхгүй гэж мэдэгдсэн байна.
ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭР
Газад үргэлжилж буй цус асгаруулсан мөргөлдөөн нь Катар, Египет, АНУ-ын зуучилж буй гурван шатлалтай гал зогсоох хэлэлцээр ямар эмзэг байгааг харуулж байгаа юм. Израиль гал зогсоох эхний үе шатыг сунгах хүсэлтэй байгаа бөгөөд үүнийг АНУ-ын төлөөлөгч Стив Уитков дэмжиж байна. Харин Хамас хоёрдугаар үе шат эхлэх хүртэл барьцаалагдсан хүмүүсийг суллах ажлыг үргэлжлүүлэхгүй гэж мэдэгдсэн.
Израилийн Ерөнхий сайд Беняамин Нетаньяхугийн албанаас бямба гарагт мэдэгдэхдээ, амьд 11 барьцаалагдагч болон нас барсан барьцаалагдагчдын тал хувийг суллуулах АНУ-ын саналыг зуучлагчдын хариуг хүлээн, хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаа гэжээ.
Өнгөрсөн баасан гарагт Хамас Америк-Израилийн давхар иргэншилтэй цэрэг Эдан Александр болон дөрвөн барьцаалагдсан хүний цогцсыг өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ үүнийхээ оронд хоёрдугаар үе шатны хэлэлцээрийг эхлүүлэхийг шаардсан юм. Харин Израиль үүнийг барьцаалагдсан хүмүүсийн гэр бүлрүү "Сэтгэлзүйн дайн" хийж байна гэж буруутгасан.










