



















Зураач Мария Фармер 1996 онд анх удаа Жеффри Эпштейн болон түүний хамтрагч Гислейн Максвеллийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлсэн бөгөөд тухайн үед Эпштейний хүрээллийн нөлөө бүхий хүмүүс, түүний дотор Ерөнхийлөгч Доналд Трампыг шалгах хэрэгтэй хэмээн эрх баригчдад хандсан тухайгаа саяхан New York Times-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Фармерийн өгүүлснээр, тэрээр 2006 онд Холбооны Мөрдөх Товчооныхон (FBI) Эпштейний талаар дахин мэдүүлэг авах үед ч мөн Трампын нэрийг тодорхой дурдаж байсан аж. Учир нь тэрээр 1995 оны нэгэн шөнө Нью-Йорк хот дахь Эпштейний оффист Трамптай учирсан эвгүй тохиолдлын тухай эрх баригчдад ярьсан бөгөөд энэ тухайгаа олон нийтэд ч ярьсан гэжээ.

Фармер “1996 болон 2006 онд миний өгсөн мэдүүлгүүдийг хууль хяналтын байгууллагууд хэрхэн хандсан бол гэж би олон жил бодож ирсэн” хэмээжээ.
2008 онд Эпштейн Флоридагийн холбооны прокуроруудтай тохиролцож, илүү хүнд ял завшиж, оронд нь насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон, биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэмээн мужийн түвшний хэргээр ял авч байсан. Эпштейн 2019 онд шоронд өөрийгөө боомилж нас барсан бөгөөд албан ёсны дүгнэлтээр амиа хорлосон гэж үздэг.
Гислейн Максвелл 2022 онд хүүхэд бэлгийн мөлжлөгт уруу татсан хэргээр 20 жилийн хорих ял авсан.
Фармерийн мэдүүлэг нь "Трампын нэр одоо болтол нийтэд ил болоогүй Эпштейний хэргүүдтэй холбоотой баримт бичгүүдэд дурдагдаж, шинэ сэжүүр өгч магадгүй" гэж үзэж байна. Энэ бол Ерөнхийлөгчийн тууш дэмжигчдийн дунд ч санал зөрөлдөөн, бухимдал үүсгээд буй асуудал юм.
Фармерийн урьдчилсан мэдүүлгүүд болон түүний Трамптай холбоотой сэжиг бүхий яриа хэрвээ бичгээр хадгалагдсан бол улс төрийн хувьд Трампын хувьд ноцтой үр дагавартай байж болох юм. Тэрээр Эпштейнтэй холбоотой байснаа үгүйсгэх гэж оролдож байсан ч олны анхаарлыг өөрөөсөө холдуулж чадаагүй билээ.
Эпштейнтэй холбоотой хэрэгт цугларсан баримт бичгүүд дунд олон нийтэд ил болоогүй мэдээллүүд, нэрс, мэдүүлгүүд, нотлох баримтууд байсаар байгаа гэж үзэж байна. Эдгээр нь зарим тохиолдолд нотлогдоогүй эсвэл шүүхэд ашиглагдаагүй ч байх магадлалтай.
Хууль хяналтын байгууллагууд Трампыг энэ хэрэгт ямар нэг байдлаар буруутан гэж зарлаагүй, түүнийг ямар нэгэн мөрдөн байцаалтын гол бай болгож байгаагүй юм.
Цагаан ордон Фармерийн мэдүүлгийг няцааж, Трамп Эпштейнтэй олон жилийн өмнө харилцаагаа тасалсан гэж Times-д мэдэгдсэн байна.
Гэвч Трампын Эпштейнтэй холбоотой харилцаа дахин олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа. Түүний томилсон Ерөнхий прокурор Пэм Бонди болон FBI-ийн захирал Каш Пател нар Эпштейнтэй холбоотой хэргүүдийн баримтыг ил болгоно хэмээн амласан ч, хожим нь үүнийгээ няцаасан нь Трампын дэмжигчдийг ч бухимдуулжээ.

Трамп үүний дараа уг хэрэгт холбогдолтой шүүх хуралдааны гэрчүүдийн мэдүүлгийг олон нийтэд ил болгохыг уриалсан бөгөөд өөрт нь нуух зүйл байхгүй гэж мэдэгдсэн юм.
Фармер 1995-1996 онд Эпштейний төлөө урлагийн бүтээл худалдан авахын хажуугаар Нью-Йоркийн дээд зэрэглэлийн хүлээн авалтад оролцож, тэнд ирж очдог охид, залуухан эмэгтэйчүүд, одуудыг хянадаг байсан аж.
1995 оны нэгэн шөнө тэрээр Эпштейний Манхэттэн дахь оффист дуудуулсан бөгөөд богино шорт өмссөн байсан гэнэ. Удалгүй Трамп хослол өмссөн байдалтайгаар ирсэн гэж Фармер дурсан ярьжээ.
Фармерийн дурссанаар, Эпштейн Трампт “Үгүй ээ, үгүй. Тэр чамд зориулсан хүн биш шүү” гэж хэлсэн байна.
Хоёр эрэгтэй өрөөнөөс гарсны дараа, Фармер Трамп “Тэр чинь 16 настай юм биш үү” хэмээн хэлж байгааг сонссон гэжээ. Гэсэн хэдий ч, тэрбээр түүнээс хойш Трамптай дахин сэжигтэй, таагүй харилцаанд орж байгаагүй бөгөөд Трампыг өөр охид, эмэгтэйчүүд рүү зохисгүй авирлаж байхыг хараагүй гэж “Нью-Йорк Таймс”-д ярьсан байна.
Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Стивен Чеүнг Times-д “Ерөнхийлөгч Эпштейний оффист огт байгаагүй. Үнэн нь гэвэл, Ерөнхийлөгч Трамп түүнийг ‘сэжигтэй нөхөр’ гэж үзээд Мар-а-Лаго клубээсээ хөөсөн” гэж мэдэгджээ.
Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт “New York Times-ийн тэнэг сэтгүүлчид ямар ч шинэ сэдэвгүй болсон тул Ерөнхийлөгч Трампыг Жеффри Эпштейнтэй холбохын тулд аль хэдийн хуучирсан түүхийг дахин сөхөж байна. Эпштейн Мар-а-Лаго клубийн гишүүн байсан гэдэг нь нууц биш. Трамп түүнийг ‘сэжигтэй этгээд’ гэж үзэн өөрөө клубээсээ хөөсөн. Энэ бүх нийтлэл бол Трампын засаглалын амжилтаас олны анхаарлыг сарниулах гэсэн гашуудалтай, ядмаг оролдлогууд юм” гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Трампын Эпштейний талаар баримталж буй байр суурь цаг хугацааны явцад өөрчлөгдөж иржээ.
Тэрээр 2002 онд Эпштейнийг “гайхалтай залуу” хэмээн нэрлэж байсан ба тэр хоёр хамтдаа Нью-Йорк хотод үдэшлэгт оролцож буй бичлэгүүд ч үлдсэн байдаг — энэ бүхэн Трамп улс төрд орохоос өмнөх үе юм.
2019 онд Трамп хэвлэлийнхэнд удаа дараа “Би Эпштейний шүтэн бишрэгч биш, 20 жилийн өмнө харилцаагаа тасалсан” гэж мэдэгдсэн байдаг. Эпштейн амиа алдсаны дараах наймдугаар сард Трамп АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтоныг энэ хэрэгт холбоотой гэсэн агуулгатай жиргээг дахин жиргэсэн. (Клинтон Эпштейний гэмт хэргийн талаар юу ч мэдээгүй гэдгээ мэдэгдэж, хувийн арал дээр нь очиж байгаагүй гэж үгүйсгэдэг.)
2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Трамп холбооны мөрдөн шалгалтын хүрээнд Эпштейний хэргүүдтэй холбоотой бүх баримтыг ил болгоход бэлэн байгаагаа илэрхийлж байсан. Учир нь, дэмжигчид болон нөлөө бүхий олон хүмүүс эрх баригчид илүү өргөн хүрээтэй гэмт хэргийг нуун дарагдуулсан гэж сэжиглэж байв. Ялангуяа баян, эрх мэдэл бүхий Ардчилсан намынхантай холбоотойгоор.
Энэхүү Times-ийн нийтлэл Ням гарагт нийтлэгдсэн бөгөөд үүнээс хэдхэн хоногийн өмнө Wall Street Journal сонин 2003 онд Ерөнхийлөгч Доналд Трамп Эпштейнд "бэлэг"-ийн агуулгатай төрсөн өдрийн мэндчилгээ илгээж байсан талаар мэдээлсэн юм.
доналд Трамп энэхүү мэдээг “хуурамч мэдээлэл” гэж нэрлээд, Wall Street Journal болон түүний эзэмшигч Руперт Мёрдокийг нэр төр гутаасан хэргээр 10 тэрбум ам.доллар нэхэмжилж шүүхэд өгсөн байна.










