



















Вестфалийн энхийн гэрээгээр баталгаажсан дипломат ажиллагаа гэдэг бол олон улсын харилцааны хөрс суурь нь болох билээ.
Аливаа улсад өөрийн орныг төлөөлөн суух элчин сайд, консул нь төрийн үйлчилгээг иргэддээ хүргэхээс гадна ард нь давхар нэгэн үүрэг ногдоно. Товчхондоо улс орны гадаад тагнуулын ажиллагаа дипломат албаар дамжин хийгдэх "бичигдээгүй" хууль бий.
Хэдийгээр Венийн конвенцоор дипломат алба, гадаад тагнуул гэх "арга билгийг" зааглаж өгсөн ч бодит нөхцөл дээр "ин ян" хөндийрсөнгүй. Иймийн тулд дэлхийн улс орнууд дипломат албаны томилгоонд асар өндөр ач холбогдол өгч, улсын гадаад бодлого, эх орныхоо эрх ашиг, тусгаар тогтнолоо хамгаалах хэрэгсэл болгодог гэсэн үг.
Ийм чухал, өндөр хариуцлага үүрэх дипломат албаны томилгоо манайд бол "нохойн наадам".
Элчин сайд, консулын суудал сонгуульд ялагдаж, гудманд гарсан улстөрчдөд хуваарлидаг намын "халамж" болж. Жил ирэх тусам дордож буй элчин сайд консулын томилгоонууд мэргэжлийн үнэ цэнийг, жинхэнэ дипломатчдын ур чадварыг уландаа гишгэж байна.
Гадаадад оршин суух Монгол улсын иргэдэд төрийн үйлчилгээ хүргэхээ байя гэтэл дээр дурдсан давхар үүргийг гүйцэтгэх гүйцэд боловсорсон нэгэн өнөө болон өнгөрсөн жилүүдийн томилгоонд лав хуруу дарам.
Сонгогчдод дүнгээ тавиулж, улс төрд гологдсон хуучин гишүүд Элчин сайд консулаар томилогдсон ч тэнд бүүр муу дүн авах нь ойлгомжтой.
Мерит зарчмыг жалганд булчихаад төрийн мөнгөөр тарвалзаж хэвтэх ойгүй их санаа тэтгэвэртээ гарсан улстөрчид, тэдний цүнхчдээс л гарна.
АНУ-ын Чикаго хотод суух консул Ц.Ганзориг 8500 долларын суудлаас NBA-н тоглолт үзэж, Төрийн албан хаагч хүний жилийн орлогоос ч давах "ISAIA" бренд өмссөн зургаа нийгмийн сүлжээнд оруулжээ.
Монголд бол бизнес эрхлэгч, ажил гэхээс илүү хурган дарга, цүнх баригчдын нэрийн хуудас болсон уг брендийг "гэнэт баяжигчдынх" гэж сэм шивнэлдэх болоод буй.
Үүнээс харахад Элчин консулд томилогдоно гэдэг ч шалгуур байхгүй ч шаггүй өгөөжтэй нь ойлгогдоно. Олон улсын жишгээр нийт томилгооны 30 хувьд нь улс төр, өөр бусад салбарын хүмүүс томилогддог.
Энэ жишгээр салбарын сайд Б.Батцэцэг бамбай хийж байгаа ч үеэ өнгөрөөсөн улстөрч, сонгууль ялагдсан гишүүд тэтгэвэртээ суусан намчин ахмадаа эрхлүүлж Элчин сайд Консулын суудлыг бэлэглэнэ гэсэн үг биш.
Үндсэн хуулийн Цэцийн дарга байхдаа "Korean Air" компанийн онгоцны үйлчлэгчийн биед хүрч бэлгийн дарамт үзүүлсэн дуулианы эзэн "өгзөг" Д.Одбаяр дипломат албаны хаалгыг өм цөм өшиглөн орж ирсэн нь бүүр ч нүд орой дээр гаргамаар үйл явдал болов.
Ёс зүйн хариуцлага хүлээлгэж төрийн албанд дахин үзэгдэхгүй болгох ёстой байтал Монголын төр Одбаярыг өгзөг доор зөөлөн суудал ивж өгөв. Түүнийг өнгөрсөн 2024 оны аравдугаар сард Хонгконг хотноо суух ерөнхий консулаар томилох шийдвэр гаргасан байна.
2025 онд 20 гаруй Элчин сайд Консулыг томилно. Боломжийг овжин ашиглаж буй дараагийн хүн УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ. Тэрээр АНУ-ын Чикаго хотод дэд консулаар томилогджээ. "ISAIA"-аар гангардаг Ерөнхий Консултайгаа гар нийлэх юм байх.
Харин Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотод суух Ерөнхий консулаар АН-ын гишүүн, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга асан Ц.Жадамбааг томилжээ.
"Төрийн хатан эрдэнэ" Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдаар, АН-ын гишүүн Ш.Жандос Бүгд Найрамдах Турк Улсад суух элчин сайдаар, Эрээний консулаар Ц.Одонтунгалаг, гишүүнасан Д.Эрдэнэбат нарын нэрс яригдаж байна.
Харин МАН-аас Японы Осакад суух консулаар гишүүн асан П.Анужин, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Элчин сайдаар Г.Мөнхцэцэг, Ц. Мөнхцэцэг нарын нэрс яригдав. Цаашлаад Б.Жаргалмаа, Ц.Цэрэнпунцаг, Д.Оюунхорол нарын нэрс ч элчин консулын томилгоонд яригдаж буй сурагтай.
Хайран чиг дипломат алба. Наадуул чинь чиг үүргээ эс ойлгоод Монгол төрд мэдээлэл өгөх бус эсрэгээр нь алдчихаад сууж мэдэх л хүмүүс юм...










