



















Эрчим Хүчний Зохицуулах хороо /ЭХЗХ/-оос цахилгаан, дулааны тарифын нэмэгдлийн эцсийн шийдвэрээ олон нийтэд танилцуулахаар өнөөдөр хэвлэлийн хурал зарласан. Гэсэн ч өглөөний 09.00 цагт зарласан хэвлэлийн хурал гэнэт цуцлагдав. Цахилгааны үнийн нэмэгдлээ танилцуулахаар зэхэж байсан дарга нар гэнэт дуудагдаж, зарласан хурал нь тодорхойгүй хугацаагаар хойшлогдов.
Цахилгаан 29.6 хувиар, дулаан 80 хувиар нэмэгдэх хувилбар дээр ЭХЗХ тогтож, үүнийгээ олон нийтэд зарлах байсан. Гэсэн ч дээрээс ирсэн дарамт ЭХЗХ-г бужигнуулж, үнэ нэмэх шийдвэрээ буцаж залгив.
ШҮДГҮЙ АРСЛАН...
Цахилгаан, дулааны нэмэгдлийг хорооны таван гишүүн зөвшилцөлд хүрч байж шийддэг. МҮХАҮТ, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага, ЭХЗХ-ны дарга, орон тооны хоёр зохицуулагч нийлж үнэ тогтоож, шийдэлд хүрдэг. Үүнийгээ Засгийн газарт уламжилдаг. ЭХЗХ-оос оруулж ирсэн цахилгаан, дулааны нэмэгдлийг Монгол Улсын Засгийн газар дэмжсэн. Гэхдээ сонирхолтой нь өнөөдрийн хурлыг хорооны даргын эрх мэдлээс давж цуцлахыг Засгийн газар үүрэгдсэн ч байж болох юм. Засгийн газрын өмнүүр орж, хорооны шийдвэрийг унагаах өөр газар байхгүй. Уг нь Эрчим хүчний зохицуулах хороо УИХ, ЗГ-аас хараат бусаар үнээ тогтоож, тэдэндтэй зөвшилцөх л хуулийн заалттай ч тунхаг төдий. ЭХЗХ-оос үнэ нэмэгдүүлэх шийдвэр гарах бүрд Засгийн газраас улс төрийн шийдвэр гаргасаар эрчим хүчний салбарт улаан гэрэл асаж, 357 тэрбум төгрөгийн алдагдалд оруулчихсан. Энэ удаагийн нэмэгдлийг ч иргэд хүчтэй эсэргүүцэх нь угаас хоногоо хүлээж суугаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг цагаас нь эрт унагаж ч мэдэх юм. Тиймдээ ч улс төрийн шоглоомонд орчихгүй гэсэндээ цахилгаан, дулааны нэмэгдлийг түр хойшлуулах нь түүний амь гарах оролдлого байхыг ч үгүйсгэхгүй. Хатуу бодлого барьж, реформ хийхээ мэдэгдсэн ч Засгийн газарт эмээх шалтгаан байна.
Тиймдээ ч нэг квт цахилгааныг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, хэрэглэгчдэд 140 төгрөгөөр борлуулж байгаа эрчим хүчний салбар амь тасрах дээрээ тулчихсан байхад хүртэл Улсаа бус улс төрийн нүүдэл бодсон шийдвэр гаргацгааж явна. Метро барих мөрөөдлөө биелүүлмээр байвал эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шаардлагатай.
Өрхийнхөө хэрэглээг ч давж чадахгүй эрчим хүчтэй байж метро яриад байх ч бас л мулгуу үйлдэл. Хэзээ мөдгүй амь тасрах цахилгаан станцууд Зөвлөлтийн үеийн тоног төхөөрөмжөөр ажилладаг. Харин одоо тэр үеийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхээ больсон. Шаардлагатай бол энд ажиллаж байгаа зургаар нь захиалж хийлгэж болох ч үнэ хөлс дээрээ тохирдоггүй юм уу? эсвэл манай дарга нарт ашиггүй байдаг юм уу бүү мэд. Хэзээ ч тоног төхөөрөмж захиалдаггүй. Эндээ аргал гээд урсгал засвар хийлгэдэг. Тэгээд болоогүй урсгал засварын мөнгийг нь тавьдаггүй гээд зовлон ихтэй салбар. Засгийн газрын тэргүүн өөр дээрээ гал аваад ч хамаагүй эрчим хүчний салбарын реформыг зоригтой эхлүүлэх хэрэгтэй.
Цахилгаан 30 хувиар гэдэг бол квт нь 30-131 төгрөгөөр, дулаан 80 хувиар гэдэг нь 100 мянган төгрөг төлдөг өрх 185 мянган төгрөг төлдөг л болох асуудал. Энэ үнийг л нэмж чадахгүй эргэж буцаж байгаа бол яаж реформ хийх вэ?
Монгол улс эрчим хүч экспортлогч орон болох зорилгоор сэргээгдэх эрчим хүчний мега төслийг эхлүүлнэ.
Ер нь тэгээд эрчим хүчний зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, суурь зарчим, механизмаа ойлгоогүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эрчим хүчний экспорт хийнэ гэдэг холын мөрөөдөл.










