



















Хоосорч, хойдхоо уншуулж буй Эрүүл мэндийн даатгалын сангийн өр хуримтлагдаж, нийт алдагдал 218 тэрбумд хүрчээ. Үндсэндээ энэ салбарын алдагдлыг улсын төсөв бүү хэл улсын эдийн засаг даахгүй хэмжээнд тулжээ
Хорин сайхан шарыг минь хоёр гуравхан хулгана идчихлээ гэж үү? хэмээн Жамц баян шиг уулга алдаад л өнгөрчихдөг Монголчууд өнөөдөр эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөртэй авч эхлэв. Өндөр төлбөртэй хагалгаанууд ч хойшлогдож, урт дараалал үүсэж байна гэх иргэдийн гомдол тасрахгүй байна...
Дампуу засаг Ковидоор далимдуулж, Эрүүл мэндийн салбараар тоглоод, санг нь тонож дуусгав. Ингээд сангийн алдагдлыг Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэн нөхөхөөр, иргэдийнхээ халаасыг бохир гараараа тэмтэрч эхэлсэн. Тодруулбал өнгөрсөн 10-р сард Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 3% болгож нэм гэх лоозон барьсан эмч нарын жагсаал болсныг та санаж буй биз...
Уг нь энэ салбарын эмч ажилтнууд цалингаа нэмүүлье, авлигад идүүлсэн тогтолцоогоо өөрчилье, Эрүүл мэндийн даатгалын сангийн 106.8 тэрбумыг дампуурсан банкнуудаас олж ир гэж дампуу засгаас шаардах ёстой байв...
Учир нь Эрүүл мэндийн даатгалын сан Капитал банкнаас 76.2 тэрбум, Чингис Хаан банкнаас цэвэр 30.5 тэрбум төгрөгийн авлагатай. Нэг банк нь дампуурсан, нөгөө нь дампуурснаа зарладаггүй “үхмэл”. Нийлүүлээд тооцвол Эрүүл мэндийн даатгалын сан 106.8 тэрбум төгрөгөө арилжааны банкнуудаас авч чадахгүй алингаа алдаж сууна.
Амь тарианы эрэлд хатсан арилжааны банкнуудад Эрүүл мэндийн сангийн мөнгийг байршуулах шийдвэр гаргасан дарга нар, авч бултуулсан банкны эзэд ч хуулийн хайчинд өртсөнгүй. Тохуутай нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн 340 тэрбум төгрөгийг Капитал банкаараа залгисан Б.Ундармаа ЖДҮ-гийн хэрэгтээ 40 саяар торгуулаад гарч ирсэн. Гишүүн асан Б.Ундармаагийн шунал эрүүл мэндийн даатгалаас сангаас ЖДҮ сан руу хальж 700 саяын зээл авсан байдаг.
Албан тушаалаа урвуулан ашигласан энэ хэргээрээ яллуулж, 40 саяын торгууль төлж ард түмнийг басамжилж байв. Харин Капитал банкаар залгисан 340 тэрбумын хэрэгт хэн ч ял сонсоогүй. Улсад учруулсан хохирлоо барагдуулах нэртэй, улны бидний хохироож, эрүүл мэндээр наадаж байна.
Эрүүл мэндийн даатгалын санг тоносон дараагийн банк Чингис хаан. Байх ёстой активаасаа 10 дахин бага хөрөнгөтэй Чингис хаан банк дампуурдаггүй. Дампууралгүй 10 жил тэссэн нь улс төрийн хамгаалалт байх магадлалтай.
Б.Жавхлангийн эхнэр Чингис хаан банкны хувьцаа эзэмшигчтэй хамааралтай учраас энэ банк дампууралгүй татвар төлөгчдийн мөнгийг дарж байдаг гэх хардлага бий. Ц.Даваасүрэн гишүүн ч энэ талаар ам нээж, сангийн сайд Б.Жавхлан ЖДҮ, бичил бизнесийг дэмжих сан, эрүүл мэндийн даатгалын сан гээд бүхий л санд гар дүрж байна гэж ярьж байв. Мөн сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А. Соёлмаа “Чингис хаан банк”-ны Ерөнхий захирал Б.Батхүү гэгчтэй “Ньюгоби гэйт” компанийг хамтарч эзэмшдэг байв. Харин Ньюгоби гэйт компани нь 2023 онд байна. Юутай ч дампуурч өгдөггүй амь голтой дэнжгэнэдэг Чингис хаан банкнаас Эрүүл мэндийн даатгалын сангийн 30.5 тэрбумыг гаргуулах ёстой.
Эрүүл мэндийн даатгал бол татвар төлөгчдийн цалингаас албан хүчээр суутгах хуульчлагдсан дээрэм. Энэ дээрмээ давхар ажил хийж буй даатгуулагчийн цалингаас ч давхардуулан суутгахаар хуульчилж, авлигын сүлжээгээ тэжээж байна.
Эрүүл мэндийн санг хайр найргүй тоносон дараагийн жишээ ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн. Тэрээр хувийн эмнэлгүүдээс авлига авч, өвчтөний тоогоор олгох ёстой мөнгийг даатгалын мөнгийг хуурамчаар нэмэгдүүлж байсан хэргээр АТГ-аас саатуулсан байдаг. ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд хамаарах хэд хэдэн хэргүүдээс Гэгээн Манал гэх эмнэлгийн эгч дүүс Л.Анхтуяа, Л.Ариунтуяа нараас 100 сая төгрөгийн авлига авсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон байдаг.
Эрүүл мэндийн даатгалын сан дотроосоо гаднаасаа ч тонуулж үндсэндээ дампуурахад тулжээ. Хэт гуринхалсан хулгайчууд аяга, таваг, халбага, сэрээ гээд гарт олдсоноо барин “гэнэт олдсон” тавагтай хоол руу дайрах мэт шат шатандаа шавхруу үлдээлгүй энэ санг цөлмөжээ.
Татвар төлөгчдийн мөнгийг хувааж залгисан энэ хэргүүдийн ард улс төрийн хамгаалалт бий. Үүнийг ил болгож Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөөр нээлттэй сонсгол хийе...










