



















Иргэн Ц.Цэрэннадмид 85 настай. Хараа нь муудсан. Шалтгаан нь нүдний эвэрлэг бүрхүүл нь гэмтэж, болорын цайралтаас үүдсэн гэх оноштой. Яаралтай хагалгаанд орох заалттай ч Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн болор дууссан. Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт нь тасалдсан нь санхүүжилт дууссантай холбоотой. Тиймээс энэ өвчтөнийг Улсын Гуравдугаар эмнэлэгт хандахыг зөвлөжээ. Харин ШНУГТЭ түүнд ямар хариу хэлэх нь тодорхойгүй.
Халуун намраар шахуу л улсын болон хувийн эмнэлгүүд санхүүжилт зогссон гэх шалтгаанаар зарим төрлийн үйлчилгээ үзүүлэхээ зогсоож, хувийн эмнэлгүүд төлбөртэй үйлчилж байсан. Одоо ч хэвээрээ. Уг нь Улсын болон хувийн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-тай гэрээ байгуулдаг. Тиймээс санхүүжилт байхгүй гэх үндэсгүй бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саадгүй үзүүлэх ёстой. Гэтэл тухайн жилд ийм төрлийн тусламж үйлчилгээг тэдэн төгрөгөөр багтаана гэж гэрээлсэн үнийн дүнгээ хэтрүүлж, жилийн турш авах ёстой санхүүжилтээ эхний хоёр улиралдаа авчихсан нь иргэдэд чирэгдэл учруулах шалтгаан болж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс санхүүжилтээ зогсоогоогүй хэвийн олгож байгаа гэдгээ мэдэгдсэн. Харин гэрээний үнийн дүнгээ хэтрүүлсэн зарим эмнэлгийн байгууллагад мэдэгдэл хүргүүлж гэрээний сунгалт хийх үү үгүй юу гэдэг л асуудал бий гэж тайлбарлаж байлаа. Улсын эмнэлгүүд нь эмнэлгийн хэрэгсэлгүй гээд өвчтөнөө буцааж, харин хувийн эмнэлгүүд нь даатгалаар үйлчлэх ёстой тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлж байгаагаас харвал гэрээгээ сунгаагүй бололтой. 2024 онд эрүүл мэндийн салбар 2.4 их наяд төгрөгийн төсөвтэй байсан. 2022, 2023 оны 218 тэрбум төгрөгийн авлагатай. Ковидын үеийн тусламж үйлчилгээнд зарцуулсан санхүүжилт өндөр, эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх ёстой санхүүжилт бүрдээгүй өдийтэй золгож байна.
Тухайн үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Г.Сарангэрэл, ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын ‘’толгойгүй’’ мэт авирлаж байсны барцадыг татвар төлөгчид эдэлж буй.
Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө хяналтгүй урсдаг гэхэд хол зөрөхгүй. Тиймдээ ч ЭМДЕГ-ын даргыг налж унасан эмнэлгийн дарга нарын аманд орсон мөнгийг олгочихдог байсны гороор ЭМДС хүнд байдалд орсон гэх. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг бууруулаагүй. 2025 онд эрүүл мэндийг дэмжих санд 10.8 тэрбум, эрүүл мэндийн даатгалын санд 2.2 их наяд төгрөгийн төсөв баталсан. ЭМДС-аас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багасгахгүй байх зарчим баримталж ирэх оны төсөв баталсан. Гэсэн ч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эмнэлгийн байгууллагын удирдлагуудтай өвөр түрүүндээ асуудлаа шийддэг байдал үргэлжлээд л байвал Эрүүл мэндийн даатгалын сан хоосон хэвээрээ, иргэд төлсөн татварынхаа үр шимийг хүртэж чадалгүй нэг бол төлбөр төлж үйлчилгээ авах эсхүл дараалалд нэрээ бичүүлээд өвчиндөө шаналах ийм л хоёр сонголттой "хүлээж" сууна.










