



















Ж.ЭНХБАЯР УЛСЫН БИШ, ӨӨРИЙН ЭРХ АШГАА НЭГДҮГЭЭРТ ТАВЬСАН УУ?
Засгийн газрын шийдвэр гараад 43 хоног өнгөрсөн ч, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нүүлгэн шилжүүлэлт Үндсэн хуультай зөрчилдсөн гэх асуудал хөндөгдөж эхэллээ.
Үндсэн хуульд, Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн. Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн. Засгийн газар нийслэлд байрлана гэж заажээ. Мөн Засгийн газрын тухай хуульд, Үндсэн хуулийн 38 дүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн гэжээ.
Ялангуяа Дархан -Уул аймгаар овоглодог Г.Дамдинням, Б.Жавхлан нарт ХХААХҮЯ-ны нүүлгэлт “хүндээр” тусч, эгдүүцлээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдаан дээр ил гаргах боллоо. Тухайлбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр ч, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Сангийн яам ХХААХҮЯ-ны ажлыг заримдаа хийж, зарим санхүүжилтийг гацааж, саатуулсан гэж Сангийн сайд Б.Жавхланг буруутгав.
Гэтэл бодит байдал дээр, ХХААХҮЯ хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийнхөө загварыг эцэслэн тохиролцож чадаагүй. Гэсэн ч 500 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг өгч, урсгал зардлын төсвийг нь 180 гаруй тэрбум төгрөгөөр нэмж оруулж ирсэн гэж Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганбат тайлбарлав.
2025 оны төсвийг хэлэлцэж буй энэ цагт нэг зүгт харах ёстой Засгийн газрын гишүүд ийнхүү хоорондоо “арсалдах” нь эрх баригч нам доторх фракцын тулаан хүчтэй өрнөх болсныг илтгэж байна. Улстөрчид манайх, танайх гэж “уралцах” хооронд төрийн ажил гацаж, татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй урсана. Хамгийн сүүлийн баримт нь ХХААХҮЯ-ны нүүлгэн шилжүүлэлт болж байна.
ХХААХҮЯ-НЫ АЖИЛЧДЫН 30 ХУВИЙГ ХОТООС 2.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НҮҮЛГЭНЭ
Засгийн газрын шийдвэр гарснаас хоёр өдрийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сарын 13-нд /2024.09.13/ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэргэжилтнүүд Дархан-Уул аймагт очиж, анх 10 давхар, спорт цогцолборын зориулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тухайн аймагт барьж, энэ жил ашиглалтад оруулсан байрыг ХХААХҮЯ-нд шилжүүлэх ажлыг бүрэн шийдвэрлэжээ. Шинэ барилгад яамны зүгээс тавилга, компьютерээ авч очно. Харин нүүлгэн шилжүүлэлтийн зардал болох 2.4 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгасан юм. Үүнд, хотоос ажилчдын нүүлгэх зардал болон орон нутгийн цалингийн нэмэгдэл тусгагдсан. Гэхдээ ХХААХҮЯ бүтнээрээ нүүхгүй, 30 хувь нь нүүж, 70 хувь нь хотдоо үлдэнэ. Нүүх 30 хувьд багтсан Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпорац Дархан-Уул аймагт нүүн очжээ.
Үлдсэн газар, хэлтсийн нүүлгэлт шат дараатайгаар үргэлжилж, салбарын сайд нь нийслэлд 3 хоног, Дархан-Уул аймагт 4 хоног ажиллана гэж мэдэгдсэн. Төрийн ажлыг нэг газраа төвлөрч бус хоёр талд явуулах нь Ж.Энхбаяр сайдын болоод ХХААХҮЯ-ны ажлын чанарт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг чухал асуудал. Долоо хоног бүр 400 км зайд ирж очин ажиллах Ж.Энхбаяр сайдын дурын цаана өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн үү?
Хардах эрхийн хүрээнд бичихэд, Дархан-Уул аймгийн нэр бүхий том буудал, хэд хэдэн орон сууцын барилга ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр болоод түүний хамаарал бүхий этгээдийнх. Тэр орон нутагт шилжих яамдын ажилчдадаа өөрийн барилгыг түрээслүүлж, худалдах шахаа явуулахын тулд Үндсэн хууль зөрчин, Засгийн газрын тэргүүнээ бярдаж, хариуцсан яамаа нүүлгэж байна гэсэн яриа МАН дотор гарах боллоо.
Учир нь, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар ажилчдын саналыг асууж, тэдний амьдрах орон сууцны асуудлыг хөндөлгүй шууд нүүлгэн шилжүүлэлтийг хийнэ гэсэн саналыг гаргажээ. ХХААХҮЯ 121 ажилтан, алба хаагчтай. Энэ тоонд зөвхөн яамны үндсэн бүрэлдэхүүн багтана. Мөн алба хаагч, ажилчдын тодорхой хувь нь амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хотод үлдэхээр яригджээ. Харин үлдсэн хэсгийг нь албан хаагчдын сонирхол, амьдралын нөхцөл байдлыг харгалзаж шийдэхээр болсон гэлээ.










