



















БНХАУ-ын дарга Ши Жиньпин авлигатай дайн зарласан эхний жилүүдэд хүчирхэг фракцуудыг задалж, улстөрийн бүх өрсөлдөгчөө буулган авсан байдаг.Арван жилийн дотор Хятадын Ардын Чөлөөлөх Армийн генералуудыг цэвэрлэж оронд нь өөрийн хүмүүсийн томилох замаар бүтцийн өөрчлөлт хийж дэлхийн хамгийн том хүчирхэг армид хяналтаа бүрэн тогтоожээ.
Гэвч ШиЖиньпины эргэлзээ арилсангүй. Өрсөлдөгчдөө зайлуулж өөрийн хүмүүсийн хүрээлүүлсэн ч бусад удирдагчдын гашүүн түүхийг давтаж эхэлжээ.
Өнгөрсөн 11-р сарын сүүлээр Ши Жиньпин өөрийн хамгийн ойрын хүн Мяо Хуаг албан тушаалаас нь чөлөөлөв. Мяо Хуа нь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Цэргийн төв зөвлөлийн гишүүн, улс төрд үнэнч байдлыг шалгах, боловсон хүчний томилгоог хянадаг өндөр албан тушаалтан байв. Тэрээр Ши Жиньпиныг улс төрийн карьераа эхлүүлэх үеэс нь нөхөрлөж ирсэн бөгөөд дээд удирдагчтай ойр гэдгээрээ сайрхдаггүй төлөв нэгэн байж.
Мяо Хуаг авлига, албан тушаалын хэрэгт буруутган мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд түүнийг замаасаа зайлуулж байгаа нь Хятадын улс төрд “шинэ цэвэрлэгээ” эхэлж буйг харуулж байна.
Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй энэ цаг үед Хятадын улс төр, цэрэг армийн цэвэрлэгээ эхэлж байгаа нь тус улсын байлдааны бэлэн байдалд сөрөг нөлөөтэй. Учир нь сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын Ардын чөлөөлөх Арми АНУ-тай өрсөлдөж,Тайванийг өөрт нэгтгэх ажиллагаанд бэлдэж ирсэн. Гэвч Мяо Хуаг огцруулж, Хятадын сүүлийн хоёр Батлан хамгаалахын сайдын хамт шалгаж эхэлсэн нь Хятадын армийн удирдан чиглүүлэх туршлагатай генералууд, өөрийн гэх үнэнч нөхөдгүй болох эрсдэлийг бий болжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар Ши Жиньпин өөрийн ойрын хүрээлэл, олон жилийн нөхөрлөлөө үгүйсгэж байгаа нь Мао Зэдуний алдааг давтаж буй мэт танил дүр зураг болж байна.
Мяо Хуа Ши Жиньпин нарын нөхөрлөл 30 жилийн түүхтэй. Тэд хоёул Фүжянь мужийн уугуул. Мяо Хуа 1980-аад оноос 2000-аад оны эхэн үе хүртэл 31-р ангид офицер, харин Ши Жиньпин Фүжянь мужийн захирагч болох зорилготой орон нутгийн захиргаанд түшмэлийн албан тушаал хашиж байжээ.
Ингээд Ши Жиньпин засгийн эрхэнд гарсны дараахан Мяо Хуагийн албан тушаал эрс өсөж 2014 онд Хятадын Ардын чөлөөлөх Армийн Тэнгисийн цэргийн хүчинд улс төрийн комиссар болов. Гурван жилийн дараа цэргийн албан тушаалын оргил гэгдэх Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Цэргийн төв зөвлөлийн гишүүн болсон юм.
Мяо Хуа
Сүүлийн 18 сарын хугацаанд Ши Жиньпины цэвэрлэгээ генералуудыг онилж буй бөгөөд тэр дундээ зэвсэг худалдан авах ажиллагаатай холбоотой албан тушаалтнууд болоод цэргийн салбарын амин сүнс Тэнгисийн цэргийн хүчин рүү чиглэж эхлэв.
Энэ цэвэрлэгээнд өртсөн Мяо Хуа нь ХАЧА-ын улс төрийн ахлах комиссарын хувьд эрх баригч Коммунист намд үнэнч байх үүрэгтэй. Мөн тэрээр цэргийн албаны албан тушаалын томилгоог удирдаж гол нэр дэвшигчдийн улс төрийн үнэнч байдлыг шалгах үүрэгтэй. Тэнгисийн цэргийн хүчинд ч мөн адил ийм үүрэг гүйцэтгэдэг байлаа.
Энэ албан тушаал авлигад өртөх эрсдэлтэй, учир нь цэргийн алба хаагчид албан тушаал ахихын тулд авлига өгдөг байв. Мяо Хуагийн өмнөх генерал Жан Ян авлигын хэрэгт холбогдож мөрдөн шалгах ажиллагааны үеэр амиа хорлосон юм.
АНУ, БНХАУ-ын геополитикийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр ХАЧА-ын Тэнгисийн цэргийн хүчин ч байлдааны хөлөг онгоц болон бусад зэр зэвсгийн худалдан авалт эрс нэмэгдэж байна. Энэ хэрээр Хятадын цэргийн салбар авлигад өртөх нь нэмэгджээ.
Гэвч Мяо Хуагийн уналтын ард өөр шалтгаан байх магадлалтай гэж шинжээчид харж байна.Энэ бол фракц үүсгэх буюу бүлэглэл бий болгох. Хятадын Коммунист намд ч тэр цэргийн салбарт ч тэр. Аль алинд нь фракц үүсгэхгүй байхыг Ши Жиньпин хатуу анхааруулсаар ирсэн. Үүсгэж болох цор ганц хүн нь Ши дарга өөрөө шүү дээ.
МяоХуагийн хувьд Пуужингийн цэргийн командлагч Ван Хубин, Батлан хамгаалахын сайд Дун Жун зэрэг Тэнгисийн цэргийн хүчний хэд хэдэн хамтрагчдаа гол албан тушаалд дэвшүүлэхийг санал болгосон учраас Ши Жиньпинд зуугдсан гэх таамаг байна.
Харин дараагийн таамаглалд, Ши Жиньпин Мяо Хуаг хэт хүчирхэг бие даасан нэгэн хэмээн үздэг бөгөөд түүнийг бүрэн удирдаж чадаагүй нь зайлуулах шалтгаан болсон гэх. Учир нь ойрын хүнээ хардаж сэрдэх нь удирдагч нарт нийтлэг ажиглагддаг сул дорой байдлын шинж юм.
Иосиф Сталин, Мао Зэдун нар өрсөлдөгчдөө зайлуулсаар эцэстээ өөрийн хүмүүсээ хий хардаж устгаж эхэлсэн байдаг. Тиймээс удирдагч нарын ийм өвчин жилээс жилд хүндэрдэг бөгөөд ойрын бүх хүмүүсээ аюул заналхийлэл гэж хардаг болно.
Мао Зэдун засаглалынхаа сүүлийн жилүүдэд өөрийн хамтрагч, олон жилийн Хятадын төрд зүтгэсэн, Батлан хамгаалахын сайд асан, Лин Бяог төрийн эргэлт хийхээр завдсан хэмээн хардаж байсан юм.










