



















Өнгөрсөн шөнө 00:30 цагт Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг УИХ-ын чуулганаар томиллоо.
Ийнхүү 2024 оны зургадугаар сард болсон сонгуулиас хойш хоёр дахь засгийн газар байгуулагдсан юм. Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нэн тэргүүнд “Төсвийн тодотгол” хийнэ гэдгээ мэдэгдсэн.
Тэрээр “Төсвийн тодотгол” хийх үндсэн шалтгаанаа “Дэлхий дахинд геополитик, гео-стратегийн хурцадмал нөхцөл байдал үргэлжилж, худалдаа, тарифын дайн нүүрлэсэн нэн эгзэгтэй цаг үеийг улс орнууд, түүний дотор Монгол Улс туулж байна. Түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалж уул уурхайн цөөн тооны бараа бүтээгдэхүүнээс хэт их хамааралтай манай эдийн засаг хүндхэн сорилттой нүүр туллаа. Тухайлбал, манай улсын эдийн засаг сүүлийн 4 жилд дунджаар 5 хувиар өсөж байсан бол 2025 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт хоёр дахин буурлаа. Нүүрсний экспорт зогсонги байдалд орж, төсвийн орлого тасалдаж, гадаад валютын нөөц, монгол төгрөгийн ханшид сөрөг дарамт учирч, инфляц нэмэгдэж байна” гэсэн юм.

Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар “Төсвийн тодотгол” хийнэ гэсэнтэй зэрэгцээд Израйль Улс Иран улс руу өнөөдөр өглөө “Анхааруулах довтолгоо” хийсэн. Энэхүү довтолгооны улмаас брент төрлийн газрын тосны үнэ 8.5 хувиар өсөж баррель нь 75.15 ам.долларт хүрсэн нь манай улсын эдийн засагт цаашид ихээхэн хүндрэл учруулхаар байгаа юм. Харин унци алтны ханш 1.5 хувиар өсөж 3436.97 ам.долларт хүрсэн бол зэсийн фьючерс ханш Лондонгийн металлын бирж дээр тонн.метр нь 0.3 хувь өсөж 9678 ам.долларт хүрээд байна.
Мөрийтэй тоглоомын “Polymarket” платформ дээр долдугаар сараас өмнө Израйль улс Иран улс руу цэргийн ажиллагаа эхлүүлэх нь 53 хувьтай байсан нь ийнхүү биеллээ олсон. Өнгөрсөн лхагва гарагт энэ магадлал 23 хувьтай байсан бол пүрэв гарагт 53 хувь болж өнөөдөр өглөө Израйль улс Иран улс руу ийнхүү "анхааруулах" гэх тодотголтой дайралтаа эхлүүллээ. Энэхүү дайн бүс нутгаасаа хальж цаашлаад АНУ, ОХУ, ЕХУ татагдан орвол дэлхийн III дайн болох магадлал үүснэ. ОХУ-Украйн, Израйль-Хамасын дайн бол харьцангуй газар орноосоо халихгүй дайн байсан бол Израйль-Ираны дайн бол жинхэнэ утгаараа хоёр хүчирхэг хөгжиж буй улсуудын хооронд дэгдэж, шатлан өргөжих аюул илүү өндөр юм.
Хэрвээ Израйль, Иран улсуудын хоорондох дайн өргөжвөл булангийн орнууд болон орхи дорнод тэр чигээрээ уг дайнд татагдан орох нь тодорхой. Орхи дорнод дайнд татагдан орсноор газрын тосны үнэ одоогийн байгаа баррель нь 75 ам.доллараас хоёр дахин өсөж 150 ам.долларт хүрэх аюул ойрхон байна. Хэрвээ баррель газрын тосны үнэ 150 ам.долларт хүрвэл өнөөдөр клонкуудаар зарагдаж байгаа бензиний үнэ хоёр дахин өсөх магадлалтай. Бензинийн үнийг дагаад хэрэглээний үнийн индекс буюу инфляц 20-25 хувиар өсөх үндсэн суурь хүчин зүйл болох эрсдэл бас бий.
Тиймээс Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хамгийн ойрын зорилт бол инфляц хэт хөөрөгдөхөөс сэргийлэх юм.










