



















Бүхий л сургаал хүнийг өөр хэн нэгэн шиг байхыг номлодог тул хэн ч сэтгэл хангалуун үлддэггүй...Өөрийгөө бүү гээ...
Амь амьдрал, сав шим, ертөнцийн тэнцвэр, шүтэн барилдлагыг магад хадгалахаар “бүтээгчид” эр эм хүйсийг бодгальд заяасан болой. Хүн төрөлхтөн, хүний нийгэм үүссэн цагаас эхлээд “нэгнээ эрхшээх” адын хүсэлд хөтлөгдөж, хэнээтнүүд нь шашны мунхрал, үзэл суртлаар бамбайлж анги давхарга, хүйсийн ялгаа (эмэгтэй хүнийг дорд үзэх үзэл) гэгчийг бий болгожээ. Хувьслыг хумьсаар, нийгмийн үе анги давхаргуудад халаагаа өгсөөр өнөө цаг ирэв.
Эртнээс эдүгээг хүртэл зөвхөн эм хүйсийн гоо сайханд “туйлын” хэмжүүр тогтоосноор, бүсгүйчүүд үзэсгэлэнт царайныхаа цаана асар их өвдөлт, тэвчээр, эр зориг, зовлон зүдгүүрийг нуусаар ирж. Давсалж хатаасан лянхуа хөл, цагариг зүүсэн урт хүзүү, гоолиг бэлхүүсний билэг тэмдэг корсет, шагай мулталдаг өндөр өсгийт, элдэв сорви, урт уруул, унжсан чих гээд зөвхөн эмэгтэй хүнд л ингэж их хатуурхсан гоо үзэсгэлэнгийн гаж хэмжүүрүүд “90:60:90” харьцаагаар төгсгөл болсон.
Гэвч... Эрт үеийн гаж хэмжүүрийн хэлтэрхий 25 жил тасралтгүй зохион байгуулагдсан "Victoria's Secret" шоунд амь бөхтэй оршиж байгааг хүний эрхийг дээдлэгчид шүүмжлэгчид олж харсан байдаг. Сахиусан тэнгэрийн сайхан инээмсэглэл, нэг үдшийн гялбаа дор загвар өмсөгчид хагас өлсгөлөнг тэвчиж, сэтгэл зүйн хувьд элдэв эмгэг стресст өртдөг тухай Эшли Грейм шүгэл үлээснээр бүх зүйлс эхэлжээ. Загварын домгууд шоуны дараа, түргэн хоолны газарт пицца бургер ханатлаа идэж буй зураг нийгмийн сүлжээнд тархаж, гоо сайханд золиос шаарддагийн тод жишээ болцгоов. Сахиусан тэнгэрүүд шиг харагдаж, тэднийг дуурайн өсөх залуу үе гадаад төрхдөө гутрах, гоо сайхан үзэгдэх туйлын зорилготой болсноор, хоол сойж эрүүл мэндээ булшилж, өөхөө соруулан амь насаараа хохирч, элдэв бүтээгдэхүүн, эмийн бизнес ч эмэгтэйчүүдийн эдгэшгүй “эмгэг дээр” ашиг олж эхлэв. Эцэст нь туйлын гоо сайхан үгүй, туйлын үнэн ч гэж үгүй. Ер нь туйлын гэх ойлголт ч хийсвэр учир орчлонгийн гоо үзэсгэлэнгийн охь манлай "Victoria's Secret" ч үзэгчдээ алдсаар 2019 оноос хойш зохиогдохоо больсон юм. Сүүдэрт нь мөн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой эмэгтэй хүний карьерын төлөөх тэвчээр ч “тэсэрцгээжээ”. Эцэст нь 6 жил завсарласан "Victoria's Secret" эргэн ирэв. Эргэн ирэхдээ ялгаварлан гадуурхал, ялгаатай байдал, нас хүйс, хоолны дэглэм, хатуу стандартыг таягдан хаяж гоо сайхны хэмжүүрт "тогтсон стандарт" байхгүйг дэлхий дахинд тунхаглаж чадлаа.
Ингэж л эмэгтэй хүн он цагийн уртыг “хүлээн зөвшөөрүүлэх” гэж, “хайр мэдрэх” гэж, “гоо сайхан харагдаж” бусдыг хүслийг гүйцээхээр л туулжээ. Гунигтай... Байгалиас заяасан хоёрхон хүйстэн нэгнийхээ өмнө “хүлцэж”, хүслийг нь гүйцээхээр өөрийгөө золино гэдэг дэндүү шударга бус биш гэж үү? Эсрэгээрээ эм нь эрдээ хайрлуулах гэж тунихаас өөр илүүг хүсдэг билүү? Хүмүүн бусын хүсэл, эгэлгүй хэмжүүртээ багтахыг хүчилдэг билүү? Үгүй. Энэ ертөнц зөвхөн эрчүүдэд зориулагдаагүй. Бид нэгнээ болзолгүй, дэнчингүй, дарамтгүй, хүлээсгүй, хясалгүй хайрлах гэж ирцгээсэн... Эцэст нь эрх чөлөө хамгийн үнэтэй зүйл гэдгийг ойлго.
Хэрвээ хайр чамд эрх чөлөө өгөхгүй байвал тэр чинь хайр биш. Эм бодгаль хариу нэхэлгүй хайрлаж, эр нь хэмжүүрээр хэмжиж, “хэвд барьж” хайрлахыг бурхан ч үл зөвшөөрнө. ...Өөрийгөө бүү гээ...
“ХҮЛЭЭСЭЭС ЧӨЛӨӨЛЖ ӨГӨӨЧ”
Зовлон уул шиг байв ч зовлого хүрэлцдэг. Зөвхөн гоо сайхнаар эмэгтэйчүүдэд ирэх нийгмийн дарамт үл хэмжигдэнэ.
Эмэгтэйн сэтгэл гээч нь зөвхөн энэрэхэд л зориулсан эрхтэн бололтой. Тэд л энэрч хайрлаж, хариу нэхэлгүй сэтгэлээ өгч байдаг. Энэ нь хүлцэхийн эх болдог бололтой. Энэ хүлцэл нь бидний нийгэмд жендерийн асуудлаар хөндөгдөж, тэгш оролцоогоор хангагдаж эхэлсэн байдаг. Энд феминизмийн талаар дурдах гэсэнгүй. Нийгэмд сурч боловсорч, хөдөлмөрлөж, албан тушаал дэвшиж, тэгш оролцоог хангуулж чадсан ч хэвшмэл ойлголт арилсангүй. Тэдний нуруу дээр албан тушаал, айл гэр, ахуй амьдрал, үр хүүхэд, гоо сайхан байх орчин үеийн олиггүй хэмжүүрүүд, эр хүний ханаж цаддаггүй шунал хүсэлтэй хамт ирэв. Нийгэм энэ олон дарамтыг эмэгтэйн нуруун дээр овоолж хаячхаад нэмээд хэн нэгнийг аргадах, халамжлах, хайрлах, хамтын амьдралыг услах, тордох, өнгөлөх үүргээр хүзүүгээр нь дөнгөлж орхино. Амьдралын ачаа нуруун дээр, гоо сайхнаар гялалзаж гадаад төрхөндөө анхаарах үүрэг хоолой дээр. Алдмаар байвал алдаж, ядармаар байвал ядарч, бууж өгмөөр байвал бууж өгөх эрхийг нь олгооч тэдэнд...
“ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ГЭРЭЛ БОЛ”
Цахим ертөнц, нийгмийн сүлжээ ч эмэгтэйчүүдэд хэт өндөр шалгуур тавьж байна. Сошиал од, инфлүнзэрийн өдөр тутмын амьдрал “зэргэлдээ ертөнц” үүссэн мэт сэтгэгдэл төрүүлж, даган туйлшрах эмэгтэйчүүд өөрийгөө “гээж” байна. Өөрийнхөө оршиж үл чадах, өөрийгөө, дотоод сэтгэл, гоо сайхнаа дорд үзэж “гайхуулах талбарт” хууртсаар байна. Бусдад таалагдаж, олны анхаарлын төвд байхыг эрхэмлэх бүсгүйчүүд бодит бус хийсвэр ертөнцөд гүн орсоор... Гоё ганган хувцас өмсөж, өөрийгөө ертөнцийн төв мэтээр үзэх эмгэг ч эмэгтэйчүүдэд тохиож байна. Цахим орчин, бол ердөө л гайхуулах талбар, хуурмаг ертөнц. Нийгмийн сүлжээнд хэт гоё байхыг сурталдаж, эерэг байхыг зөвлөж байгаа хэнд ч бүү итгэ. Ард нь өөр амьдрал өрнөж буй. Энхрий байхыг сургаж, эелдэг царайгаа харуулах нөлөөлөгчдөд бүсгүй та хэн ч биш. Зүгээр л мөнгө.
Амьдрал дэлгэцийн цаана биш цонхны цаана үргэлжилж байна. Эергийн дарамтад бүү ор... Нийгмээс нийгэмд бүсгүй таны туулсан дарамт, шаардлага, стандарт багадаагүй...
ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ГЭРЭЛ БОЛ...










