



















Монголд ядуурлын гинжин хэлхээ тасралтгүй үргэлжлэх мөнхийн шалтгаан нь МАН. Ядуурал, зовлонгийн мөнхийн шалтгаанаа сонгосоор байх нь монгол хүний үйл юмсанж. Ардчиллаас өмнө нийтээрээ жигд ядуу байснаа уяран дурстлаа дор орсон нийгэмд мөддөө гэрэл тусахгүй нь.
Цөөхөн монголчуудад томдсон төр цаашид ямар царай төрхтэй ажиллах нь тов тодорхой харагдав. Төсөв батлах, төсөл хэрэгжүүлэх, төрийн хэмнэлт, хөрөнгө оруулалт татах асуудлууд хэлэлцэж байгаа нь хогийн тантан. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Францтай хамтран уран олборлох, Халзан бүрэгтэй төслийн эргэн тойронд өрнөж буй асуудлууд нийгэмд хамгийн халуун сэдэв болсон. Том сэдэв, том төсөлд дэндүү жижигдэх гишүүд асуух асуултынхаа учрыг олох мэдлэггүй, мэдрэмжгүй байна. Ийм гишүүдээс цаашид юу ч хүлээгээд нэмэргүй аж.
Ховдын засаг дарга асан, өнөөгийн УИХ-ын гишүүн “тооно” Э.Болормаа Харвард төгссөн “Варварууд”-ын дараагийн залгамж халаа болж. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаагийн эхний асуултаас нь эхлээд дур гутав. Их хуралд тооноор орж ирэхдээ толгойгоороо унасан бололтой...
Э.Болормаа: Эрдэнэс Оюу толгой компани дээр яг юун дээр алдсан бэ?
УИХ-ын гишүүн Э.Болормаа том төслийн хувь заяаг шийдэлцэх асуудал хэлэлцэж байгаагаа ухаарсангүй. Нэгдүгээрт, Оюу толгой төсөл юун дээр алдав гэж ангайтал асуулгүйгээр, ядаж ямар алдаа гарсан гэдгийг өөрийн байр сууриар нотлох чадвар алга. Гарсан алдаа болгон дээр нь аргумент гаргаж ирэх ёстой. Барууны их сургуулиудын боловсролын хөтөлбөрүүд аргумент дэвшүүлж, фактаар батлах, няцаах замаар мэтгэлцээний зарчмаар явдаг. Ийм чадвар эзэмшээгүй Э.Болормаа гишүүн учир битүүлэг, тойруу асуулт асууж, буруутгалаа голыг нь онож чадсангүй. Ядаж засгийн газарт ногдох 34 хувь, 34 хувьд ногдох өр, ашгаа хэзээ хүртэх нь тодорхойгүй зэрэг фактуудыг шууд тоочих ёстой байв...
Э.Болормаа: "Орано майнинг" саяхан Нигерээс хөөгдсөн байна. Үүнийг судалсан уу.?
УИХ-ын гишүүн Э.Болормаа Орегоны Их Сургуулийг “Эдийн засаг Олон улсын харилцаа” мэргэжлээр төгсжээ. Яг энэ мэргэжлээр үнэхээр сурсан бол Нигерийн алдаа оноо, төслийн сайн мууг нь олон улсын харилцааны ньюанс дээр бусдыхаа амыг ангайж, эрүүг мултартал жишээлэх ёстой. Эдийн засаг олон улсын харилцаагаар төгссөн хүн онолын “А”- гүй асуулт асуух нь чамламаар байна.
“Orano Mining”-ийн мэдэлд байдаг уурхайд ОХУ санаатай. Вагнерын цэргүүд, одоо тэнгэрт заларсан Е.Пригожины мэдэгдэл тухайн үед В.Путины цаад санааг нь бат нот болгож өгсөн. Мэдээж ОХУ-ын хувьд уран олборлолтын ашиг сонирхол нь Казахстан дээр ч, Нигер дээр ч манайд ч хурцаар илэрдэг. Нигерийн шинэ эрх баригчид ч өөрсдөө Вагнерын хөлсний цэргүүдийг тус улсад байлгах сонирхлын цаад шалтгаан нь уран /Imouraren орд/ гэдгийг нотолсон. Учир нь төрийн эргэлтээр засгийн эрх булаасан Нигерийн цэргийн офицеруудын нэг генерал Салифу Моди хөрш Мали улсад айлчлал хийхдээ, Нигерийн асуудал бүс нутгийн нарийн төвөгтэй асуудал учраас Мали, Буркина Фасо, Нигерийн хилд гарч болзошгүй бослогоос урьдчилан сэргийлж Вагнерийн цэргийг байрлуулахаа мэдэгдэж байв. Энэ бүхний цаана Францын талтай найрсаг харилцаатай Ерөнхийлөгч нь унаж, Нигерийн засаг огцрох үндсэн шалтгаан нуугдаж байв. Бүүр цаадын цаадхыг нь ухвал Нигер тэргүүтэй Африкийн орнуудын баялгаа олборлосон ч амаараа шороо үмхээд, хувхай хоосон үлдсэн шалтгаан нь яг манайх шиг улсаа удирдсан урагшгүй эрх баригчид нь юм. Ховдын Э.Болормаагийн донгиодуу асуултуудаас дөнгөж хоёр нь энэ. Өөр сэдэв, өөр асуудлуудынх нь хүрээнд "өө"-г нь хөндвөл өнөөдөр эс хүрэлцэнэ.
Баялагтай улсыг тойрох бас нэг зовлон бол балаг нь барагдахгүй улстөрчид. Манай гишүүд мега төсөл гэдэг үгэнд их дуртай. Тарни шиг цээжилсэн том төслөө хөдөлгөж үзээгүй ч, үзчихээд "тонилох" мөрөөдөлтэй. Гэвч мега төслийнхөө хүрээнд хэлэлцэх асуудлаа ядаж ойлгодог байх нь наад захын зарчим. Том нь жижгээ, хүчтэй нь хүчгүйгээ “барьж идэх” их гүрний бодлогод, хамтын хэлэлцээрт Казахстан ямар нүүдэл хийж буйг жишээлэн ажиглах ёстой. Хүчний тэнцвэрийг яаж хадгалахаа ойлгох ёстой. Нигерийн жишээгээр хэдий болтол иргэдээ айлгаж манипуляцдах вэ? Нигер ч гэж Нигер. Очиж очиж манай гишүүдийн ухаалгаа нотлох, уншдагаа харуулах, эгогоо тэжээх "жишээ" болох үйлтэй улс юм.
Өнөөгийн парламентын гишүүдийн идеал нь хүн төрөлхтний соёлт иргэншлээс ухарч буй улс орнуудтай өөрсдийгөө жиших хэмжээнд унажээ. Нэгэнт цагт дэлхийн талыг эзэлж, их үйлст тэмүүлсэн дээдсийн сүнс үзээд гашуудаж буй биз ээ.










