



















Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монголын түүхийн хамгийн гашуун, хар бараан толбо болж тогтсон “их хядлага”-ыг “их хэлмэгдүүлэлт” гэж “буруу” томъёолсон хэвээр. Үндсэндээ тухайн үеийн Монголын нийгмийн сор болсон сэхээтнүүд, алтан ургийн язгууртнууд, хутагт хувилгаад, ном эрдэмт лам нар, ертөнц өөрчлөгдөж, хорвоог зөвхөн Оросоор төсөөлөх учиргүйг ойлгосон, оюунлаг нүд нээгдсэн хэсгээ гадны захиалгаар хоморголон устгасан “геноцид” байв. “Геноцид”-НҮБ-аас аль нэг үндэстнийг, угсаатныг, арьс өнгө, шашны бүлгийг бүхэлд нь буюу хэсэгчлэн устгах зорилготой үйлдэл гэж тодорхойлсон байдаг. ХХ зууны дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн нацист Герман еврейчүүдийг хоморголон устгасан явдал, ЗХУ-д өрнөсөн их хядлага буюу НКВД-ын цуврал хэлмэгдүүлэлт, Маогийн соёлын хувьсгал, Пол Пот, Иенг Сари нарын дэглэмийн үеийн хядлагуудыг “геноцид” мөн гэж тодорхойлдог. Тэгвэл Монголын төр “хувьсгалын эсэргүү” хэмээн хэрэг зохион иргэддээ тохсон энэ их хядлага ч мөн НҮБ-ын геноцидод тооцогдох учиртай буюу үндэстний “уураг тархи” болсон сэхээтэн бүлгийг устгасан гэж тооцогдох нь зүйтэй. Тэр үеийн их хядлагын хар толбо өнөөгийн Монголчуудыг дагасаар дүрээ буруулж, нэрээ өөрчилсөн коммунист намын сүүдэрт бид ядруухан амьдарч байна. 70 жилийн тархи угаалт, 70 жилийн суртал ухуулгад нийгмийн сэтгэхүй бүхэлдээ доройтжээ. Монголын төр 55 мянган иргэнээ санаандгүй хэлмэгдүүлж буудаагүй. Коминтерны заавраар сэхээтэн бүлгээ санаатайгаар хоморголон устгасан, үндэстний эсрэг “геноцид” байсныг өнөөдөр хүлээн зөвшөөрч нэр томъёог нь өөрчлөх цаг болж. Ард түмнийхээ өмнөөс бууны ам шагайж, их хядлага үйлдсэн МАН (МАХН) уучлалт гуйн бөхийж, түүхийн үнэнийг суртал ухуулагаар бус үнэнээр үлдээж, “өчигдөр” үйлдсэн гэм бурууг “өнөө” багахан ч атугай цайруулах ёстой. Гэвч өнөөгийн МАН өчигдрийн МАХН-ын бодлогыг залгамжилж их хэлмэгдүүлэлт зүсээ хувилган “ардчилсан” Монгол улсын иргэний хэлэх үгийг боомилон, залхаан цээрлүүлэлтээр үргэлжилж байна. Шинэ цагийн эрх баригчид үндсэндээ коминтерны хойд дүр болон “бойжиж” байна.
КОМИНТЕРНЫ “ХОЙД ДҮР”
Ердөө зуу хүрэхгүй жилийн өмнөхөн Монгол айл бүр ааваа, ахаа, өвөөгөө, дүүгээ харанхуй шөнөөр ногоон малгайтуудад булаалгасан гуниг хорсол бүдгэрээгүй. Жагсаалтын тоог гүйцээхээр хээр явсан малчин хүүг жалганд буудсан бурангуй түүх мартагдахгүй. Тэр үеийг үзсэн, даваад гарсан нь ч амьд байна. Ийм л ойрын түүх. Богдын сүүлийн хатан Гэнинпил (1905-1938) Дэмид жанжины гэргий 6 сартай жирэмсэн эх Навчааг (1906-1937) ч буудаж хэлмэгдүүлж буудсан нам...
Өнөөдөр...Ардчилсан монгол улсад коммунизмыг амь бөх оршоож хэлмэгдүүлэлтийг олон хэлбэрээр үргэлжлүүлж байна. Хийгээгүй хэрэгтээ гүтгүүлэх, доромжлуулах, гутаагдах, үзэл бодлоороо гадуурхагдах, зохиомол хэрэг тулгуулах гэх мэт хүний эрхийн зөрчил нийгмийн хурц асуудал байсаар байна. Хүний эрх цаасан дээр л мөрдөгдөж үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж, эрх баригчдыг шүүмжилснийг цахим орчинд мөшгин хэлмэгдүүлэлт үргэлжлэх болов. Дарангуйлал далд хэлбэрт шилжиж, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдсаар. Саяхан даа. (2023-01-18) Засгийн газраас “Олон нийтийн сүлжээнд хяналт тавих хууль”-ийн төслийг өргөн мэдүүлж УИХ, УИХ-ын байнгын хорооны гишүүд ердөө “гуравхан” хоногт багтаан баталж байв. Уг хуулийн төсөл нь иргэдийн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг Үндсэн хуулиар олгогдсон эрхүүдийг цахим орчинд хяналт тавих нэрийдлээр далимдуулж, хяналт тавих, улстөрийн зорилгодоо ашиглах далд зорилго ардаа нуусан байсан. Хэдийгээр хуулийн төсөл унасан ч дарангуйллыг ил цагаан хуульчлан батлахыг санаачилсан намын гишүүд өнөөдөр ч “дахин” сонгогдон төрийн эрх барин “дээр” заларч сууна. Тэр үеийн хэлмэгдүүлэлт гэх их хядлагын сүүдэр өнөөгийн нийгэмд ч амь бөх оршиж буйн илрэл нь бидний коммунизмыг санан дурсах “мунхаглал”... Энэ өдөр хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлээд өнгөрдөг биш, түүхийн үнэнийг эргэн сануулдаг өдөр болгоё...Хойч үедээ мэдүүлье.
БЯМБЫН РЕНЧИН: 1937 оны их хядлагаас өмнө монгол хүн бүр зоригтой, гудамаар алхаж яваа хүнийг ажихад их сайхан зоримог харцтай, хийморь золбоо төгс харагддагсан. 1940 он болоход бүх хүний хулхи нь бууж гөлөн гөлөн хийсэн харцтай болсон доо...










