



















“Хамгийн муу хүн Н.УЧРАЛ”
Харьяалагдах улс төрчдөөрөө, тэр дундаа ранкаараа Хэнтий аймагт нэгдүгээрт жагсана. Улсынх нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга цаашлаад Улаанбаатар хотын Захирагч нь Хэнтийн гаралтай.
Хэнтийн гаралтай улс төрийн албан тушаалыг ингэж ангилах нь, одоохондоо улс төрд Хэнтийнхэн “нэгдүгээрт” бичигдлээ гэдгийг илтгэх санаа. Гэхдээ бас Хэнтийнхэний нэртэй улстөрчдийн “улс төрд” гаргах ерөнхий имиж нь төстэй. Тэднийг зүйр цэцэн үгээр илэрхийлвэл, “муу муудаа жанжин, муна гадсандаа жанжин”.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын үг, үйлдлийг ажиглахад, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай их төстэй байх болсон. 2025 оны төсвийн төслийг шүүмжилсэн Г.Энхтүвшин гишүүнийг “их гомдомтгой” гэж Н.Учрал гишүүн тодорхойлоод, шинэ гишүүнд цаг хугацаа хэрэгтэй байх, гэсэн ч би яасан гэж уучлах гуйх вэ хэмээн байр сууриа илэрхийлэв. Мөн тэрбээр ирэх саруудад олон хүний эрх ашгийг хөндөх учир өөрийгөө “хамгийн муу хүн” байх болно гэж мэдэгдэв.
Н.Учралтай холбоотой өөр нэг баримтыг сөхье. Өнгөрсөн 2023.01.19-ний өдөр. УИХ-аар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэв. Тухайн хуулийг боловсруулж өргөн барьсан албан тушаалтан нь ЦХХХ-ны сайд асан Н.Учрал. Тухайн үед Ердөө 24 цагийн дотор хэлэлцэж, батлахыг УИХ-аас шаардсан. Гэхдээ тэрний “түрэмгийлэл” ах нарынхаа өмнө унасан. Тэр үед Н.Учралд дайж УИХ-ын гишүүн асан Н.Мөнх-Оргил “Зургаан жил Засгийн газар ажилласан байж болох ч УИХ-аар хууль баталдаг шүү. Ингэж даналзаж болохгүй шүү. Хөл толгой нь хаана байна вэ. Учраа олоорой” гэж ундууцаж байв.
Зөвхөн хоёрхон үйл явдлыг сийрүүлэхэд, дээрээ том ахтай, улс төрийн нам доторх фракц нь хүчтэй, нэмээд өөрөө санхүүгийн эрх чөлөөтэй байх үед УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал шиг улс төрд “том” болоход ердөө 8 жил хангалттай байх нь.
Хамгийн анх Н.Учрал 2015 онд Монгол Улсын Шадар сайд асан У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдож, улс төрд хөл тавьж байв. Түүнээс хойш УИХ-ын 2016, 2020, 2024 оны сонгуульд дараалан оролцож, УИХ-ын гишүүнээр тасралтгүй улиран сонгогдсон юм. Нэмээд Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдох үеэс Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байна.
Н.Учралын ард У.Хүрэлсүх батны хамгаалдаг. Үүнийгээ баталж, Н.Учрал хүнд өвчнөө эдгээсэн түүх буюу “Эргэн ирсэн минь” номдоо “У.Хүрэлсүх дарга орж ирэхэд би шууд нүдээ нээгээд өндийх гэж хичээсэн” гэж бичжээ.
Цаашид ч, Н.Учралын мэтгэлцээний зарчимтай парламентын танхимд УИХ-ын гишүүнийг үг хэлснийх нь төлөө намаараа хариуцлага тооцуулах асуудал хүртэл ярьж, шууд "тэгж ярих ёсгүй" гэхчлэн “дарангуйлах” үйлдэл үргэлжилнэ үү болохоос засагдахгүй нь тодорхой байна. Магад түүний ойрын ирээдүй нь нутгийн ах Х.Нямбаатар ч байж болзошгүй.
“Барагдашгүй шуналтай Ч.НОМИН”
“Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү эрхтэй...” ЖОРЖ ОРВЭЛЛ
“Нэг жилд ердөө 22 хон удаа гадаад томилолтод төсвийн мөнгө зарцуулж явдаг. Гэхдээ би Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулж байна. Ажил хийж явж байна” гэж ярьж зогсох УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн нь Ч.Номин.
Соёлын сайдын төсөвт 598.6 тэрбум төгрөг суулгаад байгаагаас урсгал зардалд 432.3 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 165.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл өнөөдөр гал алдчихсан Эрчим хүчний сайдын багцад ердөө 315 тэрбум 228 сая төгрөг суусан гэхээр Ч.Номин аргагүй л “жаатай” сайд байх нь.
Тухайлбал, олны шүүмжлэлийг хамгийн их хүртсэн, хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх зорилгоор “эрхийн бичиг“ төрөөс үнэгүй олгох 18.3 тэрбум төгрөгийн зардал. Энэ зардлаа Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин “За тэгээд цаг хугацаа зөв буруу эсэхийг тос усаар нь ялгаад өгөх байх аа. Зөв зүйтэй зүйл гэдгийг ойлгох өдөр ирэх байх. Миний зүгээс мэдээлэл дутуу өгч байгаа алдаа бол бий. Ажлынхаа хэрэгжилт дээр нь онцгой сайн анхаарч олон хүүхдэд тусаа өгөх сайн өдөр удахгүй ирнэ гэж итгэж байна” гэж тайлбарлав.
Хамгийн гол нь Ч.Номин сайдын энэ үйлчилгээ ашиг сонирхлын “томоохон” зөрчилтэй байж болзошгүй. Түүний нөхөр Г.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Ори студи” ХХК. Хоёр жилийн өмнө эрх зохицуулалтыг нь “батны” болгоод араас нь өөрийн хамаарал бүхий этгээдийнхээ кино компаниар уран бүтээл хийж цацаад, төрөөр худалдаа хийх аргаа ингэж олсон байж болзошгүй юм. Кино урлагийг дэмжих тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын 45 хүртэлх хувийг буцаан олгодог байх өөрчлөлтийг тусгасан юм.
“Гацуурт”-ын Б.Чинбатын охин Номингийн хувьд улс төрд намын дэмжлэг сайн байгааг, өөртөө бас хэтэрхий итгэлтэй явааг нь зөвхөн энэ тайлбараас нь харуулж байна. Түүнийг улс төрд Ерөнхийлөгч асан Х.Баттулга хөл тавиулсан. Түүнийгээ баталж, Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Ч.Номинд хандан “1983 онд төрсөн залуучуудын төлөөлөл Засгийн газарт орж ирсэн үнэхээр баяртай байна, Баяр хүргэе. Таны хийсэн бүтээсэн зүйлсийг залуус дэмждэг” хэмээн хэлсэн нь хэвлэлд архив болон үлджээ.
Засгийн газрын гишүүнээр улиран сонгогдог, парламентын танхимд “хүчтэй” байгаагаас харахад Ч.Номин бусдаас давуу эрхтэйг илтгэнэ.










