



















НИТХ-ыг тойрсон улс төр даргаа сонгосноор эхэллээ. НИТХ-ыг хэн удирдахаас эхлээд 45 төлөөлөгчийн хэнийх нь ард хэн байна вэ гэдэг нь нэвт уншигдав.
Яг нэг жилийн өмнө УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, нийслэлийн Засаг даргаар ирсэн Х.Нямбаатар зорилгоо биелүүлсэн “додигор” явна. Арга ч үгүй биз. НИТХ-ын төлөөлөгчийн 32 нь түүний фракцынх. Үндсэндээ тэр сонгуульд ялахдаа, намынхаа “хэдийг” давхар дахин яллаа.
Нийслэлийн МАН-ын хороо “Д.Сумъяабазар, Х.Нямбаатар” , “Д.Амарбаясгалан, С.Амарсайхан” гэсэн фракцтай. Хотын дарга асан Д.Сумъяабазар Х.Нямбаатарт ажлаа өгөхдөө гар барьсан. МАН-ын дарга нь ч тэднийг дэмжиж, алга ташсан байдалтай ажиглаж сууна. Нөгөө талд Д.Амарбаясгалан №1-ийг налж, нийслэлийн МАН-ын хороонд С.Амарсайхантай хүчээ нэгтгэх тохиролцоо нь дуусаагүй үргэлжилж байна.
НИТХ-ын МАН-ын 40 төлөөлөгчийг задалж харвал, 32 нь Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нарын сойсон “морьд” нь. Эдний фракцынхан эрх мэдлээ ч тэнцүү хувааж сууна. Тухайлбал, НИТХ-ын даргаар сонгогдсон А.Баяр Д.Сумъяабазарын талынх. БЗД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн багийнх. Э.Бат-Амгалан нь гишүүн, Д.Сумъяабазарын фракц юм байна. Тиймдээ ч, НИТХ-ын даргад Д.Хосбаяр, А.Баяр нар өрсөлдөөд А.Баяр 86.7 хувийн саналаар сонгогдсон. Энэ нь Х.Нямбаатар Д.Сумъяабазартаа найр тавьсны илрэл. Үлдсэн 8 төлөөлөгчийн долоо нь Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарынх, нэг нь буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргад нэр нь яригдах болсон З.Төмөртөөмөө Г.Занданшатарын хүн.
Х.Нямбаатар ирэх 4 жилд дахин “тодрох” нь ойлгомжтой боллоо. Түүний эсрэг дуугарах “сөрөг хүчин” үгүй, сөрөх төлөөлөгч үгүй л байх нь. Намрын бордюрын наймаа бол эхлэл хэсэг нь болох магадлалтай. Одоо зөвхөн хотын иргэд л хурц харж, тод ярьж, хяналтаа тавихгүй бол үнэмлэхүй олноор сонгуульд ялсан Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нарын фракц “оодорч” болзошгүй юм.
Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний нэгжийн тухай хуульд бүх шатны Засаг дарга тухайн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Засаг даргын ажилд үнэлэлт, дүгнэлт өгч, хяналт тавьж ажиллахаар тусгасан. Гэтэл ийнхүү Х.Нямбаатартай нэг фракцын хүн НИТХ-ын даргаар сонгогдов. Эндээс бүх эрх мэдэл Х.Нямбаатарт төвлөрсөн нь илт харагдана.
Улаанбаатар хотын 36 дахь захирагч буюу нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар одоогоос 15 жилийн өмнө буюу 2009 оноос дарга гэж дуудуулж эхэлсэн. СХД-ийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын ажлаа авснаас хойш төрийг төлөөлсөн удирдах албан тушаалыг Х.Нямбаатар тасралтгүй эрхэлж байна гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч Х.Нямбаатар захирагч дүрдээ автсан. Энэ байдал нь ирэх дөрвөн жилд ч ийнхүү үргэлжлэх нь. Мөн тэр нэгэнтээ өөрийг нь эсэргүүцсэн, шүүмжилсэн бүхний өөдөөс заргалддаг, ундууцдаг, тушаадаг дархтан хэвээр байх нь. “Наполеоныг илд буу хоёр ийм том болгоогүй Наполеоныг эмээ нь том болгосон юм” гэдэгчлэн Х.Нямбаатарыг төр ийм болгосонгүй, иргэд бид хүлцэнгүй байснаараа ийм том болгосоор байна.










