



















Алтан тэвшийн хөндийд үхлийн мэт түнэр хар өтгөн утаа алсаас тунарч үзэгдэнэ. Дайны хөлд сүйдсэн Газын зурвас, иргэний дайнаас эзгүй үлдсэн Хажар аль-Асвад, тасралтгүй бөмбөгдүүлэх Бейрут,Оросын цохилтод өртсөн Украины хотууд ч алсаас ингэж үзэгдэхгүй.
Магад дэлхийн хоёрдугаар дайны үеийн нацист Германы “үхлийн үүд, тамын хаалга” хүн түлштэй Освенцимын хорих лагераас ийм хар утаа олгойдон тунадаг байсан биз ээ...
Хүхэр ханхалж, үхэл үнэртсэн энэ дүр зураг бол 21-р зуны Монголын нийслэл. Хот нь хорт утаатай, хүмүүс нь хүнд металлын хордлоготой, хүндэрсэн нь хорт хавдартай. Хүүхдүүд нь агаар бус угаар л гэж мэдэх энэ газар бол байгалийн гамшиг, дайн дажин, терроримз, их өлсгөлөн гээчийг үл мэдэх энх цагийн Монгол орон.
Өвлийн эхэн сар дөнгөж эхлэхтэй зэрэгцээд утаагүй түлшинд 1968 хүн угаартаж 35 нь унтаад сэрсэнгүй.
Утаагүй түлш түлсэн таван жилд угаарын хийн цочмог хордлого 50 гаруй хувиар өссөн аюулын харанга дэлдэж байна. Угаарын хийн цочмог хордлогын аюул нь хүний тархинд тодорхой хэмжээний үхжилт үүснэ. Тархинд үхжилт үүссэнээр хүн мартамхай, ой санамж муудах, сэтгэл санаагаар хямрах, тэнэгрэл эрт эхлэх, зөнөх сөрөг үр дагавар Монголчуудыг отож байна. Ой санамж муудсанаа Ковидын вакцинд тохож, гэнэтийн үхэлтэй нүүр тулахдаа Ковидын вакцин гэж итгэтлээ тэнэгэрч сууна уу?
Ковидтой зэрэг шахам Монголчуудын амьдралд орж ирсэн сайжруулсан шахмал түлшний угаар л таныг мартамхай, ууртай, стресстэй, хямралтай болгож буй юм биш биз.
Монголчуудын эрүүл мэндийг суудал дороо ивсэн МАН-ын удирдлагууд, өнөөгийн эрх баригчдын эл үйлдэл иргэдийнхээ эсрэг үйлдэх гэмт хэрэг биш үү. Мэддэг ч чимээгүй суух Монгол хүн та эс үйлдэхүйгээрээ гэмт хэргийг хаацайлж байна.
Энх цагийн Монгол Улсад эдүгээгийн эрх баригчид геноцид үйлдэж байна. Удаанаар үхүүлэх утаагүй түлшээ шахаж, Монгол хүний эрүүл амьд явах эрхийг нь зөрчиж, Үндсэн хуулиа уландаа гишгэсээр. Нэгэн цагт сэхээтнүүдээ хядаж цусан мөр татуулсан МАН өнөөдөр бактерлогийн зэвсэг үйлдвэрлэж, химийн хор татуулсаар их хядлагаа үргэлжлүүлж буй нь энэ үү? Монголын төр иргэдийнхээ эрүүл амьд явах баталгааг үгүй хийхээр шахмал түлш гэх химийн зэвсэг хөгжүүлж, түлэхгүй гэвэл хөлдөж үхэх харгис сонголт өгч буй нь бөөнд нь хороох бодлого биш үү? Утаа бууруулахад төсөвлөгдөх татвар төлөгчдийн мөнгөөр улстөрчид гараа угааж Нүхт, Бага тэнгэр, Зайсангийн аманд хаус болгон нуужээ. Улсаа давуулж оффшорт нуусан нь ч өнөөдрийн төрд толгой хорогдож буй.
Улсын ерөнхий аудитор Д.Загджав "Шахмал түлшний үйлдвэрээс гэмт хэргийн шинжтэй 1.1 их наядын зөрчил илрүүлж, прокурорт шилжүүлсэн" гэж хэдхэн сарын өмнө хэлсэн биш үү?
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сандарч яасан хариуцлагагүй юм ярьж байна? Ерөнхийлөгчийгөө буруу юм хийсэн гэх юм" хэмээн хариу тайлбар хийж байлаа.
Шахмал түлшинд шилжсэн жилүүдэд төсвөөс гарсан мөнгө үр ашиг зарцуулагдсан гэдгийг өнөөдөр Улаанбаатарчууд бид уушгиараа, сэтгэцийн эрүүл мэндээрээ баталъя.
МАН 100 жилийн түүхэндээ хоёр зууныг дамнах хос геноцид үйлджээ. Арга замнал нь бяцхан зөрүүтэй ч амсуулах үр дүн нь Монголчуудын мөнхийн зовлон. Мөнгийг нь хулхидаж залгичхаад хорт утаагаар угаартуулж алах энэ үйлдэл угтаа олон улсын шүүхэд дуудагдах гэмт хэрэг.
Монголын төр дайсандаа хандаж буй мэт иргэддээ хатуурхан доромжилж буй нь өөрсдийн иргэдээ үй олноор хядаж түүхэнд цусан толбо үлдээсэн Мао, Сталин, Пол Полтоос ялгаа юун? Адгийн фашист Адольф Гитлер ч өөрийн үндэстэндээ ингэж хатуурхаагүй.
Энд бетонон хавцал, тэг зогсолт, ядуурал, хуулийн хулгай, улсаасаа баян улстөрчид, авлигын схем, газрын наймаа, хагартлаа хөлжсөн төрийн албаныхан, албан тушаалын наймаа, дунд шатныхны хуйвалдаан цаашид тоочвол өнөөдөр үл хүрэлцэх том сэдвүүдийг түр орхиё.
Ургийн гажиг, уналт таталт, дутуу тээлт, амьгүй төрөлт жил бүр нэмэгдэж байна. Улаанбаатар хотод үр зулбах магадлал өвлийн улиралд дөрөв дахин их. Эхийн хэвлийд байхдаа хүчилтөрөгч дутагдсанаас шинээр төрсөн үрс олдмол уналт таталттай мэндэлсээр. Дөнгөж төрсөн нярайн 3-5 хувь хүчилтөрөгчийн дутагдалтай. 0-5 насны нялхсын хамгийн том эндэгдлийн шалтгаан амьсгалын замын өвчлөл уушгины хатгалгаа болжээ. Ийм аюултай орчин, ийм эрсдэлт бүсэд төрөлт буурах нь аргагүй.
Нялхас нь суурь өвчтэй төрж, нийгэмд төрөлт буурах нь үндэсний аюулгүй байдал.
Амьсгалын замын өвчлөлөөр 2022 онд 6000 хүн өвчилсөн, харин өнгөрсөн онд энэ тоо 16000 болж өслөө. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээс хойш угаарын хийн улмаас нас барсан иргэдийн тоо 2-3 дахин өссөн гэдгийн эмч нар чинь баталж байна.
Хуультай улс шүү гэх үг зөвхөн иргэдэд үйлчилдэг, хууль засаглах үзэл санаа хулгайчийнх нь хөл дор хэвтэх “хөгжлийн засгаас” эрүүл агаар шаардъя. Угаартаж, ядуурч, туйлдаж өширхсөн нийгмийг Хятад, Оросоор талцуулж, элдвийн зохиомол гэмт хэргүүдийг нийгэмд шидэж өгч донтуулаад араас нь халамж тараан нийгмийнхээ шарыг тайлах МАН-аас ёс суртахуун нэхье...
Угаартлаа, амьсгал боогдлоо, үхлээ... У.Хүрэлсүх ээ, Л.Оюун-Эрдэнэ ээ, Х.Нямбаатараа, үе үеийн авлигач гишүүд ээ...










