



















Монгол Ардын Намын бага хурлын гишүүд намын даргадаа үл итгэсэн учраас Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааг тодорхойгүй байдалд хүргээд байна. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурлынхаа эсрэг Ардчилсан Намынхантай хамтрах хүсэл зоригоо илэрхийлж байгаа гэдэг нь түүний сүүлийн хөдөлгөөнөөс тодорхой харагдсаар байгааг чи ч харлаа, би ч харлаа гэдэг шиг.
Түүний хувьд МАН-ын олон гишүүдтэй санал зөрснөөр нам доторх байр суурь нь ганхаж байна.
Хэрвээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гаргаж буй энэ эр зоригийг Ардчилсан Намынхан үнэлж чадахгүй бол 2032 оныг хүртэл сөрөг хүчин түүнээс цаашаа сөрөг хүчин байсаар байх болно. Гэхдээ сөрөг хүчин байхгүйгээр засаг барих хувийг нь угтаа бол Л.Оюун-Эрдэнэ гаргаж өгөөд байгаа юм л даа.

Дэлхийн туулж ирсэн улс төрийн онолд “Хүчтэй сөрөг хүчин” -ний тухай тунхагласан зүйл байдаггүй юм. Энд бүүр АН-ынханд зориулаад хэлэхэд дэлхийн улстөр судлаачид, онолчид “Хүчтэй Сөрөг Хүчин” гэж хэзээ ч тунхаглаж байгаагүй.
Тэгвэл “Хүчтэй сөрөг хүчин” гэх хэлц үг хэзээнээс Монгол Улсад яригдаж эхэлсэн бэ гэвэл 1996 оны сонгуулиар “Ардчилсан Холбоо Эвсэл” засаг барьж эхэлсэн үед ялагдсан МАХН-ынхан анх гаргаж өнөөдөр Монгол Улсад онол мэт яригддаг болгосон юм. Ерөнхий автор нь “Авлигын Загалмайлсан Эцэг” хэмээн нэр зүүдэг Намбарын Энхбаяр гэхэд нэг их хол зөрөхгүй.
Түүнээс “Хүчтэй Сөрөг Хүчин” гэж хаана ч байхгүй. “Сөрөг хүчин” олон гишүүнтэй юу цөөн үү гэдэг дээр л яригддаг. Их Британийн домогт Ерөнхий сайд Уинстон Черчилль “Сөрөг хүчин засаг руу чулуу шиддэгээсээ илүү улс орныг бэхжүүлэх үүрэгтэй” гэсэн байдаг.
УИХ-ын чуулганаар хамтарсан засгийн газарт итгэл үзүүлэх эсэх дээр санал хураалгах гэж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг энэ удаа АН-ынхан хуйгаараа дэмжих ёстой.
Энэ дэмжлэг Ардчилсан Намын дотоод тэмцлийг сорих сүүлийн сорилт болно. Үүнээс цааш ардчилсан намынханд 2028 оны сонгуулийг хүртэл улстөрийн хүрээнд ахин ийм том сорилттой нүүр тулгарахгүй.
Л.Оюун-Эрдэнийг дэмжвэл Ардчилсан Намынхан Засгийн газарт олон том төслүүдийг бүтээлцсэн нэр зүүж 2028 онтой золгоно. Магадгүй 2024 онд авсан суудлаасаа олон суудал сонгогчдоос авах боломжтой. Хэрвээ “Довны сонгуульд” ч ялж үзээгүй “Сайн Ах” Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, АН-нд байж л байдаг байж байгаад урсаад сураггүй алга болдог олигархуудын гар хөл болсон “жапак”уудынхаа үгэнд орвол 2028 онд ахин “Хүчтэй сөрөг хүчин” байх хэмжээнд байж чадахгүй болно. Ер нь бол “Сөрөг хүчин”-ийг АН-тай АН-гүй Үндэсний эвсэл, ХҮН нам, Иргэний Ногоон Нам хийчихнэ. Бүүр УИХ гишүүн “Нара” Мөнхтөрийн Нарантуяа ч ганцаараа хийчихтэйгээ.
Сонгуульд жагсаалтаар ордог сайн ах, эсвэл ёндоорч орж ирээд хөөрлөөсөө бууж чадахгүй байгаа алсын хараагүй хэсэг нялхсынхаа орилохыг дараад Ардчилсан Намынхан алсаа харж, тоо сайн бодож 7 хэмжиж 8 огтолбол засагт үлдэх нь ашигтайг ухаарах болно.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эр зоригийг үнэлж, саналыг дэмжихгүй бол Ардчилсан Намд ийм олноороо засаг барилцах боломж ахих нь юу бол!
Өнөөдөр Ардчилсан Намынхан засагт хамтрахгүй гэснээрээ ямар хожоотой вэ? Шулуухан хэлье ямар ч хонжоо АН-ынханд байхгүй.
Харин ч 8 яамны сайдаа түүнийг дагасан олон гишүүд ажилгүйчүүдийн эгнээнд гарна. Хоёр гол төслийг явуулахад гар бие оролцсон ч 2028 онд энэ нэрийг МАН ганцаараа чирнэ. 7 хоногийн өмнөхөө санадаггүй ард түмэн 1150 хоногийн өмнөхийг санах нь юу л бол!
2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол бүр цаашаа болно.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын суудлаас нь буулгавал хэн хожих вэ?
-АН-ыг Засгаас хөөж, өөрсдөө сайд болохыг мөрөөдөж буй МАН-ын “Гомдогсдын бүлэг” хожно.
-Авлигын загалмайлсан эцэг гэгддэг Намбарын Энхбаяр өөрийн хүү (нялх Сэнгүм) Энхбаярын Батшугараа сайдын суудал дээр мордуулна.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцаас илүү олон хүн Засгийн Газарт орж ажиллана.
-МАН-аас үлдэж хөөгдсөн улстөрчдийн амилах цаг ирнэ
-Ардчилал улам бүр хумигдана.
-Монголыг хөгжүүлээд байгаа юм шиг мөртөө бүхнийг өөртөө авч хууль үгүй мэт аашилдаг Олигарх бүлэглэл бүүр хүчээ авна.
-АН-ын гишүүд нийтээрээ ахиад л лааз өшиглөнө.
-Харин Ардчилсан Намаас ганцхан хүн магнай хагартлаа баярлах нь мэдээж Цахиагийн Элбэгдорж байх болно.
Энэ удаа Ардчилсан Нам хий хөөрч ухвар мөчид алхам хийвэл Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрүүд зогсохгүй цааш үргэлжилнэ. Гэхдээ Ардчилсан Нам 2028 онд “Гацаагч” гэсэн нэр хоч зүүгээд дуусна.
Жагсаалтаар орж ирээд нам дотроо бужигнуулаад байгаа нөхөд ахиж жагсаалтаар ч орохгүй, тойрог дээр очоод санал авч чадахгүйгээ мэдэж байгаа тул тэдний хувьд улстөрийн замнал дуусахын өмнө бадамлаад унтардаг лаатай адил ирэх 3 жилд АН-ыг бужигнуулахаас өөр шидийг үзүүлэхгүй.
Тиймээс л "Хүчтэй сөрөг хүчин гэж байдаггүй юмаа м"АН"гаруудаа"
Эцэст АНУ-ын Анхны афроамерик гаралтай Ерөнхийлөгч Барак Обамагийн “Хүчтэй сөрөг хүчин төрийг унагаах бус, засаг төрийг хариуцлагатай, ухаалаг болгодог” гэсэн эшлэлээр энэхүү нийтлэлээ өндөрлөе.










