



















Тив дэлхийн гоо үзэсгэлэнг шалгаруулах дөрвөн их наадам бий. Дөрвөн их наадмын нэг “Miss Universe 2024” ням гарагт ялагчаа тодруулж, Дани бүсгүй Виктория Кьяр Теилви “Ертөнцийн миссийн” титмийг хүртэв. Гоо сайхан, авъяас чадвар, ур ухаан, хайр энэрлийг нэгэн биед цогцлоосон 120 гаруй орны сайхан бүсгүйчүүд дэлхийн тайзнаас тэгш эрх, энх тайвныг уриалах нь бахдам.
Дэлхийн гоо бүсгүйчүүдийн өрсөлдөх дөрвөн их наадмын үзэл санаа жил улирах бүрд өөрчлөгдөж, өнгөрсөн зууны үнэлэмж төгс төгөлдөр, гоо сайхны хатуу хэмжүүрээ ямх чимхээр гээж байна. Хүмүүнлэг, энэрэнгүй, энх тайван дэлхий ертөнцөд, эв найртай амьдрах үзэл санааг эмэгтэй хүний дуу хоолойгоор хүргэх эрхэм зорилго тээх болж. Цаг мөч бүрд хувьсан өөрчлөгдөх өнгөт орчлонгийн өнцөг булан бүрд өв соёл, үндэс угсаа, үнэт зүйлсээ тээж орших олон иргэншлийн ондоошлыг мэдрүүлж байна. Ийм л ондоошил, ийм ялгарлыг гоо бүсгүйн уран яруу төрхөөр хүн төрөлхтөнд дамжуулан мэдрүүлэх нь гоо зүй билээ.
“Miss Universe 2024” наадамд Монгол улсыг З.Номинзул бүсгүй төлөөлөв. Тал нутгийн бүсгүйн төгс үзэмж, торгон мэдрэмж, сэтгэл зүрх, идэвх зүтгэлээр жигүүрлэсэн З.Номинзулыг дэлхийн тайзнаа харах догдлол өндөр байв. Дэлхийд цор ганц нүүдэлчин ахуй, түүх соёлоо таниулах эрхэм үүргийг тээсэн үндэсний ялагч маань өөрийн боломжит хэмжээнд оролцоод тулах цэгтээ хүрэв. Монголын оролцогч яагаад шилдэг 30 гоо бүсгүйн тоонд багтаагүйг олон хүмүүс гайхлаа гэх мэдээллийг ч “Miss Universe” наадмын Монгол дахь хуудас ч онцолжээ. Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдэд оролцоно гэдэг гоо үзэсгэлэн, авхаалж самбаа, авъяас чадвар, мэдлэг боловсрол байгаад ч "үндэснийхээ мөн чанар", "итгэх итгэл"-ийг өөрөөрөө илэрхийлж чадахгүй бол "хол" алхдаггүйн жишээ энэ болов.
"Miss Universe 2024" наадамд дэлхийн 120 гаруй улсын гоо бүсгүй эх орныхоо билэгдэл болсон ан амьтан, араатан жигүүртэн, өв соёл, түүх дурсгал, домог хууч, ардын урлаг, шүтээн бурхад гээд үндэсний онцлогуудаа бүрэн шингээсэн хувцастай тайзнаа алхав. Тэр ч бүү хэл үндэсний хувцсандаа хүн төрөлхтний анхаарал хандуулах ёстой уур амьсгалын өөрчлөлт, дулаарч буй байгаль дэлхий, устах дохиог илгээж буй ан амьтан, ус, ургамлыг дүрсэлсэн нь гүн гүнзгий утга санааг илэрхийлжээ. Өмссөн хувцас нь тухайн үндэстний оюун санааны гайхамшгийг дэлхий нийтэд хүргэх агуулгатай яв цав нийцүүлжээ. Ийм л учраас дэлхийн хэвлэл мэдээллүүд шилдгийн шилдэг, гайхалтай гэгдэх үндэсний хувцаснуудыг онцолж байна.
Монголын мисс З.Номинзулын өмссөн хувцасны өнгө дизайн, хэв маяг, утга санаа, илэрхийлэмж нь шилдэг 30-д багтаагүйн шалтгаан байж болох ч харагдана. Үндэсний хувцастай үзүүлбэр дээр Монголын мисс З.Номинзул бүх дэлхийн өмнөөс нумаа эвшээлгэж, сум тавихаар шагайсан нь “Humanism” руу зэвсэг далайх адил таагүй тавгүй мэдрэмж төрүүлэв. Үзэж суугаа үзэгч, шүүж байгаа шүүгчдийн өөдөөс хараад дайснаа дарж, дайчин чанараа гайхуулсан нь нүдээ олсонгүй. Дэлхий нийтээр Орос-Украин, Ойрх Дорнодод гал зогсохыг, энх тайвнаар зэрэгцэн орших цаг ирэхийг хүлээн суугаа биш үү...
Харин хоёр жил хагасын хугацаанд Оростой дайн хийж байгаа Украин улсын мисс Алина Пономаренко хуяг дуулга мэт гялалзсан хувцас өмсжээ. Утга санаа нь "Дайнд эх орноо хамгаалж буй цэрэг эрсэд хүндлэл үзүүлэв” гэсэн нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөсөн билээ.
“Miss Universe”, "Miss World", "Miss International", "Miss Earth" гэх тив дэлхийд, Монголыг сурталчлах тэмцээнд эх орноо төлөөлөх оролцогчтой Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтарч Монгол улсын дуу хоолойг олон улсад зөв утгаар хүргэх, анхаарал татахуйц байдлаар үзэл санаагаа түгээх тал дээр чиглүүлэн ажиллах ёстой. Монголын өв соёлыг сурталчлан таниулах үүрэгтэй Ч.Номин сайдын оролцоо, "оюун санаа", "өв уламжлал", "үндэсний бахархалыг" түгээн дэлгэрүүлэх энэ тэмцээнд үртэсийн төдийд үзэгдсэнгүй. Үгүй ядаж л өсөж үржээд тоо толгой нь 50-д хүрч буй Говийн Мазаалай, цөлжилт, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "тэрбум мод" гээд утга санааг ургуулан дүрсэлж үндэсний хувцсандаа урлаж болох байв. Олимпын наадамд багаараа очоод Монгол гэр барьж, уртын дуу дуулуулсан Ч.Номингийн сүүдэр ч үзэгдсэнгүй нь Монголоо төлөөлөх гоо бүсгүйн үнэлэмжийг нэмэгдүүлхэд цаг хугацаа, хамтын зүтгэл шаардлагатайг мэдрүүлэв. Цаашид ч соёлын яам нь Монголоо төлөөлөх гоо бүсгүйчүүдийн илэрхийлэмжийг, үндэсний бахархалтайгаа зохилдуулан уяж, "Боролдойн цаг"-ийн баатар шиг хувцастай дэлхийн тайзнаа зогсоохгүй байх тал дээр ажиллах шаардлага тулгарчээ. Хэдий болтол Монгол охид бор зүрхээрээ, аав ээжээрээ дэмжүүлсэн болж, оролцсон нэртэй явах вэ...
Улс орны "үнэт зүйлс", "үйлс зорилго" нь элч төлөөлөлөөрөө дамжин түгсэнээр дэлхийн тавцанд гарч ирдэг бичигдээгүй хууль бий...










