



















Өнгөрсөн жилийн 12 дугаар сараас УИХ гишүүн Ч.Лодойсамбуугийн эхлүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санаачилгыг Жудагийн Баярмаа гишүүн дэмжсэн ч УИХ-ын намрын чуулган хаалтаа хийж, тэдний гарын үсэг зуруулах ажил замхарсан. Харин хаврын чуулган эхэлж, Ерөнхий сайдын хүүгийн тансаглалаас газар авсан жагсаал өнөөдөр ч Сүхбаатарын талбай дээр “Огцрох Амархан” нэртэйгээр үргэлжилж байна.
Цаанаасаа олигарх бүлэглэлийн захиалгатай гэж харагдаад байгаа жагсаалын цаад эзнийг “MCS” компанийн үүсгэн байгуулагч Жамбалжамцын Оджаргал гэх. Тэрээр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн ордон доторх Ерөнхий сайдыг огцруулах санаачилгыг ордны гаднаас өрдөж байна хэмээн хардаж байгаа.
Жирийн нэгэн сэтгүүлч байсан Ч.Лодойсамбуу өнөөдөр “Шангрила”-г эс тооцвол Улаанбаатар хотын хамгийн үнэтэй хотхонд байр түрээсэлж амьдарч байгаагаа баталсан. Энэ нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг “MCS”-ийн шатрын хүү гэх хардлагыг нийгэмд гүн төрүүлсэн.

Гэтэл “MCS”-ийн шатрын хүү гэх Ч.Лодойсамбуу дээр ХҮН намаас нэг хүү нэмэгдсэн нь намаасаа Баянгол Дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулан УИХ-ын гишүүн болсон Жаргалсайханы Золжаргал юм. Тэрээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан дөрөвдөх УИХ гишүүн болсон бол ХҮН намаас бол анхных нь байлаа.
Өнгөрсөн 2024 оны сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнэ Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам гэсэн 3 намын төлөөлөлтэй “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэх хамтарсан Засгийн газрыг байгуулсан нь ХҮН намын хувьд алтан үсгээр бичигдэх үйл явдал байсан ч УИХ-ын гишүүн Ж.Золжаргал алтан үсгийг нь ганц гарын үсгээр баллуурдчихав бололтой.
Түүний зурсан гарын үсэг талбайн урд талын шилэн барилгаас шидэж буй чулууны нөлөө байгааг бараг л баталчихавуудаа гэж. ХҮН-аас нэр дэвшиж УИХ д сонгогдохынхоо өмнө Ж.Золжаргал 2019-оноос 2024 оны хооронд “Монгол Нүүрс Ассоциаци”-ийн (МНА) Гүйцэтгэх захирлын албыг хашиж байсныг нүүрстэй холбоотой хүн бүр мэднэ. Магадгүй “MCS” компаниас ХҮН намд хандивласан 1 тэрбум төгрөгийн яриа хөөрөө хийсэн хүн нь Ж.Золжаргал байх магадлалтай. Түүний 4 жил хийсэн МНА-ын ажил зохицуулалтын ажил байсан. Тиймээс тэрээр бас ч үгүй зохицуулалт хийх тал дээр гаршаа биз.
УИХ гишүүн Ж.Золжаргал нам нь засгийн газарт хамтарсан ч намаа бодолгүйгээр Ерөнхий сайдыг унагах бичигт гарын үсэг зурж, ХҮН-ийг нуман тулгуурт оруулах хэмжээний зүрх гаргаж, улстөрчийнхөө карьерийг нам дотроо үгүй хийх хэмжээний хүчтэй хүчин зүйл түүнд байгаа бололтой. Ингээд Ардчилсан намын залуу гишүүд дээр ХҮН-ийн нэг гишүүн нэмэгдсэн. Тэрээр ХҮН засагт орж бялуу хуваахад хоосон хоцорсондоо хорсож огцруулах бичигт гарын үсэг зурж, “Бидон” Ганбаа шиг талбай дээр гүйж гараагүй нь тодорхой.
УИХ гишүүн болсон анхны жилээ бялуу хуваалцах битгий хэл байр сууриа бататгаж, хөлөө олох гэж гүйх нь шинэ гишүүдийн үндсэн замнал байдаг.
Магадгүй УИХ-ын гишүүн Чулуунбилэгийн Лодойсамбуу, Жудагийн Баярмаатай адил Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ хамтарсан засгаа тараах хэмжээний ухаан гаргачихна гэж санаагүйчүүдийн нэг бол яах аргагүй Жаргалсайханы Золжаргал байх. Ямартаа ч УИХ-д 8 суудал авч Шадар сайдаар намын дарга Тогмидын Доржханд, Боловсролын сайдаар УИХ гишүүн Пүрэвсүрэнгийн Наранбаяр томилогдсон. Ийнхүү түүхэндээ анх удаа Засгийн Газарт орж ажилласан түүх ХҮН -ийн хувьд 2032 оныг хүртэл төгсөж магадгүй. 2032 онд ч Ардчилсан намыг бодвол ХҮН -д боломж бага. Боловсролын сайд П.Наранбаярын иргэнтэй өндөг шидэлцсэн, УИХ-ын гишүүн Бадрахын Найдалаатай нанчилдсан гээд ХҮН-ийнхэн ард түмнийг хөгжөөсөн хөгжөөсөн.
Гэхдээ хоёр сайд нь хэрүүл уруул, нанчилдаантай ч намаа засгаас гартал буруу зүйл хийгээгүй. Харин Ж.Золжаргал талбай дээр гүйж гарч “Огцрох Амархан” хөдөлгөөнд нэгдээгүй бол Ардчилсан намыг бодвол засагт үлдэх боломж ХҮН-ийнхэнд хонгилын үзүүрт гэрэл мэт л байх байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд ч тэр засагт урьсан МАН-ынхны хувьд ч намын гишүүдийнхээ “Од” болох гэсэн хүслийг хязгаарлах гэхээсээ холоос чулуу хормойлж ирээд засаг руу шидээд байгаа гишүүдээ базаж чаддаггүй АН, ХҮН-ийн лидерүүд одоо МАН-д хэрэггүй. 2027 он ч ойртож байна. Тэгээд 2028 он гарна. Ирэх жилийг эс тооцвол дараалсан хоёр сонгууль отоод хүлээж байгаа гэдгийг МАН-ынхан сайн мэдэж байгаа. Одоо АН, ХҮН ачааны нэмэр болсон.
МАН бол хайрцаглаж асуудлаа нам дотроо яриад шийдэж чаддагаараа бусад намаасаа эрс ялгардаг. Өмнө нь Хууль зүй, дотоодын хэргийн сайдаар ажиллаж байсан Баттөмөрийн Энхбаяраас бусад нь Ерөнхий сайдын эсрэг бүүр тодруулбал намынхаа даргын эсрэг ганц муу үг чулуудсангүй. 2024 оны Есдүгээр сараас хойш Б.Энхбаяр гишүүн гомдоод яваа нь хэвлэлийнхэнд тун тодорхой байсан. Магадгүй ХҮН, АН-ыг засгаас хөөснөөр Б.Энхбаяр мэтийн гомдсон гишүүдийн гомдол тайлагдах биз ээ.
Ерөнхийдөө бол Боловсролын Яаманд ХҮН намаас орсон гишүүд ирэх наадмаас өмнө ажилгүй болбол гол буруутан нь нам дотроо яах аргагүй Ж.Золжаргал болж товойх нь тодорхой боллоо.
Маргааш 15:00 цагт ХҮН намын гишүүдийн амь зуулгыг МАН хэлэлцэхээр боллоо.










